2021 оны 09 сарын 23
УЛСДАА НЭРТЭЙ ТООЧДЫН УУРХАЙ БОЛСОН СУРГУУЛЬ

Эрдмийн саруул өргөөгөө эрдэмтэн багш нар, эгэлгүй хүүхдүүдийнхээ амжилтаар гоёхоос илүү үнэт гоёл юу байх билээ. Ийнхүү багш, сурагчдынхаа амжилтаар сургуулийнхаа ханыг гоёсон хамт олон бол физик - математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийнхан юм. Тус сургуулийн хамт олон мянга мянган хүүхдийг тооны ухаанд дурлуулж, улсдаа нэртэй тоочдын уурхай болсон сургууль юм.

Тэртээ 1947 онд Улаанбаатар хотынБаруун дүүргийн бага сургууль нэртэй нэг давхар модон байшинд анхныхаа сурагчдаа хүлээн авснаар тус сургууль анх байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын боловсролын салбарт нэгэн цуцал нэмж өдрөөс өдөрт сургалтын үйл ажиллагаа, цар хүрээгээ тэлсээр 1950-1951 онд дунд сургууль болон өргөжжээ.

Хөгжил дэвшлийн түүчээ тасралтгүйүргэлжилсээр 1990 онд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болсноор өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөгжил цэцэглэлт, оюуны түүчээ болсон мянга мянган залуучуудыг төгсгөөд байгаа аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа физик, математикаар гүнзгийрүүлсэн сургалт явуулах төрийн өмчийн сургууль бий болсон түүхтэй. Тухайн үед математик, физикийн шилдэг багш нар болон шилдэг сурагчдыг сонгон авч тус сургуулийг байгуулсан ачтай багшийг Ц. Гантулга гэдэг. Мөн Ардын багш Ү.Маам, математикийн багш Б.Ганбат, А.Наранхүү, Л.Эрдэнэсувд, А.Энхжаргал, фикикийн багш С.Гэрэлмаа, Ц.Энхтуулгэх мэт олон арван эрдэмтэн багш нар тус сургуулийн түүхийн шаргал хуудсыг бичилцсэнийг физик, математикийн гүнзгийрүүлсэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал бахархан дурсаж байна.

Хэдхэн хоногийн дараа эрдэмтэн олон багш нар, эрдмийн саруул өргөөнөөсөө даль жигүүрээ дэлгэн нисэх төгсөх ангийн сурагчид амжилт бүтээл дүүрэн амьдралын их далайд хөл тавих гэж байна. Тэд Монол Улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, уралдаан тэмцээнд оролцож эрдэм мэдлэгээ сорихоос гадна олон улсын хэмжээнд зохиогддог олимпиадуудад ч амжилттай оролцож улсынхаа нэрийг, сургуулийнхаа алдрыг цуурайтуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг төгссөн хүүхдүүдийн гаргасан амжилт, гавьяа шагналыг дурдвал тоймгүй олон. Тиймээс энэ жилийн шилдэг төгсөгчдөөс дурдахад Б.Хантүшиг, Ананд, Баяржавхлан, Билэгдэмбэрэл зэрэг олон хүүхдүүд байгаа гэдгийг захирал багш хэлж байна. Эдгээр шилдэг төгсөгчдийн дотор олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн, улсын олимпиадад удаа дараа оролцож байр эзэлсэн хүүхдүүд олон бий. Олон улсын олимпиад гэдэг бол оюун ухааны олимп. Энэхүү оюун ухааны олимпиад Монгол Улсын жирийн нэгэн сургуулийн багш нар хүүхдүүдээ бэлтгээд жил бүр медаль хүртэнэ гэдэг тус сургуулийн эрдэмтэн багш нар болон хүүхдүүдийн оюун ухааны цар хүрээг илтгэж буй биз ээ.

Тус сургуулийн сургалтын менежер Б.Хишигбаяр “Дэлхийн хэмжээнд оюуны хүчтэй өрсөлдөөн болох математикийн ОУ-ын олимпиадад Монгол улс өндөр амжилттай оролцож байгаагийн ар талд шат шатны олон хүний хөдөлмөр зүтгэл, хамтын ажиллагаа байдаг. Манай сургууль математикт сонирхолтой хүүхдийг багаас нь сонгон аваад,мэргэжлийн чадварлаг багшаар ханган, тогтвортой хөтөлбөрийн дагуу хичээллүүлэх бодлогыг баримталж ажилладаг. Шилдэг хүүхдүүдтэй байж чадаж байж, тэдний дундаас дэлхийд өрсөлдөх хүүхэд гарч байгаа. Мөн массын сургалтын чанарт анхааран ажилладаг. Тэгж байж улсдаа үлгэр жишээ байж чадаж байгаа юм” гэсэн.

Багш нар нь өрөөндөө бодлого ярьж байдаг математикийн энерги хуралдсан ийм сургууль гарын таван хуруунд багтахаар л байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Ёстой нөгөө хөл бөмбөгийн бурхан тэнгэрүүд гэдэг шиг тооны ухааны бурхан тэнгэрүүд эндээс л төрдөг гэлтэй.

Тус сургуулийн сурагчдын сүүлийн гурван жилд гаргасан олимпиад, уралдаан тэмцээний амжилтаас харахад олон улс, улс, хот, дүүргийн хэмжээнд албан ёсны төрөлжсөн олимпиад, уралдаанаас нийт 270 гаруй медаль хүртсэн байна. Тухайлбал, олон улсын олимпиадаас 7, уралдаан тэмцээнээс 12 медаль, улсын олимпиадаас 14 медаль, уралдаан тэмцээнээс 30 медаль, хотын хэмжээний олимпиадаас 31, уралдаан тэмцээнээс 47 медаль хүртсэн бол дүүргийн хэмжээний олимпиадаас 74, уралдаан тэмцээнээс 51 медаль хүртсэн бахархам амжилттайгаар энэ хичээлийн жилийг үдэж байна.

Сүүлийн жилүүдэд тус сургуулийн хүүхдүүд олон улс, улс, хот дүүргийн хэмжээнд зохиогддог олимпиадад амжилттай оролцоход Б.Эрдэнэбаяр математикийн багш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүний хувьд тус сургуулийн төгсөгч бөгөөд сурагч байхдаа шавь нарынхаа адил олон улсын болон улсын хэмжээний олимпиадад удаа дараа оролцож, амжилт гаргаж байсан түүхтэй. Тухайлбал улсын олимпиадаас гурван мөнгө, нэг алтан медаль, олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн туршлагатай. Тэрээр 2016 оноос хойш тус сургуулийн хүүхдүүдийн олимпиадын бэлтгэлийг хариуцан ажиллаж байна. Тухайлбал, түүний удирдлагад сургуулийнхаа шилдэг сурагчдын төлөөлөл Б.Хантүшиг, Б.Билэгдэмбэрэл нар олимпиадын бэлтгэл сургуулилтаа хийж олон улсын олимпиадаас хүрэл медаль, улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ жил цахимаар хичээллэсэн болохоор багш болон эцэг эх, сургуулийн удирдлагын хамтын ажиллагаа чухал байсан талаар Б.Эрдэнэбаяр багш хэлж байна. Тэрээр өдөр бүр өглөөний 08 цагаас 17 цаг хүртэл олимпиадын бэлтгэл хүүхдүүдтэйгээ хийж давтлага тоогоо боддог байна. Хүүхдийнхээ бодлого бодох арга техникт бэлдэхээс гадна сэтгэлзүйг нь давхар бэлдэх чухал аж. Учир нь улсын олимпиадад анх удаа орж байгаа хүүхдүүдийн хувьд “Хэцүү бодлогууд ирнэ” гэсэн сэтгэлзүйтэй орвол “чаддаг, мэддэг зүйлээ чадахгүй байх тохиолдол байдаг байна. Нэг удаа улсын олимпиадад ороод үзсэн хүүхдүүд дараа дараагийн жилд нь амжилт үзүүлэх байдал улам нэмэгддэг гэдгийг онцолсон юм.

Шавийн эрдэм багшаас гэдэг. Тус сургуулийн багш нар ур чадвар, мэдлэг боловсролоороо улсдаа тэргүүлдэг. Багш нарын ур чадварын уралдаанаас удаа дараа тэргүүн байрын эзнээр тодорч байсан шилдэг баг хамт олноор эгнээгээ өргөтгөсөөр байна. Нийт багш нарын 80 хувь нь тэргүүлэх зэргийн багш байдаг бол зөвлөх багш дөрөв байна. Түүнчлэн доктороор суралцаж байгаа гурван багш бий. Шинэ залуу багш нарын хувьд ахмад багш нараасаа суралцаж, амжилт бүтээлээрээ манлайлсаар байгаа аж. Тэдний нэг бол Д.Хосбаяр багш юм. Тэрээр физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд ажиллаж эхэлснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил тэрээр 12 дугаар анги төгсгөж байна. Д.Хосбаярын хувьд багаасаа л математикийн хичээлд дуртай онцгой хүүхэд байсан аж. Тэрээр хүүхдүүд найман настайдаа нэгдүгээр ангид элсэн суралцдаг байхад зургаан настайдаа сургуульд оржээ. Түүгээр ч зогсохгүй дунд нь ангидаа дэвшин суралцсаар 15 настайдаа арван жилээ дүүргэсэн байна. Ингээд МУИС-ийн Эдийн засгийн ангийг 19 настайдаа төгсөж, ажиллах явцдаа математикийн багшийн мэргэжлээр амжилттай суралцаж төгсжээ. Ийм л гоц авьяастан багш нар тийм л чадварлаг хүүхдүүдийг төрүүлдэг байх нь. Тэрээр “Манай сургуулийн хүүхдүүд математик суурьтай болохоор бүх зүйлд хариуцлагатай, бие даасан, бүтээлч суурь төлөвшил сайтай хүүхдүүд байдаг. Хичээлээ хийхгүй хойш сууна гэсэн ойлголт огт байдаггүй юм” хэмээн шавь нараа дүгнэсэн юм.

Жил бүр 80-120 хүүхэд тус сургуулийг төгсөж амьдралын их далайд итгэл дүүрэн хөл тавьдаг. Тэгэхээр математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болсноос хойших 30 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхэд төгссөн тооцоо гарч байна. Тус сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд математик, физикийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор улсдаа үргэлж тэргүүн байр эзэлдэг гэдгийг багш нар нь бахархан ярьж байна.

Түүнчлэн сургалтын чанарын үнэлгээгээр улсын топ 20 сургуулийг шалгаруулахад 2019 онд тэргүүн байранд оржээ. ЭЕШ-ын математик, физикийн оноогоор улсын сургуулиуд дотроосоо тэргүүн байранд ордог бол, хувийн хэвшлийн сургуулиудаа оролцуулаад Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Ерөнхий боловсролын сургуулиудтайгаа харьцуулахад эхний таван байрт тогтмол шалгарч байжээ

Тус сургуулийн төгсөгчдөөс улс орныхоо хөгжлийг тодорхойлогч IT инженер, барилгын инженер, эдийн засагчид түлхүү төрдөг Монгол Улсынхаа шилдэг мэргэжилтнүүд бөгөөд гадаад дотоодын их дээд сургуульд багшлах, дэлхийд данстай томоохон компаниудад урилгаар ажилладаг төгсөгчидтэй. Тухайлбал, Google болон Мicrosoft компанийн мэргэжилтэн Канад, Америк, Герман зэрэг улсын их дээд сургуулийн багш нар байна.

Ийнхүү шилдэг мэргэжилтнүүдийн сайн гараа болдог физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд элсэн суралцах сонирхолтой хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэлж байна. Жилд тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй 1400-1500 хүүхэд шалгалт өгснөөс 90 орчим хүүхдийг элсүүлэн суралцуулдаг байна. Ийм л өндөр шалгууртай сургуулийн босгыг давж, элсэн суралцаж байгаа хүүхдүүдийн ирээдүйн зорилго нь тодорхой болчихсон учраас анхнаасаа юу хийх, яах ёстойгоо ойлгочихсон байдаг ажээ.

Тиймээс хүүхдүүд зорилгодоо хүрэхийн тулд улам их мэрийлттэй суралцдаг байна. Зөвхөн математик, физикийн хичээл гэлтгүй бусад хичээлийн чанар, үзүүлэлтээр ч үргэлж дээгүүр байрт жагсахад чадварлаг багш, чанартай хүүхэд, хариуцлагатай эцэг эх гэсэн тулгын гурван чулуу шиг ойлголт зэрэгцэн оршдог байна. Дээр дурдсанчлан олон улс, улс, хот, дүүргийн олимпиадад амжилт үзүүлэхийн зэрэгцээ спорт, урлаг, соёлын чиглэлээр зохион байгуулагддаг бүхий л арга хэмжээнд сурагчдаа оролцуулан хөгжүүлдэг юм байна.

Тухайлбал 2018-2021 оны хичээлийн жилд Улсын “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд 12а ангийн сурагч Б.Саранжил 2-р байр, Монголын хүүхдийн их наадмын хүндийн өргөлтийн төрөлд 12-р ангийн сурагч 3-р байр, “Өсвөрийн аврагч” улсын тэмцээнд Ц.Март багштай 11а анги 3-р байр, 9б ангийн сурагч Тулуй усанд сэлэлтийн улсын уралдаанд тэргүүлсэн зэрэг олон олон амжилтыг дурдаж болно.

Амжилт гэдэг дан ганц хэн нэгний хичээл зүтгэлээр бий болдоггүй. Гагцхүү тасралтгүй, уйгагүй хамтын ажиллагааны үр шим юм. Тиймээс “Сургууль-эцэгэх-сурагч” гэсэн гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллаж, гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж эцэг, эхчүүдэд тайлагнадаг. Гэрээгээ сайн биелүүлсэн эцэг эхэд талархлын хуудас, сурагчдад урамшууллын хуудас олгох зэргээр үйл ажиллагаагаа нээлттэй ил тодоор явуулж цаашид ажиллах зөвлөн туслах чиглэл гарган эцэг, эхчүүдтэй хамтран ажилладагньтус сургуулийн хамт олныбас нэгэн давуу тал юм.

Ялангуяа дэлхий нийтээр цар тахлын үеийн хөл хорионд орж цахимаар хичээллэсэн энэ үед эцэг эх, сурагч, сургуулийн багш нарын хамтын ажиллагааны үр дүн урьд урдынхаас чухал байсныг хэлж байна. Тус сургуулийн хамт олон өнгөрсөн хугацаанд цахим хичээлийг тасралтгүй, чанартай, хуваарийн дагуу нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулж сурагчдаа 100 хувь оролцуулсан нь бас нэгэн амжилт гэдгийг сургалтын менежер хэлж байна. Теле хичээлийн хуваарьтай зохицуулан сурагчдын ачааллыг тооцож, цахим хичээлийн нэгдсэн хуваарийг сургуулийн хэмжээнд гарган ажиллажээ. Тус сургуулийн багш нараас дөрвөн багш үндэсний хэмжээнд 67 удаагийн теле хичээл бол сургуулийн хэмжээнд 44 багш 1123 цахим хичээл бэлтгэн хүргэсэн байна.

Тус сургууль, баг хамт олон, сурагчдын амжилтын бас нэгэн шалтгаан нь тогтвортой удирдлагын баг гэдгийг багш нар бол хүүхдүүд хэлж байна. Математик физикийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн менежер болон захирал нь математик, физикийн мэргэжлийн багш хүнбайх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Яг энэ зарчмын дагуу тус сургуулийн захирал болон менежер ажилласаар иржээ.

Физик-математикийн гүнзгийрүүлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал физикийн багшаар 18 жил, 2002-2007 онд Завхан аймгийн 1-р 10 жилд, 2007 оноос тус сургуульд сургалтын менежерээр анх ажиллаж байгаад 2011 оноос өнөөдрийг хүртэл захирлаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна. Тийм ч учраас сургуулийнхаа хэв шинжийг алдагдуулахгүй, чанарыг хэвийн түвшинд авч явахын төлөө хамт олноо атгасан гар мэт зангидан ажилладаг биз ээ. Харин сургалтын менежер Б.Хишигбаяр нь “Сэлэнгийн” Нанжидсүрэн гэх улсын математикийн багш нарын олимпиадад дээгүүр байр эзэлдэг шилдэг багшийн шавь бөгөөд аймгийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд математикийн мэргэжлийг эзэмшсэн байна. Түүний хувьд математикийн багшаар 12 жил багшилж, Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд долоон жил, тус сургуульд 2014 онооссургалтын менежерээр ажиллаж байгаа арвин туршлагатай нэгэн.

Ийнхүү насаараа тоо, физиктэй амьдарлаа холбосон ясны тоочин баг хамт олноор удирдуулж байгаа болохоор тус сургуулийн сурагчдын ирээдүй гэрэл гэгээ, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, дүүргийн удирдлагууд, БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг эхийн дэмжлэгээр сургалтын орчин, нөхцөлийг таатай сайхан болгож 2016 онд тус сургууль 320 хүүхдийн багтаамжтай гурван давхар хичээлийн шинэ байртай болжээ. Энэ цаг үеэс тус сургуулийн сурагчид сурч хөгжих болон багш нар хичээлээ улам чанартай заах таатай орчин нөхцөл бүрдсэн аж. Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийсэн, сэтгэл зүрхээрээ дэмжсэн хэн бүхэнд баярлаж, талархснаа тус сургуулийн удирдлагууд уламжилсан юм.

Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн Монгол Улсын Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Багш” найраглалдаа бичсэн байдаг. Оюун ухааны өчүүхэн цоморлогийг рашаан мэт, эрдэм оюуны шим охиор тэжээн тэтгэгч, хөлгүй далайгаас шүр сувдыг эрэн цуглуулагч хайгуулчин адил цуцалтгүй хөдөлмөрч мянган мянган багшийн алдрыг үе үеийн шавь нар нь бахархан дуурссаар байх болно. Монгол Улсынхаа нэртэй тоочдын уурхай болсон физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийнханы алдар гавьяа үеийн үед тодоос тод гялалзсаар байх болно.

П.ЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2021 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.