Ардчилсан нам УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ батламжилж, батламжийг нь гардууллаа. Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн 29 тойрогт 76 нэр дэвшигч сойж байна.
Нэр дэвшигчдээ батламжлахын өмнө Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн юм. Тэрбээр "Эрхэм хүндэт журмын нөхдөө, эрхэм хүндэт монгол ахан дүүс ээ. Өнөөдөр та бүхэн УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх хариуцлагатай үүргээ баталгаажууллаа. Үзэл бодол үйл хэрэгтээ үнэнч, үзэл баримтлалаараа бахархдаг Ардчилсан намын мянга, мянган гишүүдийн итгэлийг хүлээж, нэр дэвшиж байгаа гишүүддээ баяр хүргэж, амжилт хүсье. Бид та бүхэнд итгэж байгаа, Монголын иргэд сонгогчид та бүхэнд итгэж байгаа, ардчиллын мөнхийн торгон цэргүүд, Ардчиллын мянга мянган гишүүд итгэж байгаа.
Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй, Монгол өрх бүрт нь өсөлт бий болж, хүн бүрт орлого нэмэгдсэн эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна. Хариуцлагатай алсыг харсан эв нэгдэлтэй байж чадна гэдэгт мөн итгэж байна.
Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ, та бид түүхэн хариуцлагатай цаг үеийн босгон дээр хамтдаа зогсож байна. Монгол Улс өөдлөн дэвжиж, урагшлан хөгжих учиртай. Бид та бүхэндээ мөн итгэж байна. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, хар жагсаалтад оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай хариуцлага тооцож чадна гэдэгт бид мөн итгэж байна. Эрх чөлөө тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалж бат зогсоно гэдэгт итгэж байна. Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна. Биднийг монголчууд дэмжинэ гэдэгт бүрнээ итгэж байна. Баярлалаа та бүхэндээ" гэв.
toimmedee.mn