Зүүн гурван аймагт ноолуурын ханш 150 мянган төгрөгөөс эхэлж байна

Үндэсний статистикийн хорооноос 2021 оны дөрөвдүгээр сард ноолуурын ханш гаргахад  нэг кг-ын үнэ Дорнод аймагт хамгийн их буюу 155 мянган төгрөг байсан. Тэгвэл ноолуурын ханш хамгийн эрт тогтдог зүүн гурван аймагт ноолуурын ханш одоогийн байдлаар 150 мянган төгрөгөөс эхэлж байна. Өнгөрсөн жилийн хувьд 90 мянган төгрөгөөс ноолуурын ханш эхэлж байсан бол энэ жилийн хувьд харьцангуй өндөр үнээс эхэлж байгаа юм. Ноолуурын хамгийн дээд үнэ дөрөвдүгээр сард тогтдог. Энэ жил ноолуурын ханш өндөр тогтож буй нь дэлхийн дахинд ноолуурын эрэлттэй холбоотой байгааг хэлж байгаа юм. Харин ямаа самнах үнэ ханш 10-15 мянган төгрөг байгаа юм.

Засгийн газрын зүгээс энэ жил ноолуур компаниудад 150 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Өнгөрсөн жилийн хувьд ноолуур боловсруулах үйлдвэр, компаниуд 95 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнаас авч байсан юм. Ноолуур боловсруулах компаниудын зүгээс байнга тавьдаг нэг санал нь ноолуур гарахаас өмнө зээл олгохыг хүсдэг ч энэ нь хэзээ ч шийдэгдэж байгаагүй бөгөөд энэ жил ч мөн давтагдах нь. Тавдугаар сараас эхэлж зээлийг олгодог учраас мөнгөтэй байгаагаараа БНХАУ-ын ченжүүд ноолуурын өрмийг авч, үндэсний үйлдвэрлэгчид мөнгөгүйн улмаас хусмыг авдаг энэ байдал сүүлийн 30 жил үргэлжилж буйг тэд учирлаж байна.

Одоогоор Монгол орны ямаан сүрэг 26 сая хүрсэн бөгөөд 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг байна. Үүний 25 хувь нь эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулагдаж гардаг бол 75 хувийг түүхийгээр нь экспортолдог. Монгол Улсын хувьд дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 40 хувийг эзэлдэг.

http://eagle.mn/r/99547

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2022 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.