У.Хүрэлсүхийн дарангуйллын эсрэг эцсийн найдвар АН болж үлдлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан маргаантай хуулийн төслийг Засгийн газар Үндсэн хуулийн зөрчилгүй гэж дэмжин, УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал үг дуугүй хүлээн авав. Ерөнхийдөө командынх нь цэргүүд “Үндсэн хууль зөрчсөн” гэх олон нийтийн шүүмжлэлийг үл тоон хуулийн төслийг батлах үүрэг хүлээсэн мэт маш хурдан ажиллаж эхэлсэн. Төсөл санаачлагч анх олон нийтэд энэ талаар мэдээлэхдээ, яаралтай горимоор хэлэлцүүлж, батлуулах зорилгоo илэрхийлсэн нь ч бярдаж, сандарч буй хэлбэр байлаа. Улмаар 126 гишүүнтэй УИХ төрийн эрх барих уу, эсвэл Ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөл төдий болох уу гэдэг хэлэлцүүлэг өрнөх нь тодорхой боллоо.

Ерөнхийлөгч санаачилсан төслөө хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай хэмээн тайлбарлаж, хуулийн төслөө УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт болгон оруулж ирсэн нь шууд Үндсэн хуулийн зөрчил үүсгэв. УИХ хуулийн төслийг Үндсэн хуулийн зөрчилтэй хэмээн буцаах боломжтой ч өнөөдрийн нөхцөлд тийм эр зориг, парламентын ардчиллаа хамгаалах зориг зүрх эрх баригчдаас харагдахгүй байна.  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ганцаараа эсэргүүцэж мэдэгдэл хийсэн төдий. Эрх мэдэлгүй болсон Ерөнхий сайдыг дагах гишүүн хэд бол.

Харин эсрэг талд нь бүхэл бүтэн Засгийн газар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн үйлдэлтэй санал нэгдэж буйгаа илэрхийлжээ. Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 4-ний хуралдааны тэмдэглэлээр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилсан нь УИХ-ын үйл ажиллагаа, дэгт хамаарах бус, харин гишүүн эрх зүйн байдал, бүрэн эрхийн хэрэгжилт, дуусгавар болох нөхцөлтэй холбоотой байгаа нь хуульд нийцэж байна” гэх санал өгчээ. Гэтэл УИХ-ын гишүүний бүрэн өөрөө УИХ-ын үйл ажиллагаа, дэгтэй салшгүй холбоотой асуудал шүү дээ. Бүрэн эрхгүй парламент дархлаатай байж чадахгүйтэй адил чадамжгүй гишүүнтэй парламент байснаас байгаагүйтэй адил.

Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс УИХ-д хаягласан албан бичигтээ Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Энэ заалтаар Ерөнхийлөгч ямар хууль санаачилж болох, болохгүй вэ гэдэг эрх хязгаарыг нь тогтоож өгсөн. Энэ хязгаарыг Үндсэн хуулийн тухай хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгээр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тодотгож өгсөн. Энэ хоёр заалт бүгд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн том дэвшил байсан юм.

Мөн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн  төслийн танилцууга, үзэл баримтлалд “Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 болон Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан бүрэн эрхээ эдэлж байна” хэмээх тайлбар зүүсэн нь Үндсэн хуульд шууд халдсан үйлдлээ парламентаар хүч түрэн ямар ч үнээр хамаагүй батлуулахаар улайрч буйг батлав. Эрх мэдлээ нэмэгдүүлэхээр Үндсэн хууль дээр гишгэлж байгаа Ерөнхийлөгчөөс өөр ямар ч үйлдэл гарах вэ. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн “УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, УИХ-аар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэдэг заалт хэрэгжиж байгааг ч үл ойшоосон. Парламентыг атгах хуулиа хараахан батлуулж амжаагүй ч парламентын дээр гэдгийг дээр шүү гэдэг урьдчилсан анхааруулга гэлтэй.

Уг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн төслийн гол үзэл баримтлалаа ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах замаар дархлааг бэхжүүлж, ард иргэдийн хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэмээн тайлбарласан. Гэтэл өнөөдөр Үндсэн хууль, УИХ-ын тухай болон Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчсөн гишүүдийг эгүүлэн татах хуулийн зүйл, заалт, хариуцлагын тогтолцоо хангалттай байгаа. Тэдгээр хуулийн заалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх үүргийг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөн томилдог  Ерөнхий прорукурор, түүний орлогч нар хүлээж байгаа. Хэрэв тэд албан үүргээ хангалтгүй гүйцэтгэж байна гэж үзвэл, чөлөөлөх эрх нь Ерөнхийлөгчид бий. Тэр эрх мэдлийг өнөөдөртөө хэн ч булаацахдах боломжгүй. Түүнчлэн  “Ёс зүйн ноцтой зөрчил”, “Тангарагийг чандлан сахих” зэрэг үг, өгүүлбэрийг утга агуулгыг эцэслэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Яг ямар үйлдэл, тохиолдлыг хэлэх гэдгийг хэл шинжлэлийн ухаанаар баталж чадаагүй нь хүч хэрэглэсэн хуулийг дагасан хардлагыг нэмэгдүүлсээр байгаа юм. Хуулийн санкц ойлгомжгүй учраас хэний, ямар ч үйлдэлд зориулан хэрэглэх эрсдэлтэй гэсэн үг.

Ерөнхийлөгч хуулийн төсөлдөө Үндсэн хуулийн Цэцийг хутгасан бөгөөд Цэцийн дээр өнөөдөр хэн байгааг бүгд л харж байгаа. Энэ мэт нэр төдий тайлбараар халхавчилсан хуулийн төслийг Үндсэн хуульт парламентын тогтолцоонд халдахаар УИХ-д оруулж ирэв. Одоо УИХ-ын 126 гишүүн, тэр дундаа сөрөг хүчин АН-д нэг хүний эрх мэдлийг үлэмж нэмэгдүүлэх хуулийг унагаана гэдэг найдвар тавихаас өөр итгэл үлдсэнгүй.

Гэтэл УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн байгаа царай нэг л биш. Засгийн газрын халаасанд амь зогоож байгаа ХҮН намд угаасаа парламентын засаглалаа хамгаална гэж найдах хэрэггүй. Т.Доржханд тэргүүтэй сайд, дарга нь суудлаа хамгаалахын тулд ах намынхаа хүслээс гажихгүй.  Тэдний адил МАН-ын Засгийн газраас бялуунаас хороож суугаа ИЗНН-ынханд парламентын ардчилал битгий хэл намын дотоод хэрүүлээ зохицуулахад ч бэрх байгаа.

Харин  Н.Номтойбаяр тэргүүтэй Үндэсний эвсэл Ерөнхийлөгчийн “Хаан”-т засаглалыг дэмжихгүй гэдгээ хамгийн түрүүнд ил цагаан мэдэгдсэн. Үндэсний эвслийн тэргүүн мэдэгдэлдээ, “Үндэсний дархлаа гэдэг нэг хүний эрх мэдэл биш. Харин ард түмний сонголтоор бүрдсэн парламент. Парламент хүчтэй байвал ардчилал хүчтэй байдаг. Парламент сулрах бүрд эрх мэдэл нэг хүний гарт төвлөрдөг. Монголын улс төрийн сүүлийн 30 жилийн түүхийг харвал парламент ба Ерөнхийлөгчийн институцийн хооронд эрх мэдлийн далд тэмцэл тасралтгүй өрнөж ирсэн. Парламент сулрах бүрд “нэг хүний төр” рүү ойртдог” зэргээр У.Хүрэлсүхийн хуулийн ил цагаан шүүмжилсэн. Гэхдээ парламентад дөрөвхөн суудалтай эвсэл “Хаант засаг"-ийн эсрэг тэмцээд нэмэргүй гэдгээ өөрсдөө ч мэдэж байгаа.

Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүнийг аялдан дагалдагчдаас Үндсэн хуульт  ардчилсан тогтолцоо, түүний дархлаа болсон парламентын засаглалаа хамгаалах эцсийн найдвар нь өөрсдийгөө “Хүчтэй сөрөг хүчин байна” хэмээн ам гарсан АН болж үлдэж байгаа. Дотоод сонгуулиа хэрүүл, зодооны наахнуур хийж байгаа сөрөг хүчний Үндсэн хууль, парламентын бүрэн эрхэд халдаж буй Ерөнхийлөгчийн олон удаагийн үйлдлийн талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна. Хүсэлгүйнх үү, бүү мэд. Өнөөгийн ардчилсан парламентын тогтолцоог хамгаалах үзэл баримтлалтай нам шүү дээ.

"У.Хүрэлсүх болон түүний хүрээллийнхэн Үндсэн хуульд халдах замаар Ерөнхийлөгчийг дахин сонгох гээд байна шүү. Энэ бол дарангуйлагч төрүүлэх замын эхлэл" гэдэг агуулгатай анхааруулгыг Төрийн ордонд хамгийн өндөр мэдээлэл дээр сууж ирсэн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын лидерүүд өгсөөр байгаа шүү.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2026 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.