УЛСЫН ЗААН Ө.ТУЛГААГИЙН ХҮҮ СҮРЭНЖАВ: НААДАМ ДӨХСӨН ӨДРҮҮДЭД ААВЫГАА ИХ ҮГҮЙЛЭХ ЮМ

Увс аймгийн Малчин сумын харьяат улсын заан Өлзийн Тулгаагийн хүү аймгийн арслан Сүрэнжавтай ярилцлаа.


-XX зууны үндэсний бөхийн тод од нь таны аав Өлзийн Тулгаа заан. 30-аад жилийн өмнө л барилдаж байсан таны аавыг бөхийн хүрээнийхэн өнөө хэр нь дурсаж явдагТантай аавын тань тухай хуучлах гэсэн юм...

-Манай аав дуу цөөнтэй, хүнд маш тусархуу, хүнийг ялгаж харьцдаггүй сайхан эр хүн байсан. Өдий хүрэхдээ аавынхаа тухай муу үг олж дуулаагүй явна. Улсын том цол хүртсэн хойноо ч бусдад ихэрхэж, дээрэнгүй хандаж байсныг нь би мэдэхгүй юм. Ийм л даруу төлөв төвшин хүн байсан даа. Тийм ч учраас түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн болов уу гэж би боддог юм. Хүч бяртай хүмүүс бусдад дээрэнгүй хандах гэдэг нийтлэг үзэгдэл байдаг шүү дээ. Аав минь тийм хүн биш.

-Аав тань цэргийн албан хаагч байхдаа улсын наадамд зодогложД.Дамдин аваргын аманд гарч байсан гэдэгАнх зодоглосон наадмынхаа талаар аав тань хэрхэн хуучилж байв?

-Миний аав Улаанбаатарт дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан юм билээ. Улсын начин Д.Дашжамцтай онжав. Зав чөлөөгөөрөө барилдаж, ноцолдоно. Ингэж явахдаа дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ж.Хайдав гээд тэр үеийн мундгуудыг харж л дээ. Тэр үед л бөхийн замд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. 1974 оны наадмаар аав хуучин цэрэг зодоглосон гэдэг. Хоёрын даваанд Архангайн улсын заан Ч.Адьяаг хоёр хөлд нь давхар хамаад суулгачихав гэнэ. Ингээд гурвын даваанд гартал Д.Дамдин аварга амлаж, домог болсон аваргын мөрнөөс атгах хувь тохиосон талаараа аав минь сүүлд хуучилж билээ. Хал цэрэг төрийн наадамд зодоглож дархан аваргад амлуулна гэдэг бахархмаар шүү дээ. Сүүлд аавын зодоглосон наадмуудын оноолт дансыг анзаарч байхад гол төлөв тунаж барилдсан байдаг. 1980 онд улсын цол хүртсэн жилээ долоогийн даваа хүртэл тунаж хүч үзсэн байдаг.

-1980 онд Тулгаа заан онцгой байсан талаар тэр үеийн бөхчүүд хуучилдагАав тань тэр жилийн наадмын талаар юу хэлж байв?

-Тэр жилийн наадмаар зургаа давсан. Дөрвийн даваанд Увсын Зүүнхангайн Д.Жанчивдорж начинг, тавд Ж.Ганболд зааныг, зургаад Хөвсгөлийн Д.Лхагва-Очир начинг тунаж даваад долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан юм билээ. Ганболд заан, аав хоёр хоёулаа улсын цолгүй залуу бөхчүүд начны даваанд тунаж байсан гэдэг. 1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж ирээд Хадбаатар аваргад өвдөг шороодсон. Бөхийн торгон дэвжээнд хазайлгаж үзээгүй аварга, арслан ховор.Баянаа аваргаас аваад А.Сүхбат аварга хүртэлх бүх аваргыг аав өвдөг шороодуулсан байдаг. Бат-Эрдэнэ аваргыг арслан цолтой байхад нь 1988 онд өвдөг шороодуулж байсан. Жижиг Сүхбат аваргыг 1997 онд улсын заан цол авчихсан, ид мундаг үед нь Увс аймагт болсон аваргуудын нэрэмжит барилдаанд түрүү үзүүрт үлдээд хөлийг нь авч хөндлөн дайраад давчихаж билээ. А.Сүхбат аварга толгой сэгсрээд босоод ирж байсан. Зааланд цугласан олон ч их хөөрч баярлаж байсан. Тухайн үед ааваараа их бахархаж байсан даа.

-Олон тойрог барилддаг улсын аварга шалгаруулах тэмцээнээс заан цол хүртсэн цөөхөн бөхийн нэг нь Тулгаа заан шүү дээ.

-1988 оны үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 33 бөхөөс 30 давж хоёрдугаар байрт шалгарч улсын заан цол хүртсэн. Өмнөх жилийнх нь улсын аваргаар Р.Давааням агсан заан цолны болзол хангаж байсан юм билээ. Улсын аваргад тасралтгүй 11 удаа барилдахдаа гуравт нь медаль хүртэж, шагналт байрт таван удаа шалгарснаараа давтагдашгүй амжилт тогтоосон байдаг. Сүүлд Г.Намсрайжав харцага ”Манай Тулгаа Увсын хязгаараас тээврийн тэрэгтэйгээ ирээд их спортын шигшээ тамирчидтай ана мана үзэлцдэг байлаа. Хөдөөгийн бүсээс шалгараад ирсэн бөхчүүдийг бол үзэхгүй шүү дээ” гэж дурсаж байсан.

Аав минь жил жилийн Цагаан сарын барилдаанд зодоглоно гээд л том тэрэгтэйгээ өвлийн сүүлч сараар нутгаасаа гарч “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх Өлзийн Тулгаа” гэж цоллуулаад л гардаг байсан даа. Аяны тоосоо гүвж буугаад л барилдаж байсан тухайгаа ярьдагсан. Бид аавынхаа барилдааныг радиогоор сонсоно. Манайд цугласан аавын ах дүү нар “Увсын Тулгаа давлаа” гэхэд гэрээр нэг баяр хөөр болно.

-Та аавынхаа захиасыг биелүүлж бөх болсон уу?

-Аав намайг бөх болгоно гэж огтоос хэлээгүй. Өөрийнхөө сонирхлоор л барилдаж эхэлсэн. Мэдээж аавыгаа дуурайсан хэрэг л дээ. Аавтайгаа үзсэн наадмууд өнөө хэр нь санаанаас гардаггүй юм. 1996 онд аавынхаа ЗИЛ-130-ын тэвшин дээр суугаад гурав хонож Улаанбаатарын барааг харж билээ. Аав улсын наадамд зодоглохоор ирж байгаа нь тэр л дээ. Би хажуугаар нь хүүхдийн барилдааныг зорьж хот руу ирж байгаа юм. Нар салхинд цохиулаад түнтгэр бор амьтан хүүхдийн барилдаанд хоёр давж билээ. Тэр жил сумогийн их аварга Д.Дагвадорж түрүүлж байсан санагдаж байна. Харин аав минь гурав даваад улсын харцага Ц.Бэгзсүрэнд унаж байлаа.

-Улсын наадмын дэвжээ үзсэн хүү сумын цол хэдэн онд хүртэж байв?

-2004 онд санагдаж байна. Бөхмөрөн сумын наадамд түрүүлж миний бие сумын заан цол хүртэж байлаа. Тэр жил Бөхмөрөнгийн ой болсон юм. Ч.Чулуунбаатар, Г.Намсрайжав, Д.Жавзанжамъян, Ө.Сумъяа гээд улсын цолтнууд цугласан жигтэйхэн том наадам болж байсан санагддаг юм. Хоёрын даваанд аймгийн арслан Цэдэндамбааг, гуравт аймгийн заан Цэдэнбалыг давчихлаа. Дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг байгаа. Аав надад тахимаа өгсөн. Ингээд үзүүр түрүүнд Ч.Чулуунбаатар харцагыг давж түрүүлээд мотоциклоор шагнуулж билээ. Бөхмөрөн сумын Засаг дарга “Сүрэнжав аа, уучлаарай. Сумын заан цолны үнэмлэх байхгүй шүү. Улс, аймгийн цолтой олон бөхчүүд ирсэн болохоор үнэмлэхний хэрэггүй юм байна гэж бодтол өөрөө түрүүлчихлээ” гэж хэлж байсан.

Миний аав ч баяр хөөрөө ямар ил гаргах биш. Эрхбиш намайг нэг үнэрлэсэн байлгүй.

-Та төрөлх нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байх аа?

-Тийм. Хүмүүс намайг аавынхаа дэмжлэгээр аймгийн арслан болсон гэдэг юм. Тийм биш л дээ. “Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой. Цолоо ахиулдаггүй юм аа гэхэд батлах хэрэгтэй” гэж аав нэг удаа Сумъяа ахад хэлж байсан. Тийм бодолтой хүн чинь хүүгээ өөрийнхөө хүчээр цолонд хүрэг гэж боддог юм билээ. Аймгийн арслан болчих санаатай олон жил зүтгэсэн. Олон ч наадамд зодоглосон. Ингэж яваад сүүлд 2008 онд Увс аймгийнхаа наадамд түрүүлсэн. Аав дөрвийн даваанд сумын заан цолтой нэг залууд унасан юм. Тэр жилийн наадамд цэргийн арслан Бадрахын Ганзориг үзүүрлэж, улсын аварга П.Бүрэнтөгс их шөвөгт шалгарч аймгийн начин цол хүртэж байлаа.

-Тулгаа заан их бяртай хүн шиг санагддагТом чулуу өргөж байгаа зураг нь цахимд харагдаж байдагТэр хэдэн киллограмм чулуу вэ?

-156 киллограмм жинтэй чулуу. Одоо Тувагийн музейд байдаг юм. Уг нь цэнгэлдэх хүрээлэнд нь байсан. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичсэн байдаг. Түүх нь их сонин. 1985 онд Монгол, Тува Эв модны баяр болсон юм. Орос, Монголын дарга нар хоёр улсын хилийн зааг дахь уулан дээр уулзалдсан гэдэг. Аав Тувагаас будаа зөөж яваад таарсан байгаа юм. Гэтэл Оросын нэг дарга хилийн зааг дахь уулан дээр байсан чулууг заагаад “Үүнийг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль өгье” гэж ам гарчээ. Монгол мөнгөөр 2500 төгрөг л дөө. Тувагийн том биетэй залуу эхэлж өргөөд арав орчим алхаад бараагүй гэдэг. Дараа нь аав өргөөд хэлсэн ёсоор нь 100 алхаад амласан мөнгийг нь авч байсан түүхтэй. Тэр үеийн 2500 төгрөг гэдэг их мөнгө. Сүүлд тэр чулууг нь би өргөж үзсэн. Газраас хөндийрүүлж ирээд л орхисон. Өргөөд алхана гэдэг барахгүй шинжтэй санагдсан. Тэгж л аавынхаа бяр тэнхээг биширсэн дээ.

Аавыгаа өөд болсны дараа Монголын ард түмэн аавд минь ямар их хайртай юм бэ гэдгийг илүүтэй мэдэрсэн. Намайг хаана ч очсон “Тулгаагийн хүү” гээд хүмүүс халуун дотноор хүлээж авдаг юм. Аавынхаа нэрийг сэвтээлгүй явахыг хичээдэг дээ. Баяр наадам дөхсөн өрүүдэд аавыгаа илүү санадаг юм. Би айлын ганц хүү. Тэр ч утгаараа тэр хүний нөмөр нөөлгийг их үгүйлдэг юм.

 
https://dnn.mn/%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D0%B7%D0%B0%D0%B0%D0%BD-%D3%A9-%D1%82%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D2%AF%D2%AF-%D1%81%D2%AF%D1%80%D1%8D%D0%BD%D0%B6%D0%B0%D0%B2-%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BC-%D0%B4%D3%A9%D1%85%D1%81%D3%A9%D0%BD-%D3%A9%D0%B4%D1%80%D2%AF%D2%AF%D0%B4%D1%8D%D0%B4-%D0%B0%D0%B0%D0%B2%D1%8B%D0%B3%D0%B0%D0%B0-%D0%B8%D1%85-%D2%AF%D0%B3%D2%AF%D0%B9%D0%BB%D1%8D%D1%85-%D1%8E%D0%BC/

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.