Баяд нь Эрт цагт түүхийн тавцан дээр гарч ирсэн, язгуурын монгол аймгийн нэг юм. Хүннү-н хаан Модун-шаньюй Ордосын тохойд байх Баян уулаар нутаглах Баян овгийг дагуулав гэсэн мэдээ бий.VI-VIII зууны үед баядууд Хөлөн, Буйр нуур хавиар нутаглаж байсан аж. XIII зууны үед Чингис хааны мэдэлд явж ирсэн байна. Түүний нэг нь Үнгүр буурч юм. Түүний харъяат баядууд их төлөв Хэнтийн уулнаас урагш нутаглан явжээ. XIV-XVII зууны эхэн үе хүртэл баядууд бие даасан нэг отог болж явсан байна. XVI зууны эхээр Батмөнх даян хаан (1464-1544) хүүхдүүддээ алба таслан хувааж өгөх үед тавдугаар хүү Алчболдод Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд оногдсон байна. Алчи Болдод оногдсон энэ таван отог нь монголын өмнөд талаар нутаглах учир өврийн таван отог хэмээн нэрлэгдэх болжээ. Алчболд ноёны хүү Хургачи хасар ноён таван хүүтэй. Үүнд Уваш үйзэн нь жарууд, Шубухай дархан бааринг, Суйбин Буйма догшин хонхирад, Сонин дайчин баяд, Хунбаатар үжээдийг тус бүр захирчээ.
XVII зууны эхээр Манжийн түрэмгийлэгчид Өвөр монголыг эзлэн авах үед баяд ч нэгэн адил тэдний эрхшээлд орж, бие даасан отог байхаа болиод, манж найман хошуутай хутгалдан, Өвөр монголын зүүн урдуур Бээжингээс хойхнуур суурьшжээ. Алтайн уул, эрчис мөрний эхэн урсгалаар ойрадууд нутаглан ахуйд тэдний дотор баядууд оролцсон байв. Тэд тооны хувьд цөөн бөгөөд анхандаа гол төлөв Цорос аймгийн харьяанд оршиж, Эрчис мөрний сав дагуу нутагладаг байв. Хожим нь дөрвөд хүчирхэгжих үеэс түүний нэгэн бага аймаг хэмээгдэх болжээ. XVIII зууны эхэн хагаст баядын аав ноён гэж цэцэн цэлмэг хүн Зүүнгарын улсын төрийн зүтгэлтэн нарт үнэлэгдэж, Чимэг харваач гэж баатар дайчин эр байжээ. 1753 онд Даваачийн хэрцгий явдалд дургүйцсэн дөрвөдийн бага ноён Цэрэн, Цэрэн уваши, Цэрэн мөнх нар өөрсдийн харьяат иргэдээ авч Эрчис хавь нутгаас хөдлөн, Алтайг Үенч, Бодончийн хавцлаар давж, халхын нутагт орж иржээ. Зүүнгараас ирсэн тэдгээр дөрвөд, баядуудыг 1754 онд Сайн заяатын хоёр чуулганд хуваахад, баядууд зүүнгарын чуулганд багтжээ. Тэр уагт Зүүнгарын чуулганд багтсан баядуудыг арван нэгэн хошуу болгон зохион байгуулж, зам хуваан нэр өгчээ. 1. Дундад хошууны анхны ноёноор Манж нар Цэрэнмөнхийг тавиад засаг төрийн бэйлийн хэргэм шагнасан байна. Хожим нь эрх(вангийн) засгийн хошуу гэх болсон. 2. Дундад зүүн хошууны ноёноор Сэвдэнг тавьж төрийн бэйл өргөмжлөн, засаг болгожээ. Энэ нь хожим Дайчин вангийн хошуу гэгдэх болов. 3. Дундад өмнөд хошууны засгаар анх Ганг өргөмжилж, Улсад туслагч гүнгийн хэргэм олгосон нь хожмын Саруул гүний хошуу гэх болов. 4. Дундад хойд хошууны ноёноор эн тэргүүнд Батмөнхийг тохоож, засаг улсад туслагч гүн өргөмжилжээ. Хожим нь Түшээ гүний хошуу гэжээ. 5. Дундад дээд хошууны засгаар анх Машбатыг тавьж, улсад туслагч гүнгийн хэргэм олгосон байна. Хожим нь Жонон бэйлийн хошуу гэж нэрлэв. 6. Дундад доорд хошууны ноёноор анх Дашдондогийг өргөмжилж, засаг тэргүүн зэрэг тайжийн хэргэм шагнажээ. Хожим нь Эрдэнэ гүний хошуу гэх болов. 7. Дундад өмнөд зүүн хошууны анхны ноёноор Мөнхтөмөрийг өргөж, засаг хошууны бэйсийн хэргэм олгов. Хожим нь Эетэй гүний хошуу гэсэн. 8. Дундад өмнөд баруун хошууны ноёноор анх Банжуурыг тавьж, засаг хошууны бэйсийн хэргэм шагнажээ. Хожим нь Үйзэн(Пандиа) бэйлийн хошуу гэх болсон аж. 9. Дундад хойд зүүн хошууны ноёноор анх Гүншарыг тавиад засаг тэргүүн зэрэг тайж болгов. Энэ хошууг хожим нь Мэргэн гүний хошуу гэжээ. Эдгээр 9 хошуу бүгд нэжгээд сумтай байжээ. 10. Дундад хойд баруун хошууны ноёноор анх Барыг өргөмжилж, засаг тэргүүн зэрэг тайжийн хэргэм шагнажээ. Энэ хошуу нь анх 56 өрхтэй байгуулагдсан бөгөөд сум хуваагаагүй ажээ. Хожим нь Хурц(Даяа) гүний хошуу гэх болжээ. 11. Дундад баруун хошууны анхны ноёноор Гэндэнг өргөж, хошуун засаг бэйсийн хэргэм олгожээ. Хоёр сумтай, эл хошууг хожим нь Ерөөлт (Баатар) бэйлийн хошуу гэх болсон. Баядын 11 хошуу багтсан Сайн Заяатын зүүнгарын чуулганы даргаар Төгс хүлэг Далай хан Цэрэнг, дэд чуулганы даргаар дундад зүүн хошууны ноён Сэвдэнг тавьж захируулсан ажээ. 1921 онд тус оронд хувьсгал ялсны дараа засаг захиргааны шинэ зохион байгуулалтанд шилжих үед урьдын Дөрвөд далай хан аймаг, Зоригт хан аймаг хоёрыг нийлүүлээд 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, Улаангомд төвлөрүүлсэн байна. Тэр үед Далай ханд захирагдсан баядын арван хошууг Зоригт ханы аймагт захирагдсан баядын Ерөөлт бэйсийн нэг хошуутай нэгтгэн Баянчандмань уулын хошуу хэмээн нэрлээд Чандмань уулын аймагт захируулжээ. 1931 онд Чандмань уулын аймгийн суурин дээр Увс аймгийг байгуулж урьдын хошуудаар сум зохиосон байна. Тэгэхд баядын Мэргэн гүн, Түшээ гүн, Эрдэнэ гүн, Хурц гүнгийн хошуугаар Зүүн говь сум, Эрх ван, Жонон бэйлийн хошуугаар Малчин сум, Үйзэн(Пандиа) бэйл, Эетэй(Жажин) гүний хошуугаар Тэс сум, Саруул гүн, Ерөөлт(Баатар) бэйс, Дайчин вангийн хошуугаар Хяргас сумыг тус тус байгуулжээ.
Баяд овогтон ОХУ-ын Халимаг, Буриад, БНХАУ-ын Өвөр Монгол, Монгол улсын ихэнх аймагт байдаг. Мөн Түрэг хэлтэн улсуудын дунд Баяд овог байсан тухай мэдээ үлджээ. Баяд хэмээх нэрээр тодорхой нэрлэгдэж байгаа Баядууд бол дөрвөн Ойрадын бүрэлдэхүүний Баядууд юм. Тэд Дөрвөд аймгийн захиргаанд байсан бөгөөд 1754 онд Зүүнгарын хаан Даваачтай эвдрэлцсэний улмаас Дөрвөдүүдийн хамт Алтайн нурууг давж, Манж Чин улсад дагаар оржээ. Манж нар тэднийг 1758 онд Увс нуурын газарт нутаглуулжээ. Эдгээр Баядууд Монгол улсын Увс аймагт оршин суудаг.Чингис хааны 9 өрлөгийн нэг Хар хирүгэ нь Ойрадын Баяд ястаны хүн байжээ.Мөн Мөнх,Хубилай,Өлзийт,Аргун,Газан,Тогоонтөмөр зэрэг хаадын хатад нь Баяудын гүнж нар байсан бөгөөд тэд хэзээнээсээ Боржгон овогтонтой худ ургын холбоотой байсаар ирсэн байна.Монгол төрийн их үйл хэрэгт хүчин зүтгэж байсан төрийн том түшээ ноёд баядууд дунд олон байсаны нэг Юань гүрний их түшмэл Дархан тайш Яньтөмөр юм.Юань гүрний үеийн Монголын цуут жанжин Хөхтөмөрийг Хятад сурвалжуудад Ван Бао Бао гэгддэг хятад хүн гэдэг ч 1990 онд олдож шуугиан тарьсан Юань улсын түшмэл Баяд овгийн Сайнчи Даху- Бунхны бичээс Хөхтөмөр жанжин түүний ахмад хүү болохыг маш дэлгэрэнгүй, хөдөлбөргүй баталсанаас хойш Хятадын Эрдэмтэд Хөхтөмөр жанжин бол эцэгийн талаас Монголын Баяд овгийн хүн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.Зүрчидийн Алтан улс,Монголын Хятан улсын түүхийг засварлан түүхийн үнэт бодит мэдээлэлийг хожмийн бидэнд үлдээсэн хар залуугаасаа Ёслолын яамны сайдаас өгсүүлээд төрийн том албан тушаалуудад томилогдон ажиллаж байсан их яруун найрагч Дайбух ноён болвоос Баяд овгын хүмүүн юм. Дашрамд дуулгахад Чингис хааны их өвөг Бодончир Мунхаг болвоос баяд овгийн нэгэн хүмүүн Малик Баядаас гаралтай гэж хүмүүс үздэг нь үнэний ортой юм.Мөн БНМАУ-ын сүүлчийн удирдагч Ж.Батмөнх,Монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг,Хууль зүйн яамны сайд асан Ц.Нямдорж,Монголын анхны эмэгтэй сайд Н.Лхамсүрэн,Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжав,Эрчим хүчний яамны сайд Сономпил зэрэг маш олон төрийн түшээ энэ ястанаас тодрон гарсан юм. Баядууд нь хэзээнээсээ урлаг соёлын хувьд ариван баялаг уламжлалтай ард түмэн бөгөөд тэдний дундаас Алдарт туульч Парчин,Нянгар одоо цагт дуучин Л.Банзрагч,Д.Бурмаа,Л.Болдбаатар,Б.Энхмэнд,Р.Дэлгэрмаа,П.Жимсээ нар баяд хүн билээ.
toimmedee.mn