Сүмо: Коронавирусний халдвар илэрсэн ч тэмцээнээ хийнэ

Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан Шибатаяма ояката ирэх долоодугаар сарын 19-нд Токиод эхлэхээр төлөвлөөд байгаа башёгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шибатаяма ояката “Хаврын тэмцээнд бид бөхчүүд дунд халдвар илрэхэд л тэмцээнээ цуцална гэж байсан. Азаар илрээгүй. Дараа нь халдварын улмаас Зуны тэмцээнээ цуцаллаа. Харин одоо бөхчүүдээс халдвар илэрсэн ч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, дахин шинжилгээ хийж байж, шийдвэр гаргана. Байдал өөр болсон. Мэргэжлийн бейсболын Сакамотогоос халдвар илрэхэд лигээс тоглолтыг зогсоогоогүй. Дахин шинжилгээгээр Сакамото өвдөөд эдгэсэн байсан нь тогтоогдсон. Тэгэхээр яарахгүй. Нэг башёг зогсоосон тул дахиж тэмцээн цуцалмааргүй байна” гэж ярьжээ.

Мөн Сүмогийн холбооны бөх, засуул, ажилтнуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж байгаа, одоогоор сэжигтэй тохиолдол илрээгүй байна гээд “Энэ сарын 19-нөөс сүмочдод барилдааны бэлтгэл хийхийг зөвшөөрнө. Үзэгчгүй ч гэсэн тэмцээнээ заавал зохион байгуулах бодолтой байна” гэж хэлсэн байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.