Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.05.28/ Дундговь аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтыг нээж "Дуу хуурын өлгий болсон Дундговийнхонтойгоо уулзаж байна. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж өмнө нь хэлж байсан. Шударга ёсны төлөө ажилладаг шүүх, прокурорын байгууллагыг байгуулахын төлөө би сонгуульд нэр дэвшиж байгаа. Байгалийн баялгийг ард түмэн ижил тэгш хүртэх ёстой.
Ард түмнийхээ итгэлээр Ерөнхийлөгч болвол Засгийн газар, УИХ-тайгаа хамтраад Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Тухайлбал, Дорноговь аймгийн иргэдтэйгээ өнөөдөр уулзаад ирлээ. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил мөн хийгдэж байна. Бид дотооддоо шатахуунаа үйлдвэрлэх болно. Арьс ширний аж үйлдвэрийн парк Дарханд баригдаж байна. Малын түүхий эд, махаа экспортлох гарц боломжийг хэрэгжүүлнэ. Монгол хүнээ хөгжүүлнэ, соён гэгээрүүлэх чиглэлд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой.
Соёлын бодлогоо орхигдуулчихсан байсан. Бид Соёлын яамтай болсон. Үүх түүхээ мэддэг, хүнийг хайрладаг, өвөг дээдсээ хүндэлдэг, Монголоороо гоёдог, ярьдаг залуу үетэй болмоор байна. Би хэрэв Ерөнхийлөгч болвол ард түмнийхээ хайр итгэлийг дааж, хичээн зүтгэж ажиллах болно.
Шадар сайдаар ажиллаж байхдаа Дундговь аймагт хэд хэдэн удаа ирж ажиллаж байсан. Цаашид аймгийн хөгжлийн асуудалтай холбогдуулж нийгэм, эдийн засгийн салбарт анхаарах олон асуудал байна. Тулгамдаж байгаа асуудал их бий. Тэр дундаа бэлчээрийн асуудал хүнд байна. Би бол жирийн жолооч гэр бүлээс гаралтай ардын хүү. Ард түмнийхээ хар бор амьдралыг гадарлана. Анх 17 насандаа эх орондоо үнэнч байна гэж цэргийн тангараг өргөсөн. Өнөө хүртэл энэ тангарагтаа үнэнч байгаа” гэлээ.
toimmedee.mn