МОНГОЛ ТУУРГАТНЫ БАРИЛДААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт /2018.06.02/ "Монгол туургатны бөхийн барилдаан"-ыг  "Хамаг Монгол" студи, бөхийн "Жавхлант" дэвжээ хамтран зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

Энэхүү барилдаанд манай улсын алдар цолтой бөхчүүдээс гадна БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Тува, Буриадынбөхчүүд ирж, монгол туургатны бөхийн гурван төрлөөр барилдаан болов. 

Тухайлбал, Монгол үндэсний бөх, Өвөрмонгол бөх, Буриад бөх гурван төрөл тус бүрд хүчит 128 бөх төв цэнгэлдэхийн ногоон дэвжээн дээр уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдлаа.

Үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Б.Бат-Өлзий,начин Т.Санчир тэргүүтэй бөхчүүд барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн юм. 

Харин ОХУ-ын Буриад, Тува улсаас 10 орчим бөх хүчээ сорихоор ирсэн юм. Монгол туургатны Буриад бөхийн барилдаанд аймгийн арслан Т.Бэгзсүрэн түрүүлж, сумын заан Өлзийсайхан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцагаД.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Ц.Сандагдорж нар үлдсэн юм.



Өвөрмонголын алдарт аварга Д.Баярбаатар, Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын 21 бөх ирж оролцлоо.Өвөрмонгол бөхийн барилдаанд Шилийн гол аймгийн аварга Бүрэнсайн түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Баянмөнх нар үлдлээ. 

Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны зөвшөөрөлтэй Монгол туургатны бөхийн барилдаан Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв.

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.