Налайх дүүргийн Онцгой комиссын өнөөдрийн шийдвэрээр, Улаанбаатар хотоос тус дүүрэг рүү нэвтрэх бусад дүүрэг, орон нутгийн харьяат иргэнийг PCR шинжилгээний бичгээр нэвтрүүлэх болсон талаар мэдээлэв.
Дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр, зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэнийг "Оргил налайх" товчоогоор нэвтрүүлэх шийдвэр гарсныг өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дээрх шийдвэрт ийнхүү өөрчлөлт оруулж Улаанбаатар хотод зөвшөөрсөн 15 салбарт ажилладаг Налайх дүүргийн харьяат иргэн иргэний үнэмлэх, ажлын үнэмлэхээ үзүүлснээр "Оргил Налайх" товчоогоор саадгүй нэвтрэхээр боллоо.
Иймд Улаанбаатараас Налайх чиглэлд зорчих Налайх дүүргийн харьяат иргэн иргэний бичиг баримт, ажлын үнэмлэхтэй байх шаардлагатай юм.
Энэ талаар Налайх дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Х.Анхбаяраас тодруулахад, "Налайх дүүрэгт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос улбаатай. Шадар сайдын 156 дугаар тушаалд, халдварын голомтот бүсээс гарч байгаа бүх хүн PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Энэ хүрээнд "Оргил Налайх" түр постыг 24 цагийн ажиллагаанд оруулж Улаанбаатараас ирэх зорчигдоос PCR шинжилгээ шаардах болсон. Бид дүүргийнхээ иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд шийдвэртээ багахан өөрчлөлт оруулж, Налайхын харьяалалтай иргэдээс PCR шинжилгээний бичиг шаардалгүй нэвтрүүлэхээр болсон.
Халдваргүй бүс нутаг буюу зүүн гурван аймгаас мах ачсан, зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу чөлөөтэй нэвтрүүлнэ. Харин тухайн автомашин халдвартай бүсэд ачаагаа буулгаад буцах тул Налайх дүүрэг рүү нэвтрэх хөдөлгөөнд жолооч болон зорчигч заавал PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардана" гэлээ.
toimmedee.mn