Хүр эрвээхэйн хор хөнөөл
Монгол орны ойн хомсдолд хортон шавьж, түймэр, мод бэлтгэл гэсэн гурван хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг. Товчхондоо бол ойн дайсан нь хортон шавьж, хүн хоёр. Энэ хоёр “дайсан”-ы хэн нь илүү хор хөнөөлтэйг хэлэх нь илүүц биз. Ойн түймэр, хууль бус мод бэлтгэл гээд ярих юм бол хүний үйл ажиллагаанаас болж байгалийн “ногоон уушиг” агшиж багассаар байгаа. Хортон шавьжийн хөнөөл ч хүнийхээс дутахгүйгээр ойг доройтуулдаг.
Хортон шавьжууд модны ногоон биосфер буюу навч, шилмүүсээр хооллодог. Мөн иш, модлог хатуу эдээр хооллодог шавьж ч бий. БОАЖЯ-ны Ойн хортон шавж, өвчний мэдээллийн санд 6 овог, 29 баг, 73 төрөл, 92 зүйл ойн хортон шавьжийн тухай мэдээлэл бүртгэгджээ.
Эдгээрээс 4-5 зүйлийн хөнөөлт шавьж хамгийн өргөн тархсан байдаг гэнэ. Тэр дундаас Сибирийн хүр эрвээхэй хамгийн хор хөнөөлтэй нь. Хүр эрвээхэйн дийлэнх нь шилмүүсээр хооллодог. Гэхдээ навчаар хооллох нь ч бий. Ер нь л дайралдсанаа идэж устгадаг гэж хэлж болох юм байна. Хүр эрвээхэйн хор хөнөөлтэй шинж чанар нь уг шавьжийн үржил, хөгжлийн онцлогтой холбоотой. Учир нь Сибирийн хүр эрвээхэй авгалдай, хүрэнцэр зэрэг үе шатыг дамжин өсч бойжихдоо гурван жилийг зарцуулдаг. Өөрөөр хэлбэл гурван жил тутамд хүр эрвээхэйн тоо толгой олширч дэгдэлт бий болдог юм байна. Энэ хугацаанд тухайн бодгаль амьдарч буй модныхоо шилмүүсээр хооллоно. Хүр эрвээхэйн хүрэнцэрт идэгдсэн мод гурван жилийн турш ийм дайралтад өртөнө гэсэн үг.
Хүр эрвээхэйн гол зоог нь шинэсний шилмүүс. Шинэс мод уг нь гурван жил дараалан хүр эрвээхэйн авгалдай, хүрэнцэрт идэгдлээ гэхэд тэсээд гардаг аж. Түүнээс цааш бол тухайн мод нөхөн сэргэж ургах чадалгүй болдог байна. Мэдээж ган гачиг зэрэг байгаль, цаг уурын нөхцөл байдал давхар нэрвэх юм бол шинэс мод нэг хоёр жилийн дотор сүйддэг ажээ.
Шинэсэн ой хортон шавьжийн хөнөөлөөс болж устлаа гэхэд тухайн орчны экологийн тэнцвэрийг хангаж, дахин шилмүүст ой ургах таатай нөхцөлийг хадгалж байдаг мод бол хус гэнэ. Хус мод ургаж байгаа ой шилмүүст мод ургах таатай орчныг 50-60 жил хадгалдаг бөгөөд энэ хугацаанд дахин шинэс, нарс ургаж эхэлдэг байна. Түүнчлэн нэг дор олон төрлийн мод холилдон ургах нь хортон шавьж өсч үржихгүй сайн талтай байдаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Ойн гол хортон Сибирийн хүр эрвээхэйн гол хоол шинэс боловч нарсан ойд ч аюул занал учруулдаг.
Шавьж устгалын шалгарсан аргууд
Ойн хортон шавьж тодорхой давтамжтайгаар ихэсдэг. Энэ нь амьдралынх нь мөчлөгтэй холбоотой. Нэг шавьжийн амьдрал 12 жилийн мөчлөгтэй байдаг гэнэ. Энэ мөчлөгийг нь судалж, мэдсэнээр тухайн хортон шавьжийн тархалт, тоо толгойн өсөлтийг хязгаарлах боломжтой байдаг аж. Тиймээс жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ойн хортон шавьжийн устгалыг хийдэг билээ. Ойн хөнөөлт шавьжнаас хамгаалах арга хэмжээний талаар Ойн тухай хуульд зааж өгсөн байдаг. Энэ дагуу тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд БОАЖЯ болон Ойн судалгаа, хөгжлийн төвтэй гэрээ байгуулан ойн хортон шавьжийн устгалын ажлыг гүйцэтгэдэг. Хортон шавж устгалын үйл ажиллагаа явуулах тусгай эрхтэй 23 ААН байдаг бол 10 гаруй тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Харин химийн бодис, бактерийн үйлдвэр нэг бий аж.
Дотооддоо үйлдвэрлэж байгаа шавьж устгах бэлдмэлийг импортоор авдаггүй юм байна. Одоогоор таван нэр төрлийн бэлдмэлийг Монгол Улсад үйлдвэрлэж байгаа ажээ. Тухайн зүйлд л нөлөөлдөг, бусад зүйлд нөлөөлөхгүй тийм бодис хэрэглэх болсон нь дэвшилттэй тал гэнэ. Өмнө нь аливаа төрөл зүйлийн хортонг устгахын тулд түүнтэй хамт бусад шавьжийг устгадаг байжээ.
Хортон шавьж устгалд химийн бодисоос гадна бактерийн бодис хэрэглэдэг. Химийн арга нь үр дүн сайн ч байгальд сөрөг нөлөөтэй. Нэг бодисыг удаан ашиглахад сүүлдээ үйлчлэхээ больдог сул талтай. Микробиологийн арга зардал өндөр ч үр дүн сайн байдаг гэнэ.
Ойн хортон шавьж устгахад өргөн хэрэглэж байгаа арга нь онгоцоор хор цацах арга. Одоогоор хоёр онгоцоор устгал хийж байгаа юм байна. Мөн хортон шавьж ялангуяа хүр эрвээхэйн өндгийг нь хусдаг аргыг хэрэглэдэг. Эрвээхэй болчихсон хойно бол гэрлэн урхиар барьдаг аргыг ч хэрэглэдэг байна. Эдгээрээс хүрэнцэр байхад нь бодисоор устгах нь хамгийн үр дүнтэй. Сибирийн хүр эрвээхэйн онцлог нь тухайн модноосоо бууж өвөлждөг. Хавар болохоор эргээд модны гол ишээр дамжин дээш гардаг байна. Энэ процессыг нь ашиглан дөрөвдүгээр сард модны гол ишинд урхи тор тавьдаг байна. Түүнчлэн байгалийн эсрэг тэсрэг хүчин зүйлийг ашигладаг арга ч бий.
Үүргэвчтэй шүрших аргаар ойн хортонг устгаж байгаа нь
Хүр эрвээхэйн өндөг, авгалдайг түүх арга өргөн хүрээнд хийж чадвал хамгийн үр дүнтэй.
Тал төсөв, бүтэн гачлан
БОАЖЯ-ны энэ жилийн худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ойн хортон шавьж устгахад зориулж 10 тэрбум төгрөг төсөвлөжээ. Салбарын яам болон ойн мэргэжлийн байгууллагуудын судалж тооцоолсноор энэ онд 143 мянган га ойд онгоцоор хортон шавьжийн устгал хийх шаардлагатай байгаа аж. Мөн үүнтэй зэрэгцүүлэн үүргэвчийн шүршигч, гэрлэн урхи зэрэг аргыг ч ашиглахаар төлөвлөсөн байна. Энэ бүх ажилд 450 тонн бэлдмэл шаардлагатай.
Ойн хортон шавьж устгахад хамгийн үр дүнтэй, илүү далайцтай арга нь онгоцоор хор цацах арга. Гэхдээ энэ нь өртөг өндөр. Нэг га талбайд хүр эрвээхэйн өндгийг түүж цэвэрлэхэд 5000 төгрөгийн өртөгтэй бол ийм хэмжээний талбайд онгоцоор хор цацахад 50 мянган төгрөгийг өртөг гарах жишээтэй. Хортон шавжийн устгалын ажилд зориулж онгоц түрээслэдэг. Уг нь Ойн судалгаа, хөгжлийн төв өөрсдөө онгоцтой байх талаар нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, судалсан юм билээ. Үе үеийн салбарын сайд нар ч үүнийг дэмжиж байж. Харамсалтай нь өнөөг болтол шийдээгүй.
Онгоцоор ойн хортон шавьжийн устгал хийхийн зэрэгцээ дрон, жижиг дельтаплан ашиглаж хор цацаж туршиж байж. Гэхдээ энэ нь хамрах хүрээ бага тул цаг хугацаа, хөдөлмөр их шаардаж байжээ.
Ер нь жилийн жилд ойн хортон шавьж устгалд шаардагдах зардлын 60 хувийг нь л төсөвлөдөг. Тэгэхээр хортон шавьжийг нь устгах шаардлагатай талбайн 40 хувь нь үлддэг гэсэн үг. Ийнхүү хагас дутуу устгал хийх нь үр дүн бага. Үүнээс шалтгаалан ойн хортон шавьж тодорхой үе давтамжтайгаар өсч олширсоор байдаг ажээ. Хамгийн их хор хөнөөлтэй хүр эрвээхэйн жишээг дахин аваад үзэхэд авгалдай, хүрэнцэрийн шатандаа байх хоёр жилд нь хангалттай сайн устгал хийчих юм бол гурван жилийн давтамжтайгаар хүр эрвээхэй олширч, нүүдэллэдэг байдал арилах ажээ. Ойн хортон шавьж устгалын зардлын 40 хувийг олгохгүй байгаа нь төсвийн боломжтой холбоотой нь ойлгомжтой боловч жил бүр хийж байгаа 60 хувийн гүйцэтгэл үүнээс болоод элсэнд асгасан ус шиг замхарч байгааг бодох л хэрэгтэй санагдана. Үүнийг тал төсөв, бүтэн гачлан гэлтэй. Хоёроос гурван жил дараалаад ойн хортон шавьж устгах ажлын зардлыг 100 хувь олгож, устгал хийх талбайг бүрэн хамруулахад л үр дүн нь гарт баригдаж, нүдэнд харагдах боломжтой.
toimmedee.mn