“Сант марал” сангийн хийдэг “Улс төрийн барометр” судалгааны дүн өнгөрсөн долоо хоногт хэвлэгдлээ. 1995 оноос хойш тогтмол хийж байгаа энэ судалгааг улс төр, эдийн засгийн хүрээнийхэн хүлээж байдаг. Нэг биш удаагийн сонгуулийн дүн “Сант марал”-ын судалгаатай ойролцоо гарч байсныг хүмүүс санаж байгаа байх. Нэн ялангуяа ажиглагчид энэ судалгааны улс төрийн намууд болон улстөрчдийн чансааг ихээр сонирхдог. Харин энэ удаад энэ үзүүлэлт байхгүй байгаа нь шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуультай холбоотой. Шинэ хуулийн 35.15.4 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах”-ыг хориглосонтой холбоотой.
Судалгаанд нийслэл Улаанбаатар хот болон Ховд, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь аймгийн 1500 иргэнийг хамруулан 2016 оны гуравдугаар сарын 11-нээс 31-ний хооронд явуулжээ.Судалгаанд оролцогчид Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт ажилгүйдлийг нэрлэсэн байна. 36.3 хувь нь ажилгүйдэл хамгийн тулгамдсан асуудал гэжээ. Харин дараа амьжиргаа /15.1/, эдийн засаг /9.0/, үнийн өсөлт /8.0/, боловсрол /5.8/, хууль хэрэгжилт /5.7/, авлига /4.4/, нийгмийн шударга ёс /3.6/, төрийн удирдлага /3.0/, уул уурхайн салбар /2.8/ хэмээн хариулжээ. Өнгөрсөн жилийн судалгаагаар ч ажилгүйдэл бол хамгийн тулгамдсан асуудал гэж 32.2 хувь нь хариулж байсантай харьцуулахад энэ жил хувь нь дөрөв орчим пунктээр өссөн нь ажил эрхлэлт, орлоготой байх нь иргэдийг хамгийн их зовоосон асуудал хэвээр байгааг харуулж байна.
Харин энэ тулгамдаж байгаа асуудлыг аль нам нь сайн шийдэж чадах бол гэсэн асуултад хөдөөгийн оролцогчдын 17.9, хотын оролцогчдын 10.3 хувь нь Монгол Ардын нам шийдэж чадна гэсэн бол Ардчилсан намыг эдгээр асуудлыг шийдэх чадвартай гэж хөдөөгийнхний 11.2, хотынхны 10.9 хувь үзсэн байна. Сонирхолтой нь улс төрийн намуудын аль нь ч эдгээр асуудлыг шийдэж чадахгүй гэж 35.1 хувь /хөдөөд 31.9, нийслэлд 39.4 хувь/ нь хариулсан нь улс төрийн намуудад итгэх итгэл маш сул байгааг харуулж байна. Гэхдээ гол хоёр намын тулгарсан асуудлыг шийдэх чадварыг үнэлэх асуултад аль алийг нь ойролцоо үнэлжээ. 35.8 хувь нь Монгол Ардын нам асуудлыг шийдэж чадна гэсэн бол 36.1 нь Ардчилсан намыг асуудлыг шийдэж чадаж байна гэсэн байна.
Монгол улсын сонгон замнаж байгаа улс төрийн тогтолцооны хувьд сүүлийн хоёр жилийн дүнд хол зөрөө гараагүй байна. “Таны бодлоор Монгол ямар засаглал илүү тохирох вэ” гэсэн асуултад 22.5 хувь нь “Одоогийн байгаа нөлөө бүхий ерөнхийлөгчтэй парламентын хосолсон засаглал” , 16.9 хувь нь “Улс төрийн намууд нь нөлөө бүхий Их Хурлын парламентын засаглал”, 50.0 хувь нь “Улс төрийн намуудын нөлөөллийг хязгаарласан Ерөнхийлөгчийн засаглал” гэж хариулжээ. Өнгөрсөн жилийн хувьд эдгээр үзүүлэлт 22.1, 18.0, 50.8 хувь байжээ.
Эдийн засгийн асуултуудад оролцогчид эерэг сайн хариулт өгсөнгүй. 47.1 хувь нь өнөөгийн эдийн засгийн байдлыг муу, 41.1 хувь нь эдийн засаг зогсонги гэж дүгнэсэн байна. Хэдийгээр ийм дүгнэлт өгсөн ч “Ойрын ирээдүйгээ ямраар харж байна вэ” гэсэн асуултад 88.8 хувь өөдрөгөөр харж байгаа гэжээ.
Д.НАРАНТУЯА
toimmedee.mn