С.Эрдэнэ: Үнэнийг бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийг шалгаж, байцаадаг асуудал хэрээс хэтэрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга болон Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаа дөхсөн учраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгчийн сонгууль болоход цөөхөн хэдхэн хоног үлдлээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байсан ч АН-аас нэр дэвшигч маань 12 хоногт 21 аймаг, 20 сум, дөрвөн тосгоноор орж иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

Бид илт тэнцвэргүй сонгуульд өрсөлдөж байгааг хэлэх нь зөв болов уу. АН-ын явуулсан мэдээ, мэдээллийг нэвтрүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, түүний сэтгүүлчдийг төрийн нэрээр сүрдүүлж, дарамтлах, торгох, эрүүгийн хэрэг үүсгэх асуудал хэрээс хэтэрч байна. Бидэнд ирсэн мэдээллээр сүүлийн өдрүүдэд АН-ын мэдээ, мэдээллийг цацсан гэдгээр 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж, цагдаад дуудаж байцаасан байна. АН-ын хэвлэл мэдээллийн байгууллага ч байцаалтад орсон. Үнэнийг бичсэн сэтгүүлчийг гэрээс нь баривчлах оролдлого хийх, цагдаагийн албан хаагчаар байцаалгах, эрүүдэн шүүх зэргээр дарамталж байгаад харамсч байна. Монголын Ардчилсан намын даргын хувьд би маш их эмзэглэж байна. Мөн эрх баригч намын 60 тэрбумын наймааг илчилсэн залууг хамгаалах нэрээр 60 цагдаагаар бүсэлж, сэтгэлзүйн дарамт учруулсан. Ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйл ажиллагаа явуулж байгаа.

Сонгуулийн ухуулах байруудаар цагдаа нар явж үндэслэлгүй хэрэг үүсгэх, ухуулах хуудас хурааж авах зэргээр байж боломгүй үйл явдал тоогоо алдлаа. Шулуухан хэлэхэд, нийгмийн тогтвортой байдлыг хангах учиртай цагдаа нар улс төрийн хүчний нохойд барьдаг мод шиг ажиллаж байгаад харамсч байгаа. Цагдаагийн шударга албан хаагчид үнэхээр залхсан байна лээ. Дээрээс дарамталж, тушаал өгдөг учраас үнэхээр хэцүү байгааг хэлж байна лээ.Төрийн сайд нь хүртэл гүтгэлэг хийж байгааг бид шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Гэхдээ энэ хүнд нөхцөлд манай намын нэр дэвшигч шантралгүй сурталчилгаагаа хийж, иргэдтэйгээ уулзаж байна. Рейтинг өндөр байгаа нь сүүлийн үеийн олон судалгаанаас харагдаж байгаа” гэв.

АН-ын зүгээс тодорхой асуудлаар хуулийн байгууллагад хандсан ч нэг ч асуудалд эрүү үүсгээгүй байгаа аж. 60 тэрбумын асуудлыг хүртэл нэр дэвшигч Х.Баттулга өөрөө АТГ, Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар өгсөн байхад түүнийг шалгаагүй атлаа энэ асуудлыг бичсэн, мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгах, цагдах, эрүү үүсгэх зэргээр дарамталж байгаад үнэхээр гайхаж байна гэдгээ С.Эрдэнэ дарга энэ үеэр онцоллоо. Төрийн эсрэг онц ноцтой гэмт хэргийн бүрэлдэхүүн үүсчихээд байхад хууль хяналтын байгууллага гараа хөдөлгөхгүй байгаа нь улс төрийн эрх ашиг гэдэг нь тодорхой байгааг ч энэ үеэр хэлж байсан юм. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг. Мөн гэмт хэргийг илрүүлсэн иргэнээ дарамталж байгаа нь ч гэмт хэрэг гэж АН-ын дарга онцолсон.

МАН-аас Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж төрийн эрх мэдлийг авч, Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн асуудлыг эрээ цээргүй явуулж байгаа аж. Иргэдийн регистрийг авах, төрийн албан хаагчдыг дарамтлах, санал өгсөн хуудсаа заавал гар утсаар зургийг нь авч тайлагнах гэх мэтээр төрөл бүрээр дарамталж эхэлжээ. Маш олон аймаг дүүргийн уулзалтад төрийн албан хаагчдыг хүчээр ачиж хүргэж байгаа бөгөөд уулзалтад оролцохгүй бол ажилгүй гэж мэдээрэй хэмээн дарамтлах, ах дүү нарынхаа регистрийг авчрахыг шаардах, сонгуулийн штабад ажиллаж байгаа иргэдээ 20-30 регистрийн дугаар цуглуулж ирээд цалингаа ав гэх мэтээр шат бүртээ тэд төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж, иргэдийг ч буруу зүйлд турхирч байгааг хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын УИХ-ын сонгуулийн дараа намын удирдах албан тушаалтан, хууль шүүхийн байгууллагын дарга нартай баяраа тэмдэглэж буй бичлэг өчигдөр цахим орчинд цацагдсаныг АН-ын дарга онцлов. Тэрбээр, “Энэхүү бичлэгийг дахиад эвлүүлэг хэмээн мэлзэхгүй биз. Хэвлэл мэдээллийн байгууллага анхааралдаа авах байлгүй. СЕХ-ны дэд дарга н.Болдсайхан  нарын хооронд сонгуулийг луйвардсан байж болох ноцтой зүйл яригдаж байгаа. Сонгууль болоо биз дээ. Сонгууль хийсэн биз дээ гэж инээгээд байгаа байхгүй юу. Юу гэсэн үг вэ. Хэдийгээр тоглоом юм шиг ярьж байгаа ч цаад утга нь маш ноцтой. Энэ асуудлыг МАН-ынхан тайлбарлахыг бид шаардаж байна. Энэ бүхнийг манай нам гаргаж тавиагүй. Ардчилсан Монгол Улсаа хамгаалах гэсэн иргэд л энэ бүхнийг гаргаж байгаа. Холбогдох баримт гаргаад тавихаар харлуулж байна, гүтгэж эхэллээ гэх мэтээр хариуцлагаас зугтах юм” гэв. МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатар гадны иргэнээс 50 сая воны хандив тусламж авч байгаа асуудлыг ч мөн хууль хяналтынхан шалгах ёстой гэж АН-ынхан үзжээ.

Монгол мөнгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг Монгол Улсын хилээр яаж орж ирсэн асуудлыг шалгах ёстой атал мөн л үүнийг АН-ынхан гаргаж тавилаа, эвлүүлэг хийлээ хэмээн гүтгэж эхэлсэн аж. Гэтэл Солонгос улсын иргэн өөрөө энэ асуудлаа хүлээн зөвшөөрч СЕХ-нд албан тоот хүргүүлсэн аж. Тиймээс нэр дэвшигч С.Ганбаатарын асуудлыг улстөржүүлэхгүйгээр шалгаж, хариуцлагын асуудал ярих ёстойг АН-ын даргын зүгээс мэдэгдлээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас хувийн хэвшлийн компани аваад ирэхэд төр булааж авчихаад, ард түмний өмч боллоо хэмээн шоу хийж байсан. Гэтэл одоо болохоор шүүхийн шийдвэрийг хувийн хэвшлийн талд гаргуулж, төрийн өмчийг хууль шүүхээр далайлгаад булаагаад авчихлаа гэсэн сөрөг мэдээлэл гаргахын тулд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хүртэл улстөржүүлж байна гэсэн юм. АН Эрдэнэт үйлдвэрийн 49 болон 51 хувийг анхаарлын гадна орхихгүй хэмээлээ. АН-ын нэр дэвшигч шаардлагатай үед онгоц хэрэг болж магадгүй хэмээн агаарын тээврийн компаниудад хандсан ч бүгд хаалттай хэмээгээд АН-ын нэр дэвшигчид боломж өгөөгүйг С.Эрдэнэ дарга хэлж байсан юм. Гэсэн ч өнгөрсөн дөрвөн жилд хийсэн том бүтээн байгуулалтын ачаар маш цөөхөн хоногт 21 аймгаа тойрч, иргэдтэйгээ уулзсандаа баяртай байна гэв. Үлдэж буй богино хугацаанд нэгнээ гүтгэх, харлуулах бус мөрийн хөтөлбөр, бодлогоор өрсөлдөхийг өрсөлдөгч хоёр намдаа уриллаа. Мөн саналыг нь худалдаж авах гэсэн оролдогод автахгүй, өвөг дээдсийнхээ тэмцэж олсон тусгаар тогтнолыг хамгаалж үлдэхийн төлөө сонголтоо хийгээрэй хэмээн уриалсан юм.

Хуралдааны үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Сонгуулийн хар пиар хэрээс хэтэрлээ гэж байна. Энэ бүхэнд та бүхний оролцоо ч байгаа болов уу. С.Эрдэнэ дарга бичлэгийн тухай ярилаа. Тэр бичлэгийг АН-ын сонгуулийн штабаас гээд телевизүүдээр гарч байсан. Энэ талаар тайлбар өгөөч. Шударга үнэнийг хэлсэн сэтгүүлчийг шалгаж байгаа гэдгээ баримттай хэлж болох уу?

С.Эрдэнэ: Хар пиар цацаж байгаа гэж байна. Бид тийм зүйлийг цацаагүй. Олон нийтийн сүлжээнд явж байгаа зүйлийг манай намд нялзаах гэж байгаа бол эсрэгээрээ харин үүнийгээ нотол гэж хэлэх байна. Аливаа асуудал гараад ирэхээр АН-аас явуулж байгаа гүтгэлэг, эвлүүлэг хэмээн хариуцлагаас бултах гэж оролдож байгаа эрх баригчдын арга барил шүү дээ. 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцаж байгаа асуудалд хариуцлага тооцох цаг болсон. “Аархал” гэж яриад байгаа нэвтрүүлгийг би харсан. Бид энэ нэвтрүүлгийг хараагүй. Энэ бичлэг нь тэдний ойр тойрны хүмүүсээс гарсан байх. Өнөөгийн эрх баригчид маш их хагаралтай байгааг бид мэдэж байгаа. Тиймээс дотроосоо цацсан байх магадлалтай. Сэтгүүлч н.Цэрэн-Очирыг удаа дараа баривчлах гэж оролдсон. Бүр гурав дөрвөн цагдаагийн хэлтсээс дуудаж байна. Шөнө орой 11.00 цагт ирж баривчлах гэж оролдсон. 60 гарчихсан настай хүнийг ингэж дарамталж байна. Сүхбаатар аймаг, Сүхбаатар дүүрэг, Булган, Дорнод аймагт үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг барьж шалгаж, байцааж байгаа. Урьд өмнөх сонгуулиас илүүтэй төрийн дарамт илэрч байна. 

Б.Батхуяг: Сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж байна. Хууль хяналтын байгууллагаас сэтгүүлчийг удаа дараа дуудаж, хянаж байгаа. Эрх үүргийн дагуу сурталчилгааны ухуулга хийгээд явж байгаа ухуулагчийг мөрдөн шалгадаг, ухуулгын байрнаас материал авахыг завдсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөхөөр мэдээлэл өгсөн хүнийг нь шалгаад явж байна. Нэр дэвшигчийг ухуулгын материалыг прокурорын зөвшөөрөлгүй саатуулсан, сэтгүүлчийн нөүтбүүкийг хурааж авчихаад одоо хүртэл өгөөгүй гэх мэтээр маш их зөрчил гарч байгаа. Хууль хяналтын байгууллагууд нэр дэвшигчийн гомдлын дагуу явж байгаа нэрээр маш их дарамт учруулж байна. Хууль хяналтын байгууллагын ажилчдын ёсзүйгүй үйлдлийн талаар бид СЕХ-д хандсан байгаа.

-Нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжвэл 100.000 төгрөг өгнө гэх асуудал гарсан гэж МАН-аас мэдэгдлээ энэ үнэн үү?

С.Эрдэнэ: Мөнгө амласан зүйл байхгүй. Манай намд тийм их хэмжээний мөнгө байхгүй. Эрх барьж байгаа, асар их мөнгийг хууль бусаар цуглуулсан хүмүүсийн хийх ажил байх л даа. Сонгуульд албан ёсоор ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулал, цалин хуулийн хүрээнд л хийгдэж байгаа. Тогтоогдвол бид хариуцлага хүлээхэд бэлэн.

-Мэтгэлцээн та бүхний хүсч байсан шалгуураар явагдах болов уу. Та өмнө нь эрх баригчдын талд үйлчлэх учраас татгалзлаа гэсэн шүү дээ?

Х.Баттулга: Мэтгэлцээнийг 24-нд хийхээр тохирсон байсан. Байршлаа л бид тогтоож чадаагүй байсан юм. Эрх баригчдын телевизэд хийх гээд байгаа. Нэр дэвшигчид зургадугаар сарын 6-наас эхлээд 21 аймаг тойрохдоо бүх аймгуудынхаа уулзалтыг нарийн товлоод зарлачихсан байсан. Нэг аймаг 20-30 сумтай. Алслагдсан сум нь 200 км. Гэтэл тэр холоос хүмүүсийг ирүүлчихээд уулзалтыг цуцалж болохгүй. Гэтэл араас маргааш 16.00 цагт мэтгэлцэнэ гэсэн. Гэтэл бид уулзалттай явж байгаагаа хэлсэн. Гэтэл цаг ч болохгүй ирэхгүй гэнэ, мэтгэлцээнээс зугтлаа гэх байдлаар арга ядсан пиар хийгээд байгаа юм л даа. Увс аймагт явж байхад маргааш мэтгэлцээнтэй гэж хэлэх жишээтэй. 2-3 мэтгэлцээд байх асуудал байхгүй. 24 гэж тохирсон бол тохирсон. Арга ядсан л зүйл хийгээд байгаа юм. МҮОНТ-ээр явах юм билээ. Надад айгаад байх зүйл алга.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.