ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХИЙГ ДЭЛГЭЛЭЭ

1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улс бүрэн эрхт байдлаа бэхжүүлж, тусгаар тогтнолоо бататгах зорилгоор 1922 оны долдугаар сарын 3-ны өдөр “Дотоодыг хамгаалах газар”-ыг үүсгэн байгуулжээ.

Энэ цагаас хойш тэрхүү түүхэн өдрийг “Монголын тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг. Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-аас хойч үедээ тагнуулын байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор “Аюулгүй байдлын манаанд 96” сэдэвт уран зураг, архивын материал, биет үзмэрүүдээс бүрдсэн үзэсгэлэнг өнөөдрөөс /2018.07.03/ Занабазарын музейд толилуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд ТЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Энхсүх оролцлоо. Тэрбээр “Тагнуулын байгууллагын 96 жилийн түүх нь Монголын түүхийн амин судас гэж бид үздэг. Монголын тагнуулын байгууллага өнө эртний баялаг түүхтэй. Тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлан таниулахын тулд энэхүү үзэсгэлэнг толилуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдал, үнэт байдлын төлөө тагнуулын байгууллага, тагнуулын ажилтнуудын гавьяа зүтгэлийг харуулсан он цагаар саатан морилохыг та бүхнээс хүсч байна” гэв.

ТЕГ-ын тусгай архив нь 86 жилийн түүхтэй аж. Энэ үеэр ТЕГ-ын тусгай архивын хэлтсийн дарга П.Мягмарсүрэн “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 3-ны өдрийг “Тагнуулын ажилтны өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ хүрээнд уран зураг, биет үзмэрүүд, архивын баримт зэрэг 300 гаруй үзмэрээс бүрдсэн эд өлгийн зүйлсийг олон нийтэд хүргэж байна. Үзэсгэлэн энэ сарын 9-ны өдөр хүртэл үргэлжилнэ” гэв.

Үзэсгэлэнд маршал Хорлоогийн Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан зүйлс дэлгэгджээ. Тухайлбал, түүний өмсөж хэрэглэж байсан өдөр тутмын дүрэмт хувцас танхимын гол хэсэгт харагдаж байв. ТЕГ-ын тусгай архивын судлаач Н.Батболд  “Энэ хувцас нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ялалтын баярын 70 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дурсгал болгож хүлээлгэж өгсөн байдаг. Уг дүрэмт хувцас нь 1940-өөд оны эхэн үед хамаарна. Мөн өнгөрсөн долоо хоногт Х.Чойбалсангийн өөрийн гараар бичсэн 120 гаруй захидлыг нэгтгэн ном болгосон” гэж мэдээлээ.

Э.АРИУН

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.