ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр орой гарсан. Тодруулбал, “Хүүхдүүд тогтоол усанд барилгын хөөсөнцөр хавтан тавьж, сэлж тоглож байгаад ийнхүү амиа алдсан. Тус газар 10 гаруй хүүхэд тоглож байсан” гэх албан бус мэдээлэл байна. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор хариуцлагын асуудал яригдаж эхлээд байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га газар тасдаж авч,  “Ханталст” компанид 2014 онд газар олгох  зөвшөөрлийг хотын дарга асан Э.Бат-Үүл гаргаж байсан аж. Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан аж. Харин Тус компанийн захирал нь  Г.Бат-Энх  юм байна. Шагдарсүрэнгийн Бат-Энхийг  Баянзүрх захын эзэн гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх байх.

Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа юм. И.Нарантуяа 2012-2015 оны хооронд тус газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ханталст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ.

Дөрвөн хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт Хотын дарга С.Амарсайхан буруугүй хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг ажлаас нь халах шийдвэр гаргасан. Тэгвэл С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн мэдэлд байгаа газраа эргүүлж авах хүсэлтийг гаргаж байсан гэнэ.  Мөн үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сануулга өгч байсан гэнэ. Гэвч тус компанийнхан өөрсдийн эзэмшилийн газар нутаг дээрээ үйл ажиллагаа хэрхэн явуулах нь та бүхэнд хамааралгүй гэх хариултыг өгч байжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болоод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  дээрх компанид ямар нэгэн арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг нь арилгуулж байгаагүй гэнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байсан гэнэ.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.