Ц.Хулан: Мэргэжлийн бус “мэхлэлтийн” засгийн газар болсонд харамсаж байна

-Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг, индүүгээ залгасан ч Энхболдын тухай яриад байгаагийн цаад учрыг ойлгож, гадарлаж байгаа биз ээ-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өчигдөр Багануур дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн хэлсэн үгнээс онцлов.

Миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээн эх орноо бахдан дуулсан Нацагдоржийн нутгийнхан, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг элч гэрлээр тасралтгүй хангадаг уурхайчдын хот Багануурт ирсэндээ баяртай байна. Нэр дэвшигчийг маань 21 аймаг, дагуул хотууд маань маш халуун дотноор хүлээж авсан. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр гэдэг ирээдүйд хийх амлалт байдаг. Харин тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдрал, замнал, үүх түүх нь хэн болохыг нь, юу хийж бүтээснийг нь гэрчилж байдаг. Баттулга гэх энэ хүнийг хэн болохыг, юу хийж бүтээснийг, цаашид юу хийж бүтээхийг хүсч, бодож явдагийн Монголын ард түмэн андахгүй. Нэгэнт нэр дэвшигчийг та бүхэн сайн таних учраас миний бие дахин танилцуулж цаг үрээд яахав. Үүний оронд хэн хүнд хэрэгтэй байна үнэн үгсийг энэ индрээс хэлье гэж бодлоо. Хорвоо яруу сайхан үгсээр дутдаггүй хэр нь үнэн үгээр монголчууд маань ангаж байгаа.

Хэдэн үеэрээ бичиг, соёлын хүмүүс болохоор нам, улс төрийг нэг их сонирхоод байдаггүй. Гэхдээ үе үеийн улстөрчид маань биднийг гэнэтхэн маш ихээр санадаг юм шиг байгаа юм. Энэ хэд маань биш л дээ. Манай нэр дэвшигч хийгээд түүнтэй хамт яваа багийнхан гайгүй улстөрчид нь. Нөгөө намынхан ноднин жил намайг учиргүй их санаж хайрлаад, сонгуульдаа хамтарч ажиллаач гээд штабтаа урьсан юм.  Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэхээр нь “овоо доо энэ хэд минь, зөв засаг байгуулах гэж байна” гэж бодож явлаа. Гэтэл өнөөдөр зэсийн үйлдвэрлэлийн ерөнхий нягтлангаар малын эмч хүн ажиллаж байна. Дундговь аймгийн 43 байгууллагын 41-д сая халаа сэлгээ хийгдэж үүний дунд онгоцны буудлыг арьс, ширний ченж залуу удирдахаар МАН-ын батлахаа улалзуулсаар очсон байна. Багануур хот ч гэсэн ялгаагүй биз ээ. Угтаа мэргэжлийн Засгийн газар гэхтэй зэрэг тухайн салбараа мэддэг, ажлаа хийж чаддаг, мэргэжлийн хүн байх болов уу гэж ойлгосон болохоор элдэв ажлынх нь үг үсгийг зохиолцоод явтал мэргэжлийн Засгийн газар биш мэхлэлтийн Засгийн газар болсонд нь үнэхээр харамсаж байна. Та бүхнийгээ тэр хүмүүстэй нийлж хуурсандаа уучлал гуйж байгаа юм шүү.

Мэхлэлтийн Засгийн газрынхан маань ард олноо улаан, цэнхэрээр нь хувааж, хоморголон халсан, хоморголон ялласан. Одоо бүр эрх мэдлийн төлөө улайрсандаа хоморголон алахад ч бэлэн байгаа тийм л цаг үе иржээ. Төрд үүрлэсэн хувалз, бясаа шиг, төр, түмний мөнгөөр хөлжсөн баячуудын дундаас Ерөнхийлөгч төрөх вий гэхээс ой гутаж байна. Та бүхэн мэдэж байгаа. Үнэхээр эх орон, ард түмэн, газар шороогоо гэсэн сэтгэлтэй нэгэн нь төрийн тэргүүнд өрсөлдөхөөр гарч ирэхийг урьдаар тооцоолсон тэр хүмүүс элдэв арга мэх сэтгэж, гүжирдэн гүтгэж, хэрэг үүсгэж эхэлсэн. Хэрэв энэ бүхэн нь үнэн байсан бол аль хэдийнэ шонд өлгөж, шоронд хатаахад бэлэн хүмүүс шүү дээ. Гэтэл өнөөдөр тэгэж чадаагүй ээ. Гэм зэмгүй хүнийг арай л ард олных нь нүдэн дээр аваад явчихаж чадаагүй. Гэхдээ тийм цаг ойрхон болчихоод байна. Энэ хүнийг гарчих вий гэсэндээ хүний санаанд оромгүй арга саам, булхай сэдэж, хэрэгжүүлж байна. Өнөө өглөөхөн хотын төвийн дэлгүүрүүдэд иргэний үнэмлэхийг нь хурааж, ноолууран цамц түгээж байгаа байдал гарсан. Үүнийг бид баталгаажуулж авсан. Харамсалтай нь, бидний дагуулж явсан гурван сэтгүүлчийг дохио хангинуулсан цагдаагийн машин авч яваад байцааж байна гэх нэрийдлээр гаргахгүй байна. Хотынхоо төвд ийнхүү улаан, цагаандаа гарч байгаа юм чинь хөдөөд яаж байгаа бол.

Архангай, Хөвсгөл, Булган, Баян-Өлгий аймгаас утсаар мэдээ ирж байна. Хүмүүст гурил будуу, архи, мөнгө түгээгээд байна. Баримтжуулж аваад хороо, хэсгийн цагдаад нь бүртгүүлсэн ч буцаагаад сэмхэн суллачихдаг гэнэ. Ийм гомдлууд их ирж байна. Үүний цаана юу байгаа юм гэхээр долгион барьдаг хүмүүс, ажил хийлгүй, бусдын мөнгөөр хөлжих дуртай дарлагч ангийнхан, ард түмнээ мөлжигч ангийнхан хоёр, гурван жилийн өмнөөс эл луйвраа зэхэж байгаад одоо хэрэгжүүлж эхэлж байна. Сонгуулийн өдрүүдэд маш сонор сэрэмжтэй байгаарай. Сонгуулийн хорооныхондоо туслаарай, өөрсдийн сонголтыг хамгаалаарай гэж та бүхэндээ уриалъя.

330 гаруй мянган саналын хуудас нэмж хэвлэгдсэн тухай мэдээлэл байна. Дээр нь, санал өгсөн сонгогчдын хумсыг тэмдэглэхээ больчихлоо. Энэ нь нэг хүний хоёр удаа, дөрвөн удаа, магадгүй арван удаа санал өгсөн ч болох нөхцөл бүрдээд байна. Тийм учраас ард иргэд та бүхнийгээ сонор сэрэмжтэй байгаарай хэмээн захиж байгаа юм. Та бүхнийг хамгийн шударга сонгогчид байгаасай, хамгийн шударга иргэд байгаасай гэж хүсч байна. Аль нам, эвсэл байх нь хамаагүй Монголын төрийг төр шиг төр болгомоор байна. Баттулга ялбал нэг хүн ялахгүй, нэг нам ялахгүй харин бүхэл бүтэн Монгол Улс ялна. Монголын төр доройтох цаг үеийн үед байсаан. Манжийн дарлалын үед ч байсан түүнээс өмнө бага хаадын бутралын үед ч байсан. Гэхдээ аль ч цагт ард түмний захиалгаар жинхэнэ эх орончид гарч ирдэг. Түүхэн охид, хөвгүүд нь төрж гардаг. Өнөө цагт тэдгээр эх орончдын чимээгүй, даруухан үргэлжлэл бидний дунд амьдарч, хийж бүтээж улмаар хийж бүтээснийхээ төлөө хийж бүтээдэггүй улсуудад дандаа гүтгүүлж, тэгсэн хэр нь өндөр тэмүүлэлтэй амьдарч чаддаг. Залуус дүү нарыг тэр тэмүүллээрээ хөглөж чаддаг тийм нэр дэвшигчийг Ардчилсан нам маань олж харж нэр дэвшүүлснийг сонгогчийн хувьд би баярлан талархаж байгаа.

Энэ удаагийн сонгууль зөвхөн Баттулга, зөвхөн Монгол Улс ялаад зогсохгүй бидний ирээдүйн үр хүүхэд ч ялах тийм өндөр ач холбогдолтой сонгууль юм шүү. Тэр ч бүү хэл бидний өнгөрсөн үе ялах юм шүү. Учир нь, өнгөрсөн жил би хоморголон алдаг, хоморголон халдаг энэ бүх төрийн муу муухайн эсрэг, Монголын төрөөс хэзээ ч арилдаггүй энэ бузар булхайн эсрэг Нацагдоржийн тухай жүжгээ бичсэн. Энэ жүжигт “Төрийг түүх соёл, бичиг үсгээ мэддэг, дээдэлдэг хүмүүс удирдахгүй бол хоморголон алах, хоморголон халах хоёрын хооронд ганцхан үсгийн зөрүү бий” гэж аугаа их Нацагдорж маань хэлдэг. Нацагдоржийг хоёронтоо гүтгэж, шоронд хорьсон МАН 34-хөн насанд нь энэ хүнийг хорвоогоос гомдоож буцаасан. Тиймдээ ч Баттулгын ялалт, Багануурын ялалт Нацагдоржийн маань сүнсийг нутагт нь баярлуулна гэж бодож байна.

Сонгуулийн хуульд төрийн албан хаагч мань мэт шиг хүмүүс, лам хуваргууд ил явж үзэгдэхийг хориглосон. Та бүхэн харж байгаа байх. Яагаад телелвизийн хоёрхон суваг Баттулгын тухай гаргаад бусад нь Энхболдын тухай өдөр шөнөгүй нэвтрүүлж байгааг ойлгосон байх. Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул гэдэг. Индүүгээ залгасан ч Энхболдын тухай яриад байгаагийн цаад учрыг ойлгож, гадарлаж байгаа биз ээ. Эрх баригчид төрийн мөнгөөр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарамтлан, худалдаж авсан. Тийм учраас хаалтын гэрээ гэдэг зүйлээр зөв, үнэн мэдээллийг хүргэхгүй байна. Ердийн иргэн бодохдоо “Өө, энэ Энхболд нь мундаг болохоор олон телевиз магтаад байна. Цаадах нь өөдгүй амьтан болоод ярихгүй байна” гэж ойлгож, хууртаж байгаа. Тийм учраас үүнийг, энэ мэдээллийг нэг хүн дор хаяж арван хүнд түгээгээрэй. Гүн галуутайн цэнхэр усанд зуны тэнгэр нүүрээ тольдсон энэ тунгалаг сайхан өдөр бид чин сэтгэлийн үгээ ярьж байна. Бидний олон жил хоорондоо талцаж, улс төрөөр цэцэрхэж, онол ярьж эцэстээ эх орноо ийм болгосон цаг үед амьдарч байна. Тийм учраас эх орончдын даруухан үргэлжлэл Баттулга гэдэг хүнийг төрд гаргахгүй бол Монгол ялах бус ямар зам руу орохыг та бүхэн дор дороо тунгаан суугаа байх.

Ингээд сонгуулийн хуулиар эрхээ хасуулсан урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэд, төрийн албан хаагчид чухамхүү надаар дамжуулан Баттулга гэдэг хүнийг ялаасай хэмээн надаар үг дайж, уламжилж байгааг багануурчууд та бүхэн мэдээсэй гэж хүсч байна. Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.