Малын хөлийн татвар: Авах уу, орхих уу

-Улстөрчдийг ус балгасан юм шиг дуугүй болгодог ганц сэдэв-

Монголд реформ хийчихмээр олон салбар бий. За тэр, улстөр энэ тэр гэж том ярихаа больё. Ядахад эдийн засгийн салбартаа ганц нэг реформын салхи сэвэлзүүлмээр байгаа юм.  Татварын реформ гэсэн үг хааяа дуулддаг, яригддаг. Ялангуяа татварын бааз суурийг нэмэгдүүлэх нь улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодит алхам  болдог. Уламжлалт зах зээлийн орнууудад “Татвар төлөх нь үнэн. Үхэх нь үнэн” гэсэн яриа хүртэл байдаг гэх.  Хэрэв энэ утгаар нь авч үзвэл Монголд татвар төлдөггүй дархан эрхтэй данагар  нөхдүүд бий. Тэд бол малчид, наймаачид.  Гэсэн хэрнээ татвараар  тэтгэгддэг боловсрол, цагдаа, эрүүл мэнд гээд нийгмийн үйлчилгээг бусдын адил хүртээд явж байдаг. Хөдөөгийн мянгат малчид. Одоо мянган малгүй өрхийг олоход хэцүү болсон байж мэднэ.  Тэдний амьдралын жишиг , олдог орлогыг тооцвол хотын дундаж давхаргынхнаас давна уу гэхээс дутахааргүй.  Эдийн засагч Ч.Хашчулуу саяхан хэвлэлд өгсөн ярилцллагадаа “...бүх малчдыг дотор нь орлогоор нь ангилаад  дунджаас  дээгүүр орлоготой малчдаас татвар авах ёстой. Ядаж мянгат малчид, морь уяачдаас татвар авах хэрэгтэй шүү дээ. Яагаад гэвэл Үндсэн хуулиар бэлчээр төрийн өмч гээд заачихсан. Төрийн өмчийг ашиглаад  малчид орлого олж байна гэсэн үг л дээ.” гэсэн байна билээ.  Түүнээс гадна мал эрүүжүүлэх бодлогын хүрээнд  төрөөс чамгүй хөрөнгө мөнгө энэ салбарт зарцуулдаг. Харин мал малчин хоёроос улсын төсөвт орж ирдэг нь юу билээ гэдгийг эргэж хармаар санагдана.Тэгэхээр ямартай ч малчдыг татварын гадна тарвалзуулаад байхгүй гэсэн санаа оноо бол нийгэмд хүчтэй дуулддаг нь үнэн. Үүнийг улстөрчид анзаарч мэдэлгүй өдийг хүрсэн үү гэвэл үгүй. Гагцхүү энд улстөрийн ашиг сонирхол  давамгайлж, толгойг нь илэх хэрэг гардаг нь бодит байдал. Монгол улс өнөөдөр 70 сая шахам толгой малтай, бэлчээрийн даац хэтэрсэн, нийт нутгийн 80 шахам хувьд цөлжилт нүүрлээд байна. Харамсалтай нь байдал ийм байгаа хэрнээ өдий болтол бэлчээрийн тухай ганц хууль батлаад гаргачихаж чадахгүй, хожим ирэх сонгуулийн оноо  хожоогоо тооцсоор иржээ. Үүнийг батлах бэлэн жишээ бий. Анх малын хөлийн татварыг 1988 онд бий болгосон ч ганцхан жил хэрэглээд хүчингүй болгож байв.  Мөн  2009 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиас малчин өрхөд хамаарах заалтыг авч хаян, малын хөлийн татварыг үгүй болгосон явдал юм. Малчин сонгогчид ийнхүү аль ч төрийн үед үнэд орсоор ирсэн, үүнийхээ буянд төрөөр толгойгоо илүүлж, эгээтэй л “эрхийн тэнэг” болчихоогүй байна. Хөдөөд  хэсэгтээ л малын тоо толгойгоороо уралдсан хэвээр  байх болно. Ийм байхад мал аж ахуйг тооноос чанарт шилжүүлнэ гэж ярих нь бараг мянгуужин. Ойрын хэдэн жилдээ лав хэрэгжихгүй. Гэхдээ үүнийг хязгаарлах бэлэн механизм бий. Тэр бол малын хөлийн татвар юм. Малын  хөлийн татвар гэж нэрлэж заншсан хэдий ч үүнийг  агуулгаараа бэлчээр ашигласны төлбөр гэдгийг эдийн засагчид хэлдэг. Монгол улсын Үндсэн хуульд “бэлчээр төрийн өмч” гэсэн заалт бий.  Тиймээс   төр өмчөө /бэлчээр/ ашиглуулсныхаа хариуд  тодорхой төлбөр авах нь зах зээлийн эдийн засгийн зарчимд бүрэн нийцнэ. Малын хөлийн татвар  бол урьд хожид байсан эдийн засгийн механизм.  Үүгээр малын тоо толгойн өсөлтийг хязгаарлах төдий бус экологийн доройтлыг сэргээх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх гэхчлэн олон талын ач холбогдолтой. Хэдийгээр харагдах хэлбэр  нь малчдаас татвар авах тухай яригдаж байгаа ч цаад агуулгаараа малчдын орлогыг нэмэгдүүлэх нэг боломж энэ юм. Архангай аймгийн малчин эр  өнгөрсөн зун 30 шахам хонио ачиж ирээд борлуулахад  нэг сая төгрөг хүрсэнгүй хэмээн гомдоллож байхтай таарсан. Улаанбаатарын эргэн  тойрон бие биеэсээ өрсөж хямдхан борлуулах гэсэн малнаас  их юмгүй байхад яаж үнэд хүрэх билээ. Ерөнхий сайд  асан Ж.Эрдэнэбат 2015 онд Сангийн сайд байхдаа Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд малын хөлийн татвартай болох заалт оруулж ирснийг мөнөөх л улстөрийн өнцгөөр харж унагасаныг санаж байгаа байх.  Энэ хуулийн төсөлд малын хөлийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болгож, тэр мөнгөө юунд зарцуулахаа малчид өөрсдөө шийддэг байхаар тусгасан  байсан юмдаг. Тухайлбал, бэлчээрээ хамгаалах, малаа эрүүжүүлэх, худаг ус гаргах гэхчлэнгээр.  Уг нь энэ их зөв санаа байсан юм. Хэрэв энэ хууль батлагдаад хэрэгжээд явсан бол өдийд шүлхий яриад сууж байхгүй байсан байж ч мэднэ. Нөгөөтэйгүүр мал сүргээ эрүүжүүлэх гэж төсвөө дундлаад суухгүй байлаа. Судалгааны байгууллагуудын зүгээс малын хөлийн татварыг тухайн оны эцсийн тооллого дээр түшиглэн хонин толгойд шийлжүүлж тооцох нь зүйтэй гэдэг дээр санал нэгддэг. Ингэж тооцсоноор улсын дүнгээр 100 сая орчим хонин толгой, /нэг сум дунджаар 300 мянга орчим/ хонин толгой малтай байгаа учир улсын хэмжээнд  энэ татвараар 83.5 тэрбум төгрөг бүрдүүлэх тооцоо байх юм билээ. Энэ мөнгөөрөө эргээд бэлчээрийнхээ даацыг сэргээх дэд бүтцээ сайжруулах, малаа эрүүжүүлэхэд ашиглавал улсын ачаалал  тэр хэмжээгээр хөнгөрч, малчдын ашиг орлого ч нэмэгдэх боломж бий. Энэ бол болж бүтэхгүй ажил биш, гагцхүү хүсэл зорилгоос л шалтгаалах асуудал. Малчдаа татвараас чөлөөлж байна гээд буянтны дүр бүтээх нь  эргээд эдийн засаг, экологийн доройтолд хөтлөх олон утасны нэг учиг мөн.

П.Булган

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.