Япон: Дельта хувилбар сургуулийн насныханд хурдацтай тархаж байна

Дэлхийн олон орны тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүтэн нэг жилээр хойшлуулсан Токиогийн олимпийг Япон улс өнгөрсөн долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд амжилттай зохион байгууллаа. Гэвч олимп эхэлсэн цагаас тус улсад халдварын тоо нэмэгдэн, улмаар олимп дуусах үед оргилдоо хүрсэн билээ. Иргэдийн зүгээс халдварын тархалтад олон улсаас тамирчин цуглуулсныг буруутгасан бол эрх баригчдын зүгээс халдварын тоо нэмэгдэхэд олимп хамааралгүй гэж мэдэгдсээр ирсэн. Олон нийтийн энэ хэл амыг үл тоон Токиогийн паралимпийн олимп наймдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ. Ийн Япон улсын халдварын тархалттай холбоотой мэдээллийг тоймлон хүргэе.

 
ДЕЛЬТАГИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ ДӨРӨВДҮГЭЭР САРД БҮРТГЭГДЖЭЭ
 
Тэгвэл дэлхий нийтийг айлгаад буй халдварлах чадвар өндөртэй COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол Японд бүртгэгдсэнийг даваа гарагт зарлалаа. Токиогийн анагаах ухааны “Dental” их сургуулийн дэд профессор Хироаки Такеучигээр ахлуулсан судлаачдын баг дельта вирусын анхны тохиолдол наймдугаар сарын дунд үеэр бүртгэгдсэнийг зарлалаа. Геномын судалгаа хийхэд дотоодод бүртгэгдсэн вирус мутацид орсон вирус болох нь илэрчээ. Учир нь дельта вирусаар анх халдварласан хүн гадаадаар аялсан түүх байхгүй байсан аж. Тэд COVID-19 халдвар аваад “Dental” их сургуульд хэвтэж эдгэрсэн өвчтөнүүдэд геномын судалгаа хийн дельта хувилбарыг илрүүлжээ. Ингэхэд дельта хувилбар олон нийтийн дунд зургадугаар сарын сүүлчээс долдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд хурдацтай тархсан нь илэрчээ. Тиймээс яг одоо Японд дельта хувилбар  давамгайлж байгааг судлаачид анхаарууллаа. Эрүүл мэндийн яамнаас өгсөн хамгийн сүүлийн мэдээгээр наймдугаар сарын 16-наас хойш долоо хоногт тус улсад бүртгэгдсэн 17701 тохиолдлын 1046 нь дельта хувилбараар халдварласан байжээ. Ингэхдээ дельта хувилбарын AY.4, B.1.617.2 гэсэн хоёр дэд хувилбар долдугаар сард Японд бүртгэгдсэн  байж болзошгүй гэсэн дүгнэлтийг судлаачид гаргажээ. Харин одоогоор тэд B.1.617.2 хувилбарыг геномын судалгаагаар илрүүлээд байгаа юм.
 
 
 
Мутацид орсон вирусын хамгийн сүүлийн хувилбар болох N501S нь өнгөрсөн жил Их Британид бүртгэгдсэн N501Y буюу альфа хувилбартай төстэй юм. Дэлхий дахинаа Энэтхэг, Израйль улсад дельта вирусын 10 орчим дэд хувилбарыг бүртгэснийг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
 
 
 
Хэрэв N501Y мутациар өвчилсөн тохиолдолд хоёр удаа халдвар авах, хүндрэх улмаар нас барах магадлал өндөр байдаг аж. N501Y нь Японд бүртгэгдсэн N501S хувилбартай ижил тул ижил шинж тэмдэг, үр нөлөө үзүүлнэ гэж судлаачид таамаглажээ. Гэхдээ энэ хувилбарыг хамгийн анхны дельта хувилбартай харьцуулахад халдварлах чадвар нь хэр хүчтэйг мэдэхийн тулд илүү их судалгаа хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.
Судалгааг илүү нарийвчлахад дельтагийн анхны тохиолдол Японд дөрөвдүгээр сарын 20-нд бүртгэгджээ. ДЭМБ-аас анхааруулаад байгаа дөрвөн хувилбарын нэг болох дельта нь Токиогийн нийт халдварын 95 хувийг эзэлж байна гэсэн тооцооллыг саяхан эрдэмтэд гаргасан байна. Ингэхдээ өнгөрсөн долоо хоногийн байдлаар дельта хувилбар 19 ба түүнээс бага насныхныг илүү их өвчлүүлсэн байгааг Эрүүл мэндийн сайд нь мэдээлэв. Тиймээс сургуулийн насны сурагчдын халдварын тархалтаас сэргийлэх оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг сургуулиудад уриаллаа.
 
21 муждаа есдүгээр сарын 12-ныг хүртэл хөл хорио тогтоов
 
Дельта хувилбарын улмаас Япон яг одоо халдварын гуравдугаар давалгаатай нүүр тулж, өвчтөнүүд хүндэрч, эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрэхэд тун ойрхон байна. Токиогийн халдварын 50 хувийг залуу ба дунд насныхан эзэлж байгаагаас дунд ба ахимаг насныхны халдвар хүндрэх магадлал өсчээ. Эмнэлгийн ор хүрэлцэхгүйгээс гэртээ тусгаарлагдахыг зөвлөж байна. Гэвч баасан гарагийн байдлаар гэртээ эмчлүүлж байсан таван хүн нас баржээ. Ийн Япон улс эрүүл мэндийн салбараа доройтуулахгүйн тулд наймдугаар сарын 25-наас  онц байдлын зэргээ нэмэгдүүлж хэд хэдэн мужид хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, Токио, Хоккайдо, Мияги, Айчи, Хирошима, Окояма тэргүүтэй 21 муждаа есдүгээр сарын 12-ныг хүртэл онц байдал зарлаад байгаа юм. Онц байдлын хугацаанд зоогийн газрууд 20:00 цаг хүртэл ажиллах бөгөөд согтууруулах ундаа зарахгүй.
 
ЭМНЭЛГИЙН ОР ДҮҮРЧ, ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ДУТАГДАЛД ОРЖЭЭ
 
Токио хотод долдугаар сарын 12-ноос хойш хөл хорио тогтоосон ч өдөрт 5000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 25 мянгад хүрчээ. Үүний улмаас эмнэлгийн ор дүүрч, хүчилтөрөгчийн дутагдалд орсон төдийгүй хүмүүс гэрээрээ эмчлүүлэхэд хүрээд байна. Токиод 35 мянга гаруй өвчтөн гэрээрээ эмчлүүлж байгаагийн гуравны нэг нь нэн даруй эмнэлэг болоод зочид буудал олж чадахгүй байна. Эмнэлгүүд санхүүгийн улмаас  гэрээр эмчилгээ хийлгэх боломжгүй өвчтөнүүдийн цөөн хувийг хүлээн авчээ. Японы хүн амын 40 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсанаас ихэнх нь настай хүмүүс байна. Гэвч халдвар вакциндаа хамрагдаагүй 20-50 насныхныг илүү их өвчлүүлж байгаа тул сэрэмжээ нэмэгдүүлэхийг  Эдийн засаг, төсвийн бодлогын сайд Ясутши Нишимура анхааруулав. Мөн  Токиогийн Засгийн газар хүчилтөрөгчийн станцуудыг нэмж барихаар төлөвлөөд байна.
Сургуулийн хичээл эхлэхээр сургуулийн насныхан буюу өсвөр үеийнхний дунд халдвар хурдацтай тархахыг Японы Засгийн газрын анагаах ухааны топ зөвлөх, доктор Шигеру Оми сэрэмжлүүлэв. Тэрбээр ахлах сургууль болон коллежиудыг дахин цахимаар хичээллэхийг уриалсан юм. Шигеру Оми “Өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж буй учир та хаанаас ч халдвар авч болно. Маргааш ч та халдвар авч болзошгүй. Тиймээс багш нарыг вакцинжуулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго” гэж лхагва гарагийн хуралдааны үеэр ярьжээ. Ерөнхий сайд Сүга бизнес эрхлэгчидтэй өнгөрсөн долоо хоногт уулзаж, ажилчдынхаа 70 хувийг зайнаар ажлуулахыг уриалжээ. Мөн сургуулиудыг боломжоороо зайнаас хичээллэхийг уриалсан байна.
Японы Засгийн газар залуучуудаа вакцинд идэвхтэй хамруулахын тулд вакцинжуулалтыг бүртгэх гурван цахим сайтыг даваа гарагт нээлээ. Учир нь дархлаажуулалтын цэгүүдэд очиж дугаар авах нь халдвар тараах эрсдэлтэй хэмээн олон нийт төдийгүй судлаачид эсэргүүцжээ. Токиод лхагва гарагт 3168 тохиолдол бүртгэгдсэн нь  өмнөх долоо хоногоос хойшх халдварын тоо буурсан дахь хоног юм.
 
“ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭН Ч ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААХГҮЙ”
 
COVID-19 халдварын нөхцөл байдал хүндэрсэн ч Төлөөлөгчийн танхимыг удахгүй есдүгээр сарын дунд үеэр болох ерөнхий сонгуулиар тараахаас татгалзаж байгаагаа Японы ерөнхий сайд Сүга Ёшихидэ  лхагва гарагт мэдэгдлээ. Мөн есдүгээр сарын 29-нд товлогдсон эрх баригч  Либерал Ардчилсан намын удирдагчийг сонгох сонгуулийг хойшлуулахаас татгалзжээ. Энэ сонгуулиар тэр ялалт байгуулснаар Засгийн эрхэнд үлдэх эрхтэй болох юм.
Тэрбээр “COVID-19 халдварын тархалтыг хумих нь миний нэн тэргүүний зорилго гэж хэлж байсан. Энэ зорилго маань өөрчлөгдөөгүй. Тиймээс одоогийн халдварын хүнд нөхцөл байдалд Төлөөлөгчийн танхимыг тараах нь боломжгүй зүйл” гэж ярьжээ. Парламентын доод танхимын бүрэн эрхийн хугацаа аравдугаар сарын 21-нд дуусах ч ерөнхий сайд хугацаанаас нь  өмнө огцруулах эрхтэй. Засгийн газрын COVID-19 эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд олон нийт сэтгэл хангалуун бус байгаа үед танхимыг тараах эсэх нь анхаарал татаж байна. Гэвч COVID-19-ийн нөхцөл байдал улам муудаж байгаа үед доод танхимыг тараах эсэхийг шийдэх боломжгүй гэж Сүгагийн ойрын хүн ярьжээ.
Япон улсад пүрэв гарагийн байдлаар 1486153 хүн COVID-19 халдвар авч,  16 мянган хүн нас баржээ. Үүнээс өчигдөр 17 мянган тохиолдол бүртгэгдэж, 47 хүн цар тахлаар амиа алдсан байна.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.