2020 оны 12 сарын 05
60 хүүхэдтэй ангид ямар ч сайн хөтөлбөр хэрэгжих боломжгүй

Нээлттэй буюу бүгдэд адилхан боломж олгосон ч тодорхой бүлэг нийгмээс доош “унжиж” байдаг. Үүнийг ямагт сайжруулж явах ёстой бөгөөд нийгэм дэх хамгийн бага давуу тал бүхий гишүүдэд ээлтэй байх бодлого хэрэгжүүлэх нь зүй ёсны зарчим аж. Гэтэл төрийн бодлогоор улсын сургуулийн 10 орчим хувьд олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь нийгэмд үүсээд буй тэгш бус байдлыг гааруулна гэдгийг багш, боловсролын салбарын мэргэжилтэн, судлаачид илэрхийлсээр байна. Харин Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Цэдэвсүрэн "Олон улсын хөтөлбөртэй сургуулиудын тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ" гэж мэдээлсэн билээ.

ЭХЛЭЭД ХОТЫН ТӨВИЙН БОЛОН ЗАХЫН СУРГУУЛИЙН ЯЛГААГ АРИЛГАЯ

МУБИС-ийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр "Төрийн мөнгийг хүүхдүүдэд адил бусаар хуваарилахын эсрэг байна. Шударга ёсны талаасаа зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд (ХБХ)-д зориулах зардал л өндөр байж болно. Сургуулийн гадна буй хүүхдээ бид хамруулах гэж тоолж, бүртгэж ч чадахгүй сууна. Сургуульд явж буй ч хичээлийн хэрэгсэлгүй, формгүйгээсээ ичдэг, ялгаварлагддаг, хичээлийн үеэр өлсдөгөөс амжилттай сурч чадахгүй олон хүүхэд бий.

Боловсролын үр дүн урт хугацаанд гардагт хамаг учир бий. Наад тал нь 10 жилийн дараа үр дүн нь гарна. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай ажиллах улс төрчдийн хэн нь ч үүнийг хүсэхгүй.

Багшийн цалин бага, тэднийг чадваржуулахад хангалттай мөнгө зарцуулж чадахгүй, анги дүүргэлт өндөртэй ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласныхаа төлөө нэмэлт хөлс авч чадахгүй байна. Хичээлийн бэлтгэл, дэвтэр зассан зэрэг ажлууд нь үнэ хөлсгүй. Гэтэл ийм их зардлыг төр даахгүй байж Кембрижийн сургууль байгуулж санхүүжүүлэх шаардлага үнэндээ алга. Эхлээд бүрэн хамруулъя, шаардлагатай зардлыг нь ам хаасан биш, бүтэн олгоё. Ядаж хотын төвийн болон захын сургуулийн ялгаагаа арилгая. Үүнд зарцуулах зардлыг гаргах хэрэгтэй. Асуудлын дараалал гэж нэг юм бий шүү" гэжээ.

Бага боловсролын чиглэлээр хийсэн судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, үндэстний цөөнх, эмзэг бүлгийн, малчдын, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд зэрэг таван бүлгийн хүүхдүүд боловсролоос гадуур үлдэх, анхаарлын гадна орхигдох магадлалтай гэж үзжээ.

“Боловсролын тэгш бус байдлыг тольдох нь” хэлэлцүүлэг болсон билээ.

Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны захирал С.Сэлэнгэ “Засгийн газар бүр илт дэмжсэн арга гэж бодлого хэрэгжүүлдэг. Улсын сургуулийн шилдгүүдийг сорчилж аван, тусгайлсан хөтөлбөрөөр, давуу санхүүжилтээр сургана гэх юм. Энэ нь нийгмийн илтэд дэмжих хэсэг мөн үү? Бүр төсвийн мөнгөөр элитист бодлого хэрэгжүүлж буйг ойлгохгүй байна. Нийгмээс тусгаарлагдсан, боловсролоос орхигдож байгаа хэсгээ бүр ёроолд нь орхиж, хөвж байгаа хэсгийг түүж авах нь ээ. Үүнийг төрөөс нийтийн боловсрол олгож байна гэж хэлэх боломжгүй. Тэгш байдлыг хангасан нийгэмд зарим хэсгийг нь сорчилж аваад сургах тухай ярьж болно.

Боловсролоос орхигдож байгаа бүлгүүдийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд юм. Манай улсад 11600 тусгай хэрэгцээт хүүхдүүд байгаагийн тал нь сургуульд огт хамрагдахгүй байна. Сургуульд бүртгэлтэй хэсэг нь ч чанартай боловсрол эзэмшиж байна гэж хэлэхэд хэцүү. Бичиг үсэг тайлагдаагүй өчнөөн хүүхэд бий. Хэсэг хүүхдүүдэд сайн боловсрол олгох гэж буйд эгдүүцээд байгаа юм огт биш. Бусдын хийх гэж буй сайн санаачилгыг нураах гээд байгаадаа бус ЯМАР НӨХЦӨЛД төрөөс ийм бодлого барих вэ гэдэг нь чухал. Орхигдсон хэсгээ дээшлүүлж, тэнцүүлээд аваад явах юм уу тэгш бус байдлыг бүр гааруулж, бүр ЗААГЛАХ УУ?

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн бодлого барихад бусад олон асуудал шийдэгддэг.

Гэтэл эмзэг бүлгийн төлөөллийн нүдээр харахад арай илүү анхаарал халамж шаардах хэсгээ тэр чиг нь ОРХИЁ гэсэн бодлого хэрэгжүүлж байх шиг. Төр нэг хэсгийн биш нийтийн боловсролыг сайжруулах бодлого явуулах ёстой. Тэр дундаа орхигдоод байгаа хэсгийн боловсролд илүү хөрөнгө зарцуулах ёстой баймаар. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын хувьсах зардал гурав дахин илүү байдаг. Энэ илт дэмжсэн арга хэмжээний нэг хэлбэр ч манай улсад 11600 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 2000 гаруй нь тусгай сургуульд сурдаг. Боловсролын салбарт асар олон асуудал байхад юун Олон улсын хөтөлбөр ярих вэ?

Аль нь нийгэмд хоолойд тулсан асуудал болж буйг эрэмбэлэх хэрэгтэй. Кембрижийг хэрэгжүүлээд энэ олон асуудлыг шийднэ гэвэл ХЭТ харалган байна. Хотын захын хорооллын хүүхэд ч сурах боломжтой гэх юм. Тухайлбал, бодит байдал дээр улсын сургуульд чанар муухан сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шилдгүүдтэй өрсөлдөж орно гэдэг боломжгүй.  Наанаа бүгдэд нээлттэй, хэн ч сурах боломжтой мэт байвч нидэр дээрээ эдийн засгийн болоод асар олон шалгууртай байдаг тул олонход хүртээлгүй эд болж хувирч буйг одоо байгаа сургуулиудаас харж болно. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн бодлого барихад бусад олон асуудал шийдэгддэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нийгэм хүн бүрд ЭЭЛТЭЙ" гэсэн юм.

Сургуулийн тоог нэмэхгүйгээр хэчнээн сайн багшаар хичээл заалгаад ч нэг ангид 50-60 хүүхэдтэй тохиолдолд хүртээмжгүй 

Түүнчлэн Кембрижийн хөтөлбөр эдийн засгийн талаасаа олон сургуульд хэрэгжих боломжгүй. Тэгвэл шийдлийг санал болгоход түлхүү анхаарах ёстойг багш нар хэлж байв. Тухайлбал дараах саналуудыг дэвшүүлж буй юм.

-Монгол Улс нэн тэргүүнд ЕБС-уудын тоог нэмэх буюу 200 орчим сургуулийн байр барих шаардлага бий. Гэтэл төсөв байхгүй гэдэг. Тэгвэл “Ирээдүйн өв сан” буюу ирээдүйд зориулж хадгалж буй төсвөөсөө өнөөдөр хүүхдийн боловсролд хөрөнгө оруулаач. Эцэг эхчүүд  “Ирээдүйд чинь зориулж мөнгө хадгалж байна” гээд хүүхдийнхээ өнөөдрийн хэрэгцээг нь хойш тавьдаггүй шүү дээ. Одоогийн боловсролд хөрөнгө зарж байж, ирээдүйд тэд баялаг бүтээнэ. Сургуулийн тоог нэмэхгүйгээр хэчнээн сайн багшаар хичээл заалгаад ч нэг ангид 50-60 хүүхэдтэй тохиолдолд хичээл хүртээмжгүй хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл тэнд ямар ч сайн хөтөлбөрийн стандарт байгаад ч боломжгүйг багш нар хэлж байв.

-Монголд төрийн үйл хэрэг дөрвөн жилийн мөчлөгөөр явагдаж байна. Нийтээр нь боловсролын чанарыг сайжруулъя гэхээр асар их мөнгө шаардлагатай. Урт хугацаанд боловсролын чанарыг яаж сайжруулах вэ гэдгийг бодлогоор тодорхойлж чадахгүй байна. Боловсролын үр дүн урт хугацаанд гардагт хамаг учир бий. Наад тал нь 10 жилийн дараа үр дүн нь гарна. Тэгэхээр дөрвөн жилийн хугацаатай ажиллах улс төрчдийн хэн нь ч үүнийг хүсэхгүй. Богино хугацаанд шийдэх арга замыг хайдаг.

Тухайлбал, /Ё.Отгонбаяр, Су.Батболд/ Кембрижийн хөтөлбөртэй 30 сургууль улсын хэмжээнд байгуулна гэж гэж зорьсон.  Сургалт явуулах хэл нь англи хэл. Физик химийг ч англи хэл дээр заана. Аймгийн төв болгонд нэг, дүүргүүдэд хоёр элит сургууль байгуулна гэх бодлого гаргаж ирсэн. Гол агуулга нь Кембрижийн хөтөлбөртэй сургуульд хүүхэд сайн боловсрол эзэмшин, гадагшаа сургуульд сурна. Буцаж ирээд улс орноо хөгжүүлнэ. Бусад 700-800 ЕБС, МСҮТ-д сурч буй хүүхдүүд ажилчин анги болно.

Боловсролын зорилго бол нийгмийн бүх гишүүнийг тэгш гараанаас эхлүүлэх. Гараа нь дээр доор байвал зам нь ч тийм байна.

Дотоодын их дээд сургуульд сурсан нь багш, эмч болно. Өнөөх элит хүүхдүүд улс орныг авч явна. Төрийн толгойд сууна. Яамдыг удирдана, бодлогыг тодорхойлно. Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сурсан элит хүүхдүүд гадагшаа сурч ирээд өндөр цалин авах нь ойлгомжтой, орлоготой байх нь тодорхой. Үлдсэн хүүхдүүдийг яаж амьдрах, хаана ажиллах, бүх зүйл тодорхой бус, эмхэл донсол зам, барьцгүй ирээдүй хүлээж байна. Энэ нь боловсролын тогтолцоог хоёр давхаргатай болгох ноцтой уршигтай учир иргэний нийгэм эсэргүүцсэн, түүнчлэн төсөв хүрэлцээгүйн улмаас гурван сургууль байгуулагдаад тус хөтөлбөр зогссон. Энэ бодлого туршилт хийгээд л дууссан. Засаг солигдонгуут бодлого дуусдаг гэдгийг иргэд ч шүүмжилж буй.

Боловсролыг яагаад төрөөс санхүүжүүлдэг вэ? Боловсролын зорилго бол нийгмийн бүх гишүүнийг тэгш гараанаас эхлүүлэх юм. Гараа нь дээр доор байвал зам нь ямар байх нь ойлгомжтой. Хэчнээн хичээгээд ч дунд нь хэн нэгэн өөрчлөлт гаргах маш хүнд байх болно. Бараг боломжгүй. Малчны хүүхэд малчин, ажилчны хүүхэд ажилчин, даргын хүүхэд дарга л болдог энэ системийг бодлогоор бэхжүүлсээр байх уу? Ингэвэл яваандаа бараг кастын систем болно. Баячуудын хүүхэд хоорондоо сууна, Зайсанд тусдаа амьдарна. Хот дотор хот, улс дотор улс үүснэ гэдгийг судлаачид онцолж байв.

Англи улс өөрийн колони оронд суралцаж төгссөн хүүхдүүдийн сургалтын стандартыг шалгаж тогтоох уламжлалаас үүдэлтэй бодлогыг Монгол улс хуулна гэдэг нь бодлогын хувьд сайн дураараа колоничлогдож байгаатай адил 

Олон улсын шинжээчдийн хэлсэн анхаарал татах зарим ДҮГНЭЛТ:

  • "Сүүлийн 30 жилд улс төрчид боловсролыг шинэчлэхдээ бодлого гаднаас хуулах, зээлдэх арга хэрэглэж ирсэн нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлсөн болохыг удаа дараа анхааруулдаг. Монгол улс боловсролын салбараа өөрчлөхдөө бусад улсуудын нэгэн адилаар өөр бусад улсын “бодлогыг дуурайсан” (policy borrowing) бөгөөд үүний үр дүнд тэр нь нийгэмд нутагшихгүй зарим тохиолдолд боловсролын тэгш байдал болон чанарт сөргөөр нөлөөлсөн байна. (Steiner-Khamsi and Stolpe, 2006)
  • “Боловсролын бодлого дамжуулдаг судлаачдын ажигласнаар сүүлийн жилүүдэд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх шахалтыг дотооддоо үүсгэх зорилгоор улс төрч, бодлого боловсруулагчид даяаршлыг иш татаж, боловсрол дахь “олон улсын стандарт” гэх мэт өргөн хүрээтэй нэр томьёог ашиглах болжээ. Сурагчдын сурлагын амжилтыг хэмжих олон улсын судалгаануудын тоо нэмэгдэж байгаа явдал нь олон улсын төвшний шалгуур үзүүлэлтүүдэд хэт автаж байгаагийн тусгал, олон улсын хэмжээнд харьцуулалт хийх улс төрийн сонирхлын илрэл юм. Аль ч боловсролын тогтолцоо бусдаас хоцрохыг хүсэхгүй нь мэдээж. Эдгээр олон улсын стандартад юу багтаж байгаа нь харин тодорхойгүй” гэж бичсэнийг санууштай.
  • Кембрижийн хос хэлний хөтөлбөр Монголд хэрэгжих боломжгүй гэдгийг Азийн хөгжлийн банкнаас хийсэн түргэвчилсэн үнэлгээгээр судлан тогтоосон бөгөөд байгуулсан гэрээ хүчингүй болсон аж.
  • 2011 оны 7 дугаар сард Кембрижийн стандартын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тогтоох ажлын үнэлгээнд оролцсон П.Муук “хос хэлний сургууль бүрэн үйл ажиллагаанд ороход нэг суралцагчид ногдох зардал нь ерөнхий боловсролын нэг суралцагчид ногдох зардлаас 2.6 дахин өндөр байх төлөвтэй” гэж тооцоолсон бөгөөд багш-суралцагчийн харьцаа өндөр, ажилтнуудын цалин өндөр, цалингийн бус зардал өндөр, тоног төхөөрөмж болон сургалтын материалд хангалттай төсөв олгох зэргээс шалтгаална. Иймээс нэг суралцагчид ногдох зардлын дундаж нормативт суурилсан төсвийн санхүүжилтийн аргачлалын дагуу олгох төсөв нь дээрх өндөр зардлыг санхүүжүүлэхэд хангалттай хүрэхгүй тул Засгийн газраас нэмэлт санхүүжилт өгөх шаардлага гарч байна. Энэ нь эрх тэгш, шударга эсэх тухай асуудлыг сөхөхөд хүргэж байна.
  • Хүүхдүүдийн дийлэнх нь суралцаж буй улсын сургуулиудын санхүүжилт, чанарыг эрс сайжруулах яаралтай хэрэгцээ тулгамдсан хэвээр, мөн нийгмийн хөрөнгөтэй хэсэг нь хувийн сургууль байгуулж, үйлчлүүлэх боломж нээлттэй байсаар байтал, ЕБС-иудын санхүүгийн архаг дутагдлыг даамжруулан байж, цөөн тооны элит хэсгийн хүүхдүүдэд үйлчлэх асар өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг улсын төсвөөс, нийт татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх санал дэвшүүлж буй нь ардчилсан төрийн нийт иргэдийн эрх ашигт тэгш үйлчлэх зарчмыг илэрхий зөрчиж, алдагдсан боломжийн өртөг өндөр болно. Өндөр төлбөртэй хувийн сургуулиуд хүн амын хөрөнгөлөг хэсэгт, Кембрижийн хос хэлний сургуулиуд дундаас дээш анги буюу төрийн өндөр алба хашигчдын хүүхдэд, улсын сургуулиуд хүн амын бусад хэсэгт үйлчилдэг систем тогтох нь нийгмийн эв эе, сайн сайханд халгаатай байна гэж үзэж байна.
  • Боловсролын нэрт судлаач Гита Штейнер-Хамси “дотоодынхоо нөөц бололцоонд түшиглэн өөрийн орны соёл, монголчуудын, монгол хүүхдийн онцлог, амьдралын нөхцөл байдал зэрэг бүх асуудалтай нарийн уялдуулах учиртай. Агуулга, хөтөлбөрийг зээлж болохгүй.” Хатуухан хэлэхэд Англи улс өөрийн колони оронд суралцаж төгссөн хүүхдүүдийн сургалтын стандартыг шалгаж тогтоодог уламжлалаас үүдэлтэй бодлогыг Монгол улс хуулна гэдэг нь бодлогын хувьд сайн дураараа колоничлогдож байгаатай адил гэжээ. ("Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэл, "Байр суурийн баримт" бичгээс)

Шийдвэр болгоны цаана үр дүн бий. Үүнийг бид хүссэн хүсээгүй хүртэж амьдарна. Тиймээс надад, танд хүртээлгүй бодлого, (тогтолцоо) гэж үгүй байх. Ялангуяа боловсролын бодлогод иргэний хяналт, оролцоо маш чухал юм.

"Боловсрол бол:
Монгол Улсын тэргүүлэх салбар. Ийм ч учраас төрийн ивээл, дэмжлэг, зохицуулалтад төр, олон нийтийн хяналтад байх ёстой". ("Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” УИХ-ын 1995 оны тогтоол, www.legalinfo.mn)

Эх сурвалж: Gogo.mn

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.