Монгол Улс ШХАБ-д элсвэл Хятадын дагаар улс болох уу!

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх ёстой, элсэх ёсгүй гэсэн яриа олон нийтийн дунд өрнөөд удаж байгаа. Тэгвэл нэг хэсэгтээ намжмал байсан энэ асуудал өнгөрсөн долоо хоногоос эрчимтэй яригдаж олны анхаарлын төвд дахин орсон нь Монгол Улс тус байгууллагад элсэн орох сууриа тавьж эхлэв үү гэсэн айдас олны дунд байгааг нуух юун. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Монгол Улс Шанхай хамтын ажиллагаанд гишүүнээр элсэнэ гэдэг бол Монгол Улс Хятадад дагаар орох өргөдөл өгч байна гэсэн үг. “Энэ байгууллагад ажиллаж элсэх нь зөв” гэх мэтээр олны тархийг угааж байгаа зарим нэг улстөрчдийг шалгах хэрэгтэй” хэмээх ноцтой үгийг хэлсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тэгвэл ШХАБ гэж юу вэ. Маш дипломат байдлаар тодорхойлбол “ШХАБ бол Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан, Узбекстан улсуудын төрийн тэргүүнүүд 2001 онд үндэслэн байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. Орос, Хятад, Казахстан, Таджикстан, Кыргызстан улсууд буюу “Шанхайн тавын” 1996-1997 онд гарын үсэг зурсан хил орчимд зэвсэгт хүчнээ харилцан хорогдуулах болон цэргийн салбарт итгэлцлэлийг бэхжүүлэх тухай хэлэлцээр энэ байгууллагын үндэс нь болсон юм. Тэдэн дээр дараа нь 2001 онд Узбекстан улс нэмэгдэж ШХАБ гэж нэрлэсэн байна” гэсэн тайлбар байдаг. Түүнчлэн уг нэгдлийг НАТО шиг цэргийн эвсэл биш гэж үзэх нь бий.

Ерөнхий дүр зургаар ийм нэг аятайхан тайлбар гардаг. Гэхдээ улстөр, олон улсын харилцаа судлаачид, Монголын дипломатууд үүнийг тэс өөрөөр дүгнэдэг тухайг дахин сонирхъё.

Олон улсын харилцааны судлаач-профессор, Элчин сайд асан Д.Баярхүү ““ШХАБ-д жинхэлсэн тохиолдолд бид хоёр хөршөөс бүрэн хамааралтай, барьцаанд орох магадлал өндөр. Ер нь ШХАБ-ын төсөвт жил бүр олон зуун мянган ам.долларын татвар төлөхийг жирийн монголчууд ойлгон хүлээж авах нь юу л бол” гэж өгүүлжээ.

Өөрөөр хэлбэл, яг өнөөгийн нөхцөлд Монгол Улс ШХАБ гээчийнх нь гишүүн болчихвол нөгөө яриад байдаг гуравдагч хөршийн бодлого, өргөн айлсал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн сувагт нэг том саад бий болно гэсэн үг. Хатуухан хэлэхэд, бид 1990 оныг хүртэл дотоод асуудлаа ЗХУ-ын удирлагуудаас асууж, шийдвэрлэдэг байсан цаг үе буцаж ирэхгүй гэсэн баталгааг олон нийтийн тархийг сайтар угааж буй улстөрчид лав өгч чадахгүй. Нөгөө талаар төр, засгийн тэргүүнүүд энэ асуудлыг гэнэтхэн сөхөхдөө гадаад бодлогын тулгуур зарчмуудыг ер нь хайхарч анзаарсан болов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна.

Юу гэвээс, Гадаад харилцааны яам өнөөг хүртэл энэ талаар доривтой ганц үг цухуйлгаагүй байгаа. Харин Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил ШХАБ-ыг тун ул суурьтайгаар няцаасан. Тэрбээр “ШХАБ-ын үүссэн түүх, одоо байгаа байдал, цаашдын замналыг хараад байхад энэ байгууллага нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлал байна гэж би харж байгаа. Хоёрдугаарт, энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон талаас нь судлах ёстой.

Өнөөдөр дотоод гадаад улс төрөө харж биш, дунд болон урт хугацаанд их гүрнүүдийн харилцаа яаж хөгжих, ерөнхий хандлага хаашаа явах, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэхийг тооцоолох хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан. Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад мэдрэгдэхгүй. Гадна талдаа бол хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана” гэсэн.

Тэгвэл олон улсын харилцааны мэргэжилтэн, хариуцлагатай албан тушаал хашиж асан эрхмүүд ийм тайлбар өгчихлөө. Тэгэхээр тус байгууллагад элсэхийг хөөрцөглөж буй улстөрчдөөс хавь илүү мэдлэг, туршлагатай олны танил эрхмүүд ШХАБ-д зөвхөн ажиглагчийн байр сууринаасаа оролцсон дээр гэж хэлсэн яах аргагүй үнэн үг. Эцэст нь хэлэхэд тархи угаасан улстөрчид ШХАБ-д гишүүнээр элсээд, баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг, олон жил гацсан томоохон төслүүд гэнэт хөдлөх юм шиг бодоод байна. Гэвч тийм зүйл байхгүй. ШХАБ-д элслээ гээд улс орны эдийн засаг сайжрахгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байна.

Р.Саруул

Bolod.mn

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.