2021 оны 09 сарын 23
Б.МӨНХБААТАР: Барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд хүргэе

Улс орны хөгжил, бүтээн байгуулалтын өнгө төрх болсон барилгын салбарт ажиллаж буй нийт барилгачид, инженерүүд, үе үеийн ахмадууд, бүтээн байгуулагч Та бүхэнд Монголын шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Шинэ Засгийн газар байгуулагдаж салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах,  шинэ суурьшлын бүс, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж барилгын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, иргэдийг орон сууцаар хангах зэрэг бодлогын томоохон зорилтот асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ барилгын ажил, үйлчилгээтэй холбоотой хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор цахимжуулах, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллалаа.  

“COVID-19” цар тахлын улмаас дэлхий нийтэд 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн. Цар тахалыг эрсдэл багатай даван туулах нь Засгийн газрын өмнө тулгамдаад буй нэг гол асуудал болоод байгаа бөгөөд цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом сэргэх хандлага байгаа тул сэргэлтийг зөв ашиглаж, үр шимийг хүртэхийн тулд баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нь хамгийн чухал байна.

Хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Шинэ Зуунмод, Майдар хотуудыг шинээр төлөвлөн байгуулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, “Залуус I, II, III” хорооллын  бүтээн байгуулалт, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг болгож нэмэхээр тусгаад байгаа юм. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 130 мянган ажлын байр алдахаас сэргийлж, 225 мянган ажлын байрыг хадгалж чадлаа. 

1931 онд өмнө байгаагүй том бүтээн байгуулалт Аж үйлдвэрийн комбинатыг барьж эхэлсэн бол одоо “Оюу толгой”, “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”, Мянганы сорилтын корпорацийн “Ус гүн цэвэршүүлэх байгууламж”,  “Мөсөн өргөө” г.м олон төсөлд маш олон монгол барилгачид бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Энэ онд Монгол Улс дотооддоо анхны барилгын 23 инженер бэлтгэсний 60 жил, Барилгын байцаан шалгах анги байгуулсаны 65 жил, манай салбарыг 25 жил тасралтгүй удирдсан Дамдинжавын Майдар агсаны мэндэлсэний 105 жил, Барилгын инженерийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна.  

Цаашид бидний өмнө дотооддоо барилгын материал үйлдвэрлэх, барилгыг үйлдвэржүүлэх замаар улирлын хамаарлаас гаргах,  мэргэжилтэй ажилчдыг тогтвортой ажлын байраар хангах зэрэг  томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал  тулгарч байна.

Иймд барилгын салбарынхан та бүхнийг Засгийн газрын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх, салбараа хөгжүүлэхэд нягт хамтран ажиллаж, ард иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай нөхцлийг бүрдүүлэх нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрч, барилгын салбар амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

    ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,  
     БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД  Б.МӨНХБААТАР

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.