300 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХ ГЭЖ БАЙГААГ БАГШ НАР ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэл хийв. Багш нар 300 мянган төгрөгийн тэтгэмжийг авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн энэ үеэр энэ сарын 30-наас эхлэн багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв. Багшийн цалин нэмүүлэх түр хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Санжмятав   “Бид багш нарын цалинг үе шаттай нэмэх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Бидний саналыг дэмжихгүй, хуурч аргацаасан байдлаар 300 мянган төгрөг олгох гэж байгааг багш нар эсэргүүцэж байна. Монголчуудад бэлэн мөнгө тарааснаар баяждаг бол баяжих болсон. Гэтэл улам л ядуурсаар байна” гэв.

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Монголын Засгийн газар багш нарыг тоохгүй байгаа бол бид дараагийн шатны тэмцэл рүүгээ орно. Энэ сарын 30-ны өдрөөс эхлээд улс орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүлнэ. Бүх сургууль, цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлсэн. Засгийн газар хоёр талын хэлэлцээр хийх боломж гаргахгүй бол бид тэмцлээ зогсоохгүй. 300 мянган төгрөгт хууртаж, амаа үдүүлэхгүй.  55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байгаа нь хариуцлагагүй, эх оронч бус үйлдэл. Тиймээс Монголын багш нар энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдэв.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.