Ш.Идэрбаясгалан: Халтмаагийн Баттулга зайлшгүй сонгогдох цаг үеийн шаардлага бий болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалангийн хэлсэн үгийг хүргэе.

Тэртээх 1990 оны цагаан морин жил Монгол Улсын Баатар Даваадоржийн нэрэмжит талбайд Ардчиллын зоригт охид, хөвгүүд маань эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг уухайлан дэмжиж, түүчээлэн оролцож Ардчиллын өлгий нутаг хэмээн хүндлэгдсэн билээ. Өнөөдөр Хотгойдын зоригт хүү, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэгч Шадар ван Чингүнжавынхаа төрсөн нутагт, алдарт гурван аваргынхаа өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгатай уулзаж байгаадаа баяртай байна. Хөвсгөлчүүд төдийгүй монголчууд бид түүхэн сонголтын өмнө тулж ирээд байна. Цагаан морин жилийн хувьсгалын үр дүнд хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн тусгаар байдал гэхчлэн ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг авч үлдэх үү аль эсвэл их гүрнээс хараат, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн, төрийн албыг наймаалцсан, хөдөлмөрийн хүчээр биш төрөөс төрсөн тэрбумтнуудтай, гадны компаниудын хараат, боолчлогдсон улс болох уу гэдэг туйлын эгзэгтэй цаг үед тулж ирээд байна.

Ийм цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга зайлшгүй сонгогдох цаг үеийн шаардлага бий болжээ. Манай аймгийн хувьд сүүлийн хэд хэдэн сонгуульд Ардчилсан нам цөөнх болсон. Энэ бүхэн бол Ардчиллаасаа ухарсан хэрэг бус “Эм Си Эс” гэх компанийн бохир мөнгө, царцааны нүүдэл, санал хуваах, худалдаж авах сонгуулийн хар технологийн үр дүн хэмээн үзэж байна. Хөвсгөлчүүд бид Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд Ардчилсан намаас нэр дэвшигчдээ 50-иас дээш хувьтай гаргаж байсан нь Ардчиллаасаа ухраагүйн нотолгоо юм. Хөвсгөлд аймагт МАН сүүлийн есөн жил засаглахдаа төрийн албыг төрлийн алба болгож, ардчилсан үзэлтэй хүн бүрийг ажлаас нь халж, төрөл садан, найз нөхдөө ажилд авдаг байдал газар авчээ. Түүнчлэн, улсын болон орон нутгийн төсвөөр хийгдсэн томоохон хөрөнгө оруулалтууд өнөө хүртэл үр өгөөжөө өгөөгүй байна. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газар жил ирэх тусам төсвөө хэтрүүлсээр иржээ. Тухайлбал, цэвэрлэх байгууламж, гэр хорооллыг цэвэр усаар хангах төсөл, битүү зах гэх мэт. Хөвсгөл аймгийн МАН-ын нөхдүүдийн үндэслэлгүй төлөвлөлтөөс шалтгаалж сүүлийн жилүүдэд манай аймгийн өрсөлдөх чадварын үндсэн хүчин зүйлд өгсөн үзүүлэлтээр засаглалын үр ашиг нь 21 аймгаас сүүлээсээ хоёрдугаарт жагсч байна.

Нэр дэвшигч Баттулга таныг хөгжил дэвшлийг урьдчилан харж, бодож төлөвлөж, хэрэгжүүлж, өөрийн ажил амьдралаараа, бүтээн байгуулалтаараа, хийж бүтээснээрээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн цөөхөн монголчуудын нэг гэж зүй ёсоор харж, үнэлж дүгнэж явдаг. Иймд монголчууд тэр дундаа хөвсгөлчүүд бид танд итгэж байна. Хөвсгөлчүүд бид Халтмаагийн Баттулга таныг Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болно гэдэгт эргэлзээгүй итгэж байгаа. Манай аймгийн тулгамдсан, иргэдийн хүсэн хүлээж буй асуудлыг төрийн бодлогод тусган ажиллахыг хөвсгөлчүүдийнхээ нэрийн өмнөөс даалгаж байна. Нэгдүгээрт, нутгийн удирдлагын ордон дээр олон жил байрласан “Аялал жуулчлалын цогцолбор төв” гэсэн хий хоосон лоозонг бодит ажил хэрэг болгох. Хөвсгөл аймгийг олон улсын нисэх онгоцны буудал, боомттой болгох, дотоодын болон гадаадын жуулчдын сонирхлыг татсан тусгай зориулалтын аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй болгох. Хоёрдугаарт, хөдөө аж ахуй, газар тариаланд түшиглэсэн үйлдвэрлэлийг бий болгож, иргэдийг ажлын байраар хангах, далай ээж Хөвсгөл нуурыг маань дэлхийн өвд бүртгүүлэх зэрэг хөвсгөлчүүдийн хүслийг хүлээн авч, төрийн бодлогод тусган ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол ялна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.