Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан өнөөдөр /2021.09.03/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж, цаашид уран бүтээлээ үргэлжлүүлж хийнэ гэдгээ албан ёсоор зарлалаа.
Тэрбээр “Сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар сэтгэгдлээ хуваалцах гэж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм.
Нөхөн сонгууль болж байгаа.Энэ сонгуульд С.Жавхлан дэвшинэ, дэвшихгүй гэдэг мэдээлэл маш их гарсан. Би энэ мэдээллийг маш их гайхаж хүлээж авсан. Надад нөхөн сонгуульд дэвшиж, сонгогдох санаа, бодол байгаагүй. Миний саяны хэлсэн зүйлийг ямарваа нэгэн байдлаар битгий гуйвуулаасай гэж хүсэж байна.
Миний бие “Хамаг Монгол” төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет, биет бус өв, өв соёлыг хамгаалах, мартагдсан зүйлээ сэргээж өвлүүлэхийн төлөө С.Жавхлан явдаг.
Сүүлийн үед Ардчилсан нам маш их хэрүүл уруултай байх болсон. Хэрүүлтэй айлд хүн тогтох аргагүй. Ийм айлаас зөв шийдвэр, шийдэл гарахгүй. Хэрүүлийн бузар гэж юу байдаг билээ дээ. Ийм учраас Ардчилсан нам миний зан зарчимд нийцэхгүй, ард түмний төлөө гэх сэтгэл гарахад хэцүү гэх дүгнэлтээр Ардчилсан намаас гарч байгаагаа зарлаж байна.
Цаашид хийх ажил маш их байна. Соёлын биет, биет бус өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ цаашид үргэлжлүүлэн хийх зорилгоор Ардчилсан намаас гарч байна.
Би ямар нэгэн байдлаар гомдож, туниагүй. Хэрэв гомдсон бол шууд л хэлдэг зантай хүн. Тиймээс АН-ын залуучууд, ах нартаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе”гэлээ.
toimmedee.mn