Автомашин онхолдож, жолооч амиа алджээ

 

 
Автомашин онхолдож, жолооч амиа алджээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд  иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


Орон нутагт гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас  хоёр хүний  амь хохирчээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр амиа алдсан хоёр иргэний нэг нь явган зорчигч бол нөгөө нь жолооч байжээ. Тодруулбал,

  • Архангай аймгийн Их-Тамир сумын төв орчимд  асфальтан замд "Nissan X-Trail" маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 59 настай эрэгтэй Х-г мөргөж амь насыг хохироожээ. Уг зам тээврийн осол энэ сарын 10-нд 23:30 цагийн орчимд болсон аж.
  • Завхан аймгийн Идэр сумын нутаг Ацын даваа гэх газарт  "Hyundai Mighty" маркийн автомашин онхолдсон ноцтой осол өчигдөр /2020.10.11/ 16:40 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас жолооч 57 настай, эрэгтэй Б амь насаа алдсан байна.

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.10.11-.2020.10.12/ дөрвөн хүн бэртсэн бол ослын шинжтэй 470 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлэн саатуулсан бол гарцан дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.

САМАР ТҮҮХЭЭР ЯВААД СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн ослын дуудлага мэдээллээс гадна Онцгой байдлын алба хаагчид сураггүй алга болсон иргэдийг эрэн хайж байна.

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Алаг толгой гэдэг  газарт одоогоос хоёр сарын өмнө сураггүй болсон тус сумын харьяат иргэн 33 настай Ө-г эрэн хайх ажил үргэлжилж байна. Эргэн сануулбал, өнгөрсөн наймдугаар сарын 18-нд хадлан хадаж байгаад гэр рүүгээ 23:00 цагийн орчимд яваад сураггүй болсон иргэн Ө-гийн тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 19-нд бүртгэгдсэн байдаг. Энэ дагуу эрлийн ажиллагааг наймдугаар сарын 19-ны өдрөөс хойш зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл эрлийн багийнхан үр дүнд хүрээгүй байгаа юм.

Онцгой байдлын алба хаагчид самар түүхээр яваад сураггүй болсон Дархан-Уул аймгийн харьяат иргэн 52 настай эрэгтэй О-г эрэн хайж байна. Тэрбээр энэ сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Зэрлэгийн нуруу гэдэг газарт самар түүхээр яваад сураггүй болжээ. Алга болсон иргэний тухай дуудлага тухайн өдрийн 13:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Онцгой байдлын алба хаагчид Зэрлэгийн нурууны урд хэсгээр 23 км-т явганаар эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.