АТГ-аас сар бүрийн 25-нд тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөх “АТГ-ын үйл ажиллагааны тов мэдээлэл” хэвлэлийн бага хурал боллоо. Тавдугаар сард хийсэн ажлуудын талаар Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар мэдээлэл өглөө.
АТГ-аас тавдугаар сард хийсэн ажлын товч мэдээллийг АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр өнгөрсөн сард нийтдээ АТГ-ын дэргэд дэх олон нийтийн төвөөр дамжуулан 801 нийтийн албан тушаалтанд сургалтад хамруулсан байна. Нийтдээ 1071 албан тушаалтныг өнгөрсөн тавдугаар сард авлигаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулжээ. Мөн АТГ-аас яам агентлагуудад хүргүүлсэн авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж байгааг танилцууллаа.
Өнгөрсөн тавдугаар сард мөрдөн шалгах чиглэлээр нийтдээ 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Мөрдөн шалгах ажиллагааны ачаалал нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Үргэлжлүүлэн Оюу толгойн гэрээтэй холбогдох хэргээр хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нарыг АТГ-т авчирч байцаасан талаарх сэтгүүлчдийн асуусан асуултад Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог хариуллаа.
Тэрбээр "Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал дээр нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, шалгагдаж байгаа. Хоригдож байгаа сэжигтэн, яллагч нарыг мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг хуульд заасны дагуу прокурорын хяналт дор явуулдаг. Хоригдож байгаа сэжигтэн яллагдагч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажлууд болох байцаалт, туршилт, үзлэг гэх мэтийг явуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд цагдан хорих арга хэмжээ авагдсан байгаа яллагдагч нарыг хоригдож байгаа анги, байгууллагаас тодорхой хугацаагаар прокурорын зөвшөөрлөөр аваад ажиллагаа хийн буцаан хүргэх ажиллагаа явагддаг. Энэ ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр 1-2 удаа явагдсан.
Энэ ажиллагааны хүрээнд 2018 оны тавдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч, өмгөөлөгчийг оролцуулан байцаалт авч тодорхой ажиллагаанууд хийгдсэн.АТГ-ын даргын тухайд Авлигын эсрэг тухай хуулийн 23.1.7-д заасны дагуу эрхийнхээ хүрээнд тус газар шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах, үүрэг чиглэл өгөх эрх нь нээлттэй байгаа. Энэ эрхийн хүрээнд тухайн яллагдагч өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах ажиллагаа ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа болоогүй.
Сэжигтэн яллагдагчийг АТГ-т авчирсан асуудал нь хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй явсан бөгөөд ямар нэгэн хор өгсөн дарамталсан, айлган сүрдүүлсэн залхаан цээрлүүлэн биеийг нь муутгасан арга хэмжээ болоогүй. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн арга хэмжээ болоогүй. Хэргийн тухайд нэлээд цаг хугацаа шаардлагатай цар хүрээ ихтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Хэнээс хэдэн удаа байцаалт авсныг та бүхэнд хэлэх боломжгүй. Энэ бүхэн хуулийн дагуу явагдаж байгаа" гэв.
toimmedee.mn