Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж, хариулт авлаа. Үүнээс Ш.Раднаасэд гишүүн асууж, Сангийн сайдын хариулснаас асуудлын мөн чанар тодорхой харагдаж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
"0-18 насны 1000042 хүүхэд байгаа. 80 биш 100 хувь олгох боломж байхгүй байна уу. Хүүхдийн мөнгө тусламж биш. Хүн амаа өсгөх том бодлого. Үүнийг ОУВС-гийнхан болон бусад байгууллага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юу. Хоёрдугаарт, 80, 100 хувь болголоо гэхэд гарах зардал нь ямар байгаа юм. Яг хэзээнээс олгох юм. Одоо 80 гээд оруулаад ирэхээр түүнээс ухрах боломжгүй гэж Засгийн газар тайлбарлах байх. Гэхдээ яаж ийж байгаад 100 хувь болговол том асуудал шүү.
Хүүхдийн мөнгөөр амьдардаг олон өрх бий. Хүнсний талон гээд нэг зүйл байна. Байнга судалгаанд хамруулдаг. Тэгсэн мөртлөө энэ жил танайх хасагдлаа ч гэх шиг. Ийм өрх орон нутагт олон байна. Гэртээ байхгүй хойгуур нь оччихоод хасаад хаячихдаг. Явж байгаа бодлогоо сайжруулах биш ухраад байгаад ард түмэн бухимдалтай байна. Хойшоо ухарсан байдалтай л яваад байх юм. Эдийн засаг хямраасан нөхдүүд нь зүгээр яваад байдаг. Тэр нь ард түмний нуруун дээр бууж байна. 100 болгох хувилбар байна уу Сангийн сайдаа тайлбарлаач.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлогоос эдийн засаг хямарсан. Хэд хэдэн төсөвтэй явсан. Ард иргэд ядуурсан, аж ахуйн нэгжүүд дампуурсан. Төгрөгийн ханш унасан, валютын нөөц тасарсан. ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо эерэг үр дүн нь гарч байна. ОУВС-тай тохирохдоо хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгоно гэсэн байдлаар тохирсон.
ОУВС-гаас гадна донор орнуудтай тэгж тохирсон. Тэдгээрээс Японы Засгийн газартай хүүхдийн мөнгө олгох асуудлаар тохирсон. Олон банк санхүүгийн байгууллагаас Азийн хөгжлийн банктай хүүхдийн мөнгийг зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд гэж тогтсон. Одоо эдийн засаг тогтворжиж эхлэхээр та нар хэрэггүй гэж хэлж болохгүй. ОУВС-г дагаад олон улсын байгууллагууд санхүүжилт олгож байна.
Тэдгээртэй хамтарч ажиллахын тулд тохирсон байр сууриндаа хатуу байх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг 80 хувь болгох хэлцлийг гурван сар явж байж оруулж ирсэн. Хүүхдийн мөнгийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дандаа зээлээр олгосон байна. Зөвхөн энэ мөнгөнд 1.1 их наяд төгрөгийн зээл авч өгсөн байна. Үлдэгдэл 875 тэрбум төгрөгийг одоо хүртэл бид төлж байна.
Ийм байхад амьдралын бүрэн боломжтой хүмүүс хүүхдийн мөнгө авна гээд дайраад байхгүй байх. Ядуурлын төвшин 20-29.6 болж өссөн. Тийм учраас 60-80 хувьд олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрвээ 100 хувь болгох юм бол олон улсын банк санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ бүгдээрээ дуусгавар болно. Ингэхийн бол төгрөгийн ханш унах, валютын нөөц багасах эрсдэлтэй гэсэн.
Г.Саруул
toimmedee.mn