Нэр дэвшигчид өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг ногдоно

 СЕХ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргажээ. Энэ үеэр гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Даваасүрэнгийн мэдээллийг сонсчээ. Хуульд заасан хугацаанд гадаадад байгаа 7378 иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг Төв комисс болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлээд байгаа бөгөөд жагсаалтыг нягтлан шалгаж байна. Мөн хуралдаанаар МҮОНРТ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталжээ. Нэвтрүүлгийн хуваарь гаргахдаа, нам, нэр дэвшигчдэд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдуулахаар тооцжээ. МҮОНРТ нэр дэвшигч тус бүрт өдөрт 15 минутын нэвтрүүлэг, хоёр минутын мэдээний цаг ногдохоор хуваарь гаргасан байна. Түүнчлэн сонгуулийн саналын хуудасны загвар, нэгдсэн дугаар, тоог баталлаа. Саналын хуудас нь нэр дэвшигчийн цээж зурагтай байх бөгөөд УИХ-д хамгийн олон суудалтай намын нэр дэвшигчээс эхэлж дараалуулан бичих аж. Харин саналын хуудасны тоог батлахдаа, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн тоог үндэслэн гаргах юм байна.

 

М.Энх

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.