Гаднынхны нүдээр Монгол” булангийн энэ удаагийн дугаарын зочноор Австрали улсын иргэн Зак Конныг урьж ярилцлаа.
"АНХ МОНГОЛД ИРЭХЭД ХОЁР ӨӨР ЕРТӨНЦ НЭГ ДОР БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛСЭН"
- Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
- Намайг Зак Конн гэдэг. Би Мельбурн хотоос ирсэн. 2019 оноос хойш энд ирэн очин гурван жил орчим болсон байна. Цар тахал дууссаны дараа, 2022 оны гуравдугаар сард эргэж ирсэн. Энэхүү гурван жилийн хугацаанд Австралийн сайн дурын хөтөлбөрийн хүрээнд "Азийн сан" болон "Бүгд Найрамдах Чех Улсын Каритас" хэмээх ТББ-д сайн дураараа ажилласан.
- Та одоо юу хийдэг вэ?
- Би Улаанбаатар хотод хувийн сургуульд газар зүй, түүхийн багшаар ажиллаж байна.
- Та Монголд ирж байсан анхны сэтгэгдлээ хуваалцаач.
- Тэр үеийг маш тод санаж байна. Би анх Монголд ирэхдээ маш их догдолж, ирээд их гайхаж байлаа. Учир нь миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй олон зүйл энд байсан. Монголд ирэхээсээ өмнө би Хятад болон Зүүн Европоор нэг сар орчим аялсан. Улаанбаатарыг харахад миний хувьд Ази болон Европын аль алиныг нь багтаасан холимог хот мэт санагдсан.Монгол орны байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, түүгээр аялахаас өөр ямар ч гайхалтай эрх чөлөө байхгүй байх.
Эхлээд харахад Румынд байдаг шиг, өдгөө Орост ч байдаг орон сууцнууд энд бас байлаа. Эдгээр байшингуудыг хараад Румын улсын Бухарестэд байсан үе минь санаанд орсон. Нэг үгээр хоёр өөр ертөнц нэг дор байгаа мэт мэдрэмж төрүүлсэн нь сонирхлыг минь илүү их татаж байв. Зүгээр л энэ орны талаарх байж болох бүгдийг мэдэхийг хүсэж байв. Анх Австралид байдаг найзууддаа би Монгол руу нүүх гэж буйгаа хэлэхэд "Хятад хэл мэдэхгүй байж яаж тэнд амьдрах болж байна?" гэж асууж байсан. Олон хүн Монголыг бие даасан улс гэдгийг мэддэггүй нь гайхмаар бас харамсалтай. Монголыг дэлхий нийт мэдэх учиртай, гайхалтай орон гэж би боддог.
- Энэ зун Монголын хөдөө нутгаар аялав уу?
- Тийм ээ, би ээж үеэл хоёртойгоо аялсан. Үнэхээр гайхалтай аялал байсан ч нөгөө талдаа томоохон сорилт болсон. Өмнө нь хөдөө ажиллахдаа ТББ-ынхаа шугамаар хүмүүстэй хамт явдаг байсан. Харин энэ зун би анх удаа амралтаа авч, өөрөө бие даан аялсан юм. Энэ бол миний анхны авто аялал байсан бөгөөд надад монгол найзууд, хамт ажиллагсад маань тусалсанд үнэхээр их баярласан. Монгол хэл мэдэхгүй эсвэл орон нутгийн холбоо байхгүй бол Монголд аялахад их хэцүү санагдсан.
Замд Баянзаг, Цагаан суварга зэрэг хамгийн алдартай газруудыг заасан замын тэмдэг байхгүйд нь их гайхсан. Бид газрын зурагтаа найдаж, замд таарах жолооч нараас замаа асуух хэрэгтэй болсон л доо. Хэрэв ээж, үеэл хоёр маань надгүйгээр аялж байсан бол яах байсан бол гэж ч бодогдсон. Ямар ч арга байхгүй, үнэхээр сорилттой аялал. Мөн гадаадын иргэн долоо хоногийн өмнө, ядаж өмнөх орой нь байр, буудлаа захиалж чадахгүй нь бас хэцүү санагдсан. Бид хоноглох газар олтлоо баазаас бааз руу явж байлаа. Гэхдээ энэ нь бидний хувьд үнэхээр даван туулахад үнэ цэнэтэй гайхалтай сорилт болсон.
Монгол орны байгалийн үзэсгэлэнтэй тогтоц, түүгээр аялахаас өөр ямар ч гайхалтай эрх чөлөө байхгүй байх. Бид нэг шөнө гадаа зүгээр л хөнжлөө дэлгээд, оддын дор унтсан. Мөн нэг удаа бид гадаа хоол хийж байтал нэг алаг даахай хүрээд ирсэн. Замдаа нутгийн хүмүүстэй ярилцаж, зэрлэг амьтадтай таарах үнэхээр гайхалтай байсан. Энэ бол бидний хувьд хэзээ ч мартагдахааргүй аялал бөгөөд Монголоос өөр хаана ч үзэх боломжгүй аялал гэж бодож байна. Монгол шиг ийм өргөн уудам, эрх чөлөөтэй орон хаана ч байхгүй.
- Та Улаанбаатарт ямар унаа ашигладаг вэ?
- Би ихэнхдээ алхахыг илүүд үздэг, заримдаа скутер унадаг. Өнгөрсөн долоо хоногт би анх удаа ганцаараа автобусаар явж үзлээ.Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн би монголчуудын хийж байгааг ажиглан, ямар ч үед дагаж хийхийг хичээдэг
- Өмнө нь автобусаар явж байгаагүй гэсэн үг үү?
- Би өмнө нь ажлынхаа хүнтэй автобусаар явж байсан ч энэ удаад анх удаа ганцаараа явлаа.
- Ямар санагдсан бэ?
- Нуулгүй хэлэхэд нэлээн хэцүү байсан. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн би монголчуудын хийж байгааг ажиглан, ямар ч үед дагаж хийхийг хичээдэг. Би автобусанд унтаж байгаад нэг хартал цаг гаруй болсон ч түгжрэлээс болоод хүрэх газартаа нэг ч километр дөхөөгүй байсан. Гэтэл зарим зорчигч замын голд автобуснаас бууж эхэлсэн тул би ч мөн бууя гэж бодоод хаалга руу дөхтөл жолооч намайг буулгаагүй. Бусад хүмүүсийг буулгасан мөртлөө намайг буулгахгүй байсанд миний жаахан дургүй хүрсэн.
- Бусад хүмүүсийг буулгасан хэр нь таныг буулгахгүй байсан хэрэг үү?
- Тийм ээ, би түүнээс "Та сая олон хүн буулгалаа шүү дээ, тэгээд би яагаад бууж болохгүй гэж?” хэмээн асуусан. Гэтэл тэр "Үгүй ээ, буцаад унт" /No, sleep/ гэж англиар хэлсэн. Замын түгжрэлд аль хэдийнэ бухимдаж байсан надад тэр жолоочийн хандлага байдлыг улам дордуулсан.
- Таныг нэг талаараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байна шүү дээ.
- Тийм ээ, тэгээд би автобусны ард зогсож байгаад, өөр нэг монгол хүн буухаар нь гүйж очоод хаалга хаахаас нь өмнө бууж амжсан. Жолооч зөвхөн надад л зориудаар тэгж хандсан. Гэхдээ иймэрхүү зүйл ховор тохиолддог л доо. Энэ явдал анх удаа ганцаараа автобусанд суухад л тохиолдсон. /инээв/Монголд байнга л сайхан зүйлс тохиолддог. Тиймдээ ч энэ нь цар тахлын дараа Монголд буцаж ирэх шалтгаануудын нэг байсан.
- Танд өмнө нь үүнтэй төстэй үйл явдал тохиолдож байв уу?
- Хааяа таксины жолооч нар иймэрхүү хандлага гаргадаг. Заримдаа UB Cab аппликейшн дээр такси олдохгүй байх үе гардаг. Тэгэхээр мэдээж зам дээрээс шууд такси барих хэрэг гарна. Хоёр жилийн өмнө би найзуудтайгаа "Корпорейт"-д тоглолт үзчихээд гарч иртэл нэг жолооч "Такси байна" гээд хажууд ирсэн. Би түүнээс хэдэн төгрөг болохыг асуухад тэр 90,000 төгрөг гэж үү?! Тэр намайг монгол хэл гадарладаг гэдгийг мэдэхгүй болохоор монгол найзуудад маань “Санаа зоволтгүй ээ, энэ баян гадаад найз чинь төлж дөнгөнө” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Юу вэ, ямар аймаар үнэтэй юм бэ?” гэж монголоор хэлсэн. Тэгээд л тэр намайг мэхэлж чадахгүйгээ ойлгосон доо. /инээв/
Иймэрхүү зүйл ховорхон тохиолддог бөгөөд эсрэгээрээ олон монгол хүн надад маш өгөөмөр, найрсаг ханддаг. Гурван жилийн хугацаанд гуравхан удаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан байх, харин монголчуудын өгөөмөр сэтгэлийг байнга л мэдэрдэг. Энэ явдал хоёр жилийн өмнө болсон ч одоо хүртэл санаанаас минь гардаггүй юм.
- Та энд байх хугацаанд сэтгэлд хамгийн тод үлдсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач.
- Монголд байнга л сайхан зүйлс тохиолддог. Тиймдээ ч энэ нь цар тахлын дараа Монголд буцаж ирэх шалтгаануудын нэг байсан. Үнэндээ гайхалтай үйл явдал олон удаа тохиолддог учраас би тэдгээрийг мартчих гээд байдаг тул тэмдэглэл хөтөлдөг. Хэрэв Австралид тийм дурсамжтай үйл явдлууд боллоо гэхэд тэмдэглэх шаардлагагүй мартахгүй байх байсан.
Санаанаас гардаггүй хамгийн гайхалтай дурсамжуудын нэг бол 2022 оны “Машингүй өдөр” болсныг тод санаж байна. Ажлаасаа гараад орос маягийн байшингийн аркаар булан эргэтэл хоёр жаахан хүүхэдтэй зөөлөн мөргөлдөв. Хартал нэг нь болох бяцхан охины гартаа барьсан ягаан малгайн дотор хоёр жаахан дэгдээхий байсан. Өөр зүйл бодоод явж байсан надад тэрхүү дүр зураг сэтгэл сэргээх шиг болж гэрэл зургийг нь авмаар болов. Араас нь охины ээж ирээд, тэдний зургийг авахыг зөвшөөрсөн. Гэтэл зураг авч байтал нэг дэгдээхий нь малгайнаас үсэрч гараад, хоёр жаал барихаар араас нь гүйж байхыг харах үнэхээр гайхамшигтай бөгөөд урьд өмнө нь төсөөлж байгаагүй дурсамж болж үлдсэн.
Энэ явдал хоёр жилийн өмнө болсон ч одоо хүртэл санаанаас минь гардаггүй юм. Энэ бол миний тэмдэглэлд багтсан олон сайхан дурсамжийн нэг.
- Таны хамгийн дуртай монгол хоол юу вэ?
- Хорхог. Гэхдээ би ирснээсээ хойш хоёрхон удаа л идэж үзсэн. Хорхог хийх газар хомс ч, хоёр удаа идэхэд хоёуланд нь үнэхээр амттай байсан. Надад маш их таалагдсан. Өөрөө хорхог хийж үзмээр санагддаг ч даралттай тогоо ашиглах жаахан хэцүү юм шиг байна лээ.
- Та энд чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Би гэрэл зурагчин. Зав гарвал гэрэл зураг авдаг. Энд анх ирэхэд өнгөт плёнк угаах лаборатори байдаггүй байсан. Тиймээс би гэрийнхээ угаалгын өрөөнд жижиг лаборатори байгуулж, плёнкоо угааж сурсан. Бас хөгжим тоглох дуртай.
- Та ямар төрлийн хөгжим тоглодог вэ?
- Басс гитар. Ажлын дараа гэртээ тоглож амардаг.
"МОНГОЛД УРЬДААС ТААМАГЛААГҮЙ ОЛОН ХАЧИРХАЛТАЙ ЗҮЙЛ ТОХИОЛДДОГ НЬ СОНИРХОЛТОЙ"
- Энд ямар үйлчилгээ эсвэл шинэлэг зүйлийг хэрэгжүүлээсэй гэж хүсдэг вэ?
- Би энд залуучуудтай ажиллахдаа Монголын залуучуудыг илүү идэвхтэй байгаасай гэж хүсдэг болсон. Залуучуудын дунд нэг төрлийн "Хорвоо ямар ч байсан болох ёстойгоороо л болно" гэх хандлага их ажиглагддаг. Тэд засгийн газрын шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй юм чинь, оролцох шаардлагагүй гэж боддог. Энэ нь залуучууд өөрсдийн оролцоо, дуу хоолойг ашиглахгүй байгаа шалтгаан байх.
УИХ-ын гишүүдэд хандаж, дуу хоолойгоо хүргэж, өргөдөл гаргахад цаг хугацаа хэрэгтэй, бэрх гэдгийг ойлгож байна. Гэхдээ залуучууд өөрсдөө өөрчлөлт хийж чадна гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Бүгд тийм их байх шаардлагагүй, ердөө хүн амын 3.5 хувь нь ямар нэгэн өөрчлөлт хүсвэл, энэ нь гарцаагүй нөлөө үзүүлдэг. Би залуучуудтай ярилцахад ихэнх нь ирээдүйгээ Монголд хардаггүй гэдэг. Гэхдээ тэд Монгол Улсын хүн амын гуравны нэгээс илүү хувийг эзэлдэг. Хэрэв тэд үнэхээр энэ улсыг өөрчлөхийг хүсвэл чадах л ёстой. Гэхдээ илүү идэвхтэй, итгэлтэй байх хэрэгтэй.
Энэ нь амар биш гэдгийг би ойлгож байна, бид хүн төрөлхтний урьд өмнө байгаагүй хамгийн хэцүү зуунд амьдарч байна. Энэ бүхнийг хараад хаанаас эхлэхээ тодорхойлох мэдээж бэрх. Гэхдээ хамгийн эхний бөгөөд хамгийн хялбар зүйл бол залуучууд юу хүсэж, юунд бухимдаж байгааг төрд мэдүүлж, санал өгөх явдал юм. Залуучууд сайн дурын ажил хийх, ТББ-уудтай хамтран ажиллах, олон нийтийн бүлгүүдийг байгуулах зэргээр өөрсдийн бүтээхийг хүсэж буй нийгмийнхээ нэг хэсэг болж чадна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр нь залуучуудын үнэ цэнийг төрд манлайлах механизм юм.
Монгол төр юу хийх ёстой, юуг хийх ёсгүй талаар надад ямар нэг санаа бодол байхгүй. Тэгэх ч эрхтэй нэгэн биш. Гэхдээ би монгол залуустай ярилцахад тэд гадаад улс руу нүүж, амьдрах хүсэлд их анхаарал хандуулдаг юм шиг санагдсан. Гэхдээ Монгол Улс бүх ард түмнээ төлөөлдөг, бүх ард түмнийхээ төлөө байх хэрэгтэй.
- Таныг залуу үеийнхэнтэй ажилладаг хүний хувьд асуухад тэдний ирээдүйн хөгжил, боломжийг хэрхэн харж байна вэ?
- Монголд залуучуудын хувьд боломж нь тэдний хүн ам зүйн хэмжээтэй холбоотой. Өмнө дурдсанчлан, залуучууд 2050, 2100 онд тохиох үйл явдлуудыг бий болгоход хамгийн тохиромжтой, хүссэн улсаа бүтээх чадвартай. Тэд үнэхээр хүчтэй.
Сонгуульд залуусын ирц буурсан нь магадгүй тэд итгэлээ алдсаныг илтгэж болох юм
Австралид залуу үеийнхэн хүн амд эзлэх хувь хамаагүй бага, учир нь бид уур амьсгалын үйл ажиллагаа, нийгмийн шударга ёс гэх мэт асуудлаар тэмцэж чадах ч 34-с доош насны бүх залуус санал өгөхөд 50 хувийг ч бүрдүүлдэггүй. Тиймээс бид буулт хийж, хүн амын бусад бүлгийн төлөөлөл бүхий энэ арга нь хүн бүрд хамгийн сайн нь гэж итгүүлэх шаардлагатай болдог.
Гэвч монгол залуус үүнийг үнэхээр төлөвшүүлж чадна. Энэ жил залуучуудын 67 хувь санал өгсөн нь өмнөх парламентын сонгуулиас нэлээд буурсан үзүүлэлт байсан. Энэ нь залуучууд магадгүй бага зэрэг итгэлээ алдсаныг илтгэж байж болох юм. Тэдэнд байгаа хамгийн том боломж бол хариуцлагатай, залуучуудын дуу хоолойг сонсох нэр дэвшигчдэд саналаа өгч, хүссэн нийгмээ бүтээх явдал юм.
- Та төрийн бус байгууллагад ажиллаж байгаад яагаад энд багшаар ажиллаж үлдэхээр болсон юм бэ?
- Цар тахлын дараа Улаанбаатар руу буцаж ирсэн шалтгаан нь “All for Youth, Youth for All” төсөлд ажиллах байсан юм. Энэ төсөл 2023 оны арван хоёрдугаар сард дууссан. Төсөл дууссаны дараа надад нэг л зүйл дутуу санагдаад байгаа мэт байлаа. Монголын залуучуудтай ажиллахдаа би өмнө нь мэддэггүй байсан хүсэл эрмэлзэлтэй болсон.
Тиймээс би тэр хүсэл эрмэлзлээ үргэлжлүүлэн эрэлхийлэхийг хүссэн. Би залуучуудтай ажиллахыг хүссэн, учир нь тэдэнд маш их чадвар, боломж байгааг би олж харсан. Монголын залуучууд нь сурах маш их хүсэл эрмэлзэлтэй, тэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Тэдний урам зориг, сониуч зан нь эргээд надад урам зориг өгсөн. Би залуу үеийнхэнд хамгийн сайн боломжийг олгохын төлөө ажиллаж, тэднийг ирээдүйд амжилттай ажиллаж амьдрахад нь чадах чинээгээрээ туслахыг хүссэн. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бид үнэхээр хүнд хэцүү ирээдүйтэй нүүр тулах гэж байгаа нь тодорхой. Энэ нь аль улс орноос ирсэн хэн ч бай, бүгдэд нь нөлөөлнө.
"ГУДАМЖААР АЛХАЖ ЯВАХАД ИРЖ ЯРИА ӨДӨЖ СОНИУЧИРХДАГ АРД ТҮМЭНТЭЙ УЛС МИНИЙ ХУВЬД МОНГОЛ"
- Та Монголд ирснээс хойш юуг хамгийн сайн сурсан бэ?
- Магадгүй дасан зохицох чадвар юм болов уу. Боломжуудтай дасан зохицож, асуудлуудыг шийдэх чадварт, ямар ч үед үргэлж шийдэлтэй байхыг сурсан. Жишээ нь, би хөдөө орон нутагт ажиллахдаа харахад үзэмжтэй, сонирхолтой илтгэл бэлтгэдэг. Жишээлбэл, илтгэлээ оролцогчийн сонирхлыг татсан байдлаар бэлтгэж, яриагаа сонирхолтой байлгахыг эрмэлздэг. Нэг үгээр би олон сонирхолтой зураг ашигласан маш сайхан илтгэл бэлтгэсэн байхад HDMI кабел нь ихэвчлэн эвдэрсэн байдаг. Тиймээс би өөрийн HDMI кабелаа авч явдаг болсон.
Энд удаан хугацаанд амьдарсан би хэрэв Австрали руу буцаж очвол надад уйтгартай санагдах байх.
Тэгсэн ч заримдаа HDMI руу шилжүүлэх зурагтынх удирдлага байхгүй байдаг гэх мэт тохиолдол гарна. Энэ мэтчилэн гэнэтийн саатал, хачирхалтай асуудлууд ундарч, хэрхэн буцаж явах талаар мэдээлэлгүй байх, тухай бүрд нь зохион байгуулалтын хувьд өөрчлөлтөд орох, болох газар эсвэл цагийг өөрчлөх, нөөц зүйлсийг байнга төлөвлөх шаардлага гардаг.
Нэг үгээр өөр бусад оронд тохиолдоод байдаггүй, урьдаас таамаглаагүй олон хачирхалтай зүйл Монголд тохиолддог. Тиймээс, ямарваа нэгэн асуудал шийдэхэд надад үргэлж таатай байдаг. Энд удаан хугацаанд амьдарсан би хэрэв Австрали руу буцаж очвол надад уйтгартай санагдах байх. Австралид амьдрахад миний хамгийн дургүй нэг зүйл бол хийх зүйлс минь маш сайн төлөвлөгдсөн байдаг. Даваа гарагт, дөрвөн долоо хоногийн дараа би юу хийхээ яг таг мэдэх боломжтой байдаг. Ингэх нь мэдээж үр дүнтэй ч их уйтгартай. Сарын дараа ч яг юу хийж байгаагаа мэдэж байгаа болохоор амьдралд сэтгэл хөдөлгөм зүйл байхгүй. Харин энд та маргааш юу ч болж, төлөвлөсөн зүйл өөрчлөгдөж болно. Тэр нь их гоё.
- Танд энд таалагддаг зүйл?
- Миний бодлоор монголчуудын инээмсэглэл. Монголчууд нээлттэй, амархан инээмсэглэдэг, төрөлхийн сониуч зантай. Гудамжаар алхаж явахад танихгүй хүн ирээд чамтай яриа өдөж сониучирхдаг ард түмэнтэй улс бол одоогоор миний хувьд Монгол л байна.
Би энд дөрвөн хэлээр ярьдаг маш олон хүнтэй таарсан.
Тэд намайг хаанаас ирсэн, энд юу хийж байгаа, Монголын талаар юу гэж боддог, Чингис хааны тухай сонссон эсэхийг мэдэхийг хүсдэг нь надад маш сайхан санагддаг. Монголчууд маш нээлттэй, тайван, зүгээр л инээмсэглэж, инээж хөхөрч, бүр хэлний бэрхшээлтэй байсан ч ярих гэж хичээх нь их сайхан санагддаг шүү.
- Та монголчуудыг их нээлттэй хүмүүс гэх гээд байна уу?
- Тийм ээ, гадаадынханд ихэвчлэн нээлттэй санагддаг. Гэхдээ тэд хааяа бага зэрэг ичимхий байдаг, ялангуяа англиар ярихдаа. Монгол хэлний дуудлага үнэхээр гайхалтай. Монгол хэл миний сонсож байсан бусад улсын хэлний соёлтой адилгүй. Би энд дөрвөн хэлээр ярьдаг маш олон хүнтэй таарсан. Миний аялж байсан аль ч газарт би үүнийг энгийн зүйл гэж хэлэхгүй. Монголчууд хоёр дахь хэлээр ярихдаа ч дуудлага нь ойлгомжтой байдаг.
- Та монгол хэл сурч байна уу?
- Тийм ээ, гэхдээ монгол хэл үнэхээр хэцүү. Надад хамгийн хэцүү санагддаг зүйл бол төстэй дуудлагатай эгшиг. /инээв/. Жишээ нь морь, муур, мөр зэргийн дуудлага бараг ижил. Энэ гурвыг ялгах гэж их зовно. Бас уул, үүл байна. Энэ хоёр надад яг ижил сонсогддог тул би хэзээ ч үүнийг ялгаж чадахгүй байх аа. /инээв/
- Танд амжилт хүсье. Цаг зав гаргасанд баярлалаа.
toimmedee.mn