- Та “Монголын нууц товчоо”-г вьетнам хэлээр орчуулж гаргасан байна. Баяр хүргэе. Юуны түрүүнд вьетнам хэлийг хэдийд, хэрхэн сурсан тухайгаа товчхон ярьж өгөхгүй юу.
- Би 1963 онд 10 дугаар ангиа Баянхонгор аймагт төгсгөөд Багшийн дээд сургуульд хуваарилагдаж ирсэн юм. Тэгээд орос хэл, утга зохиолын ангид ороод хамгийн шилдэг багш нараар хамгийн дуртай хичээлүүдээ заалгаж их л таатай сайхан суралцаж байлаа. Нэгдүгээр курсийн эхний улирал дуусгаад өвөл болж байтал нэг өдөр сургуулийн хичээлийн эрхлэгч дуудаад “Гадаад яаман дээр оч” гэдэг юм. Тэгээд яаман дээр очтол Багшийн дээд сургууль, МУИС хоёроос долоо, найман оюутан ирчихсэн байна. Орос хэлний шалгалт өгөх болов. “Правда” сониноос бичгийн орчуулга хийлгэж шалгалт авлаа. Хоёр хоногийн дараа яамнаас дахиад дуудав. Очсон чинь нөгөө хүүхдүүдийг ийш тийш нь хуваарилчихсан, намайг МУИС-ийн нэг оюутантай Вьетнам явж сургахаар хуваарилчихсан байна. Ингээд хэдхэн хоногийн дараа нөгөө оюутантайгаа хоёул галт тэргээр Вьетнамыг зорьсон доо. Эхний жил хэлний бэлтгэл хийгээд, нийт зургаан жил суралцаж төгсгөсөн. Намайг явуулахдаа бас франц хэл сурч ир гэсэн даалгавар өгсөн юм. Франц хэлээ ч овоо үзсэн.
- “Монголын нууц товчоо”-г хэзээ орчуулж эхлээд хэр хугацаанд дуусгав?
- Ерөнхийдөө гурван жил орчим ноцолдож байж дуусгасан. Эхлээд гадаад хэл дээр орчуулагдсан бүх хувийг нь олж авч сонирхлоо. Тэгээд нэг их яаралгүй, бага багаар, гол нь чанартай орчуулах гэж оролдсон доо. Сүүлд Ш.Чоймаа багшийн гаргасан “Монголын нууц товчоо”-ны хувилбарыг харчихаад, ингээд л бага багаар хийвэл хэзээ нэг цагт дуусгах юм байна гэсэн бодол төрсөн. Орчуулж дууссан хойноо хэвлүүлэх зардал олох гэж нэг хэсэг хугацаа алдав. Тэгтэл харин сайхан боломж гарч Ерөнхийлөгчийн Тамгын газраас ивээн тэтгэж хэвлүүлж өглөө.
- Орчуулга, редакторын ажилд вьетнам хэлний талаас ямар хүн хамтрав?
- Миний дөчөөд жилийн найз, нэртэй зохиолч, орчуулагч Хуан Түй Дуан гэж вьетнам хүн бий. Энэ найз маань редакторлаж өглөө. Тэр маань маш сайн орос хэлтэй, Оросын утга зохиолоос эх хэл рүүгээ их орчуулсан, Орост нэрд гарсан хүн. Орчуулга гэж юу байдгийг маш сайн мэддэг нөхөр. Хувийн номын өргөөтэй, утга зохиолын гэр музейтэй том хүн л дээ. Одоогоос гуч, дөчин жилийн өмнө бид хоёр анх танилцаж, би орос хэлээр орчуулагдаж гарсан монгол зохиолыг түүнд өгч, тэр вьетнам хэл рүү орчуулдаг, тэр маань надад вьетнам зохиол явуулж би монгол хэлээр орчуулдаг байсан юм. Би вьетнам үлгэр хэдийг орчуулж, тэр нь тухайн үедээ миний орчуулгаар дунд сургуулийн есдүгээр ангийн билүү дээ, сурах бичигт орсон байдаг юм.
-Тэгэхээр вьетнам хэлээр гарсан монгол зохиол байдаг байх нь ээ?
- Тийм. Цөөн хэд бий. Гол нь тухайн үед орос хэлээр гарсан цөөн хэдэн өгүүллэгийг найз минь орос хэлнээс орчуулж эх орондоо гаргасан байдаг юм. Түүгээр ч үл барам вьетнам хэлээр гарсан “Тунгалаг Тамир”-ын орчуулгыг редакторласан хүн.
-Үндсэн яриандаа оръё. “Нууц товчоо”-ны орчуулга цаашид хэрхэн өрнөв?
- Анх би “Монголын нууц товчоо”-гоо өөрөө орчуулна гэсэн бодол, итгэл байсангүй. Харин орос хэлээр гарсныг тэр найзаараа орчуулуулчих санаатай нэг удаа санал тавьж үзлээ. Тэгтэл мань нөхөр нэгдүгээрт, зав чөлөө огт гарахгүй, хоёрдугаарт, ер нь нэлээд хэцүү эд байна гэсэн шалтаг хэлээд эелдгээр татгалзсан юм. Тэгээд бодож байгаад “Үгүй ер нь би өөрөө оролдоод үзвэл яасан юм бол? Тэгээд ч үүнийг монгол хүн л зөв сайхан орчуулж чадах биш үү?” гэсэн бодол төрж эхэлсэн. Ингээд ер нь шуударсан даа. Харин нөгөө найзаараа редакторлуулахаар тохирсон. “Монголын нууц товчоо” бол буруу зөрүү орчуулбал алдас болохоор ариун нандин эд шүү дээ.
- Орчуулгадаа та яг аль эхийг барив?
- Ц.Дамдинсүрэн багшийн буулгасан “Монголын нууц товчоо”-г бол багаасаа л уншсан. Өөр хэд хэдэн хувилбар бий шүү дээ. Харин би орчуулгадаа хамгийн сүүлд Ш.Чоймаа багшийн гаргасан эхийг голлон баримталсан. Тэгэхдээ их олон юмыг харьцуулж харсан. “Монголын нууц товчоо” бол мөр шад болгон нь цаанаа нууц түлхүүртэй, тэр түлхүүрийг нь зөв ойлгох нь бидэнд их тустай юм. Би орчуулгаа эхлэхдээ ихэд сүсэглэж, өглөө болгон тэнгэртээ, бас “Монголын нууц товчоо”-ндоо мөргөнө, орчуулга хийж буй гэр орноо хүртэл ариун дагшин байх ёстой гэж үзэж байсан. Монгол хүний сүжиг гэж нэг юм байна шүү дээ.
- Номоо хаана хэвлүүлэв?
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээн тэтгэлгээр Вьетнамд хэвлүүллээ. Вьетнам хэлний үсгийн фонт гэх мэт зүйлээс шалтгаалаад тэнд хэвлүүлэх шаардлагатай болсон. Вьетнамд суугаа Элчин сайд Ж.Сэрээжав маш их дэмжиж, ном хэвлүүлэх хөрөнгө санхүүг тэр хүн зуучилж олж өгсөн юм. Вьетнамын ШУА-ийн хэвлэх үйлдвэр гэж тусдаа байдаг. Тэнд “Монголын нууц товчоо” маань саяхан хэвлэгдээд гарсан байна. Нийтдээ 300 хувь хэвлэгджээ. Дээж болгож хэдэн ботийг над руу явуулсан тухай Элчин сайд над руу ярьж дуулгасан, хараахан гар дээрээ аваагүй л байна. Их л баяртай сууна даа.
- Вьетнамд гарсан “Монголын нууц товчоо” маань тэндхийн уншигчдад яаж очих вэ?
- Би тэнд номынхоо эхийг бэлтгэж нэг сар гаруй суусан юм. Тэр үедээ Элчин сайдтай зөвлөлдөөд, тэнд тарааж өгөх шинжлэх ухааны байгуулагууд, номын сангийн нэрсийг гаргаж өгсөн. Бас ЭСЯ-ны хүмүүст очно. Тэдгээр байгууллага, хүнд Монгол улсаас Вьетнамд суугаа Элчин сайдын нэрийн өмнөөс бэлэглээрэй гэж захисан юм. Тэгээд үлдсэнийг нь номын дэлгүүрүүдээр тараах байх.
- Номын нээлт хийсэн үү?
- Ирэх 11 дүгээр сард Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох юм. Яг тэр үеэр очиж Элчин сайдтайгаа хамтарч байгаад номынхоо нээлтийг тэр ойд зориулан хийе гэж бодож байна. Тэндхийн шинжлэх ухааны байгуулагынхан, Монголыг сонирхдог хүмүүс, уншигчид, эрдэм шинжилгээний газрууд, их дээд сургуулийн тодорхой төлөөлөгчдийг цуглуулж байгаад “Монголын нууц товчоо”-гоо жаахан таниулдаг юм уу гэсэн бодолтой байна.
- Сайхан мэдээ байна. Ингэхэд Вьетнамд монголчуудын талаар хэр ойлголттой байдаг вэ?
- Вьетнамд Монголын талаарх мэдээллийг гадаадын хэвлэл, ялангуяа Хятадын хэвлэлээр дамжуулан авдаг юм. Түүхийн талаар бол нэлээд гуйвсан мэдээлэл байдаг. Тэр дундаа Монголын их гүрний үеийн түүх, их хааны түүхийн талаар нэг тийм дарангуйлагч маягийн, эзлэн түрэмгийлэл хийж цус урсгасан гэсэн ерөнхий ойлголттой явж ирсэн. Одоо ч тэр хэвээрээ л байгаа. Би заавал тэнд очиж номынхоо нээлт хийх гэдгийн учир нь эзэн хааныгаа жаахан ч гэсэн зөв талаас нь ойлгуулах зорилго агуулж буйнх. “Монголын нууц товчоо” дээрээ тайлбарлавал бүр илүү зөв ойлголт гарч ирнэ шүү дээ. Тэр үеийн монголчууд зүгээр нэг зэрлэгүүд биш, ямар том соёлтой их гүрэн байсан бэ гэдгийг одоо ойлгуулах цаг болсон. Тийм нууц бөгөөд уран сайханлаг, гайхамшигтай том бүтээлийг XIII зуунд туурвиж байж шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм.
- Вьетнам бол суурин соёлтой орон. “Монголын нууц товчоо” бол талын нүүдэлчдийн түүх. Тэгэхээр энэ зохиолыг орчуулахад хүндрэлтэй зүйл юу байв?
- Орчуулж болохооргүй ганц нэг зүйлийг тайлбарласан байгаа. Тухайн ард түмэнд аль болох ойлгогдохоор болгох, ойлгуулахаар байдгаараа хичээж ажилласан. Жишээ нь, яг эх зохиолдоо монголчууд чоно, буга хоёроос үүссэн юм шиг буулгасан байдаг шүү дээ. Тэрийг хятадууд орчуулахдаа яг л тэр чигээр буулгасан. Энэ мэт зүйлсийг илүү ойлгомжтой байдлаар, тайлбартайгаар хөрвүүлсэн юм. Бас нэг жишээ хэлэхэд “Монголын нууц товчоо”-нд адууны зүс их гарна. Ам цагаан хул, загал, шарга, хонгор гэх мэтээр. Ийм зүйлсийг “Нууц товчоо”-ны олон хэлээрх орчуулгуудыг тулгаж байгаад, гадаад хэлэнд ихэнхдээ яаж буусан байна гэдгийг харсан. Хамгийн гол нь эзэн хааны өмнө нүгэл хийж болохгүй, буруу зөрүү буулгаж болохгүй гэсэн бат нот бодолтой хийсэн хүн дээ, би.
- Та “Монголын нууц товчоо”-г бага залуугаасаа уншиж танилцсан байх. Харин вьетнам хэл рүү орчуулах бодол хэдийнээс төрөв?
- “Монголын нууц товчоо”-гоо бол олон уншсан. Харин нарийн сайн ойлгоогүй л явсан юм билээ. Дараа нь яг энэ чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтдийн бүтээлтэй танилцаад, судлаад баригдахгүй гайхамшигтай юм байна гэсэн ойлголттой болсон. Тэгэхдээ орчуулна гэсэн бодол төрөөгүй л явлаа. Тэгж байтал миний зээ дүү, ШУТИС-ийн профессор Юндэнбатын Болдбаатар хэмээх залуу нэг өдөр надад учирлав. “Та Вьетнамын уран зохиолыг л монгол руу орчуулаад байх юм. Үгүй энэ “Нууц товчоо”-гоо орчуулаач ээ” гэдэг юм байна. Би энийг орчуулах хүнд, хэцүүг дурдаад, шалтаг тоочоод өнгөрсөн. Дараа нь бодож байх нь ээ, ер нь яагаад болохгүй билээ гэсэн бодол төрж эхэлсэн. Ийм бодолтой нэг өдөр гудамжинд явж байтал хуучин ном дунд Ц.Дамдинсүрэн багшийн “Монголын нууц товчоо” байж байдаг байгаа. Надад байсан л даа, алга болчихсон юм. Нөгөөхийг худалдаж аваад, ихэд бэлгэ дэмбэрэлтэй санагдав. Орчуулах тухай бодож явтал өөрөө өмнө байж байгаа нь бүр л утга учиртай санагдахгүй юу. Тэгээд л ерөөсөө үзээд алдъя гэсэн бодол улам лавшраад, маргаашаас нь шууд сууж эхэлсэн. Өөртөө тодорхой хуваарь гаргаад, өглөө эрт босоод 1-2 цаг орчим сууна. Өдрийн орчуулах хэмжээгээ яв цав болгож аваад яг тэрийгээ л хийнэ. Үхэн хатан цаг наргүй суух юм бол барахгүй, нас өндөр болсон хүнд чангадна. Юмыг бага багаар хийхэд амттай байдаг шүү дээ. Ингээд яг дунд нь ороод ирэхээр амтанд нь бүр орчихож байгаа юм. Орчуулгаа хийх гэж яарна, орчуулга минь гайгүй болох тусам бас бахдах, баярлах сэтгэл төрнө, урам орно.
- Орчуулгаа дуусгаад сүүлийн цэгийг хатгахад юу бодогдох юм?
- Нуруунаас нэг том ачаа аваад хаячихсан шиг болж байгаа юм. Сэтгэл хөнгөрөөд л. Хүн ер нь зовж байж жаргадаг шүү дээ. Нөгөө жаргалтай зовлон гэдэг дээ, тэр л юм даа. Ингээд шууд редактортаа шилжүүлсэн. Тэгэхдээ редактор вьетнам найздаа санаа зовж эхэлж байгаа юм. Настай хүнд их ачаалал үүрүүлчихэв үү дээ, бие нь гайгүй байдаг байгаа даа гэсэн бодол төрөөд үе үе утасдаж амар мэндийг нь асууна. Зарим нэг ойлгоогүй зүйлээ над руу утасдаж асууна, би тайлбарлаж өгнө. Өөрөө сайн орос хэлтэй учраас орос орчуулгатай нь тулгасан байх. Орос орчуулга ч бас маапаантай учраас тэрийг би тайлбарлаж хэлнэ. Бид хоёр ихэнхдээ утсаар ярина. Би бас үе үе Вьетнамд очно. Ингэж явсаар л дуусгалаа даа.
- Монголд вьетнам хэл илэрхийлэл талаас нь зөвлөлдчихөөр ч юм уу, асууж лавлахаар монгол хүн байв уу?
- За бараг байхгүй дээ. Би өөрөө л яс үзсэн.
- Танд маш их баярлалаа. Эрдэм номын үйлсэд тань амжилт хүсье. Урт наслаарай.
toimmedee.mn