УЛААНГОМ СУМЫН ЗДТГ-ААС ЦЭВЭР ЦЭМЦГЭР, НОГООН ОРЧИН АМЬДАРЦГААЯ УРИАН ДОР “ХОГГҮЙ НОГООН ХОТ”-АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэгбилээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаатай хамтатган Улаангом сумын ЗДТГ-аас цэвэр цэмцгэр, ногоон орчин амьдарцгаая уриан дор “Хоггүй ногоон хот”-аяныг эхлүүллээ. Улаангом хотын төв, МУ-ын баатар Бэгзийн ГИВААН-ы талбайд болсон тус нээлтэнд Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Улаангом сумын ЗДТГ, БОАЖГ, Хот тохижилт үйлчилгээний газар төрийн байгууллага, хувийн хэвшлүүд, газар тариалан эрхлэгч ААН, иргэд оролцлоо. Маргааш албан ёсоор мод тарих ажил эхлэх ба Маршал Ю.Цэдэнбалын талбайд Аймгийн ЗДТГ, Мэдээлэл харилцаа холбооны газар, Шуудан холбоо, Цахилгаан холбоо, Улаан загалмайн хороо, Чандмань Увс ХХК, Бошготын хишиг харуул хамгаалалтын алба, ЭМНДХэлтэс, Гадаадын иргэн харъяатын газар тус тус мод тарих бөгөөд үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй Улаангом сумын есөн цэцэрлэгийн ажилтан албан хаагчид шинээр байгуулагдсан 10-р цэцэрлэгийн орчинд, бусад албан байгууллага, аж ахуй нэгжүүд цэнгэлдэх хүрээлэнд тус тус мод тарих ажээ. Жилийн жилд мод тарих ажил хийгддэг ч тарьсан модоо арчилж ургуулах тал дээр тун хойрго ханддаг тул аймгийн БОАЖГ-аас энэ жилйин хувьд тухайн мод тарьсан байгууллагын талбайг пайзжуулах ажил явуулах бөгөөд пайзжуулсан мод, талбайгаа хэрхэн харуцан арчилж тордож байгаад хяналт тавьж ажиллах юм. 1га талбайд байгаа мод сөөг 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарыг 30-35% шингээж, өвөл навч, шилмүүсгүй байх үедээ ч утааг тодорхой хэмжээгээр шингээж байдаг. 1га ой 1 цагт 200 хүний амьсгалах нүүрс хүчлийн хийг өөртөө шингээдэг ба 1га навчит ойгоос 2500 тонн ус ууршиж агаарыг цэвэршүүлж, чийгшүүлж байдаг байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.