Н.ЦЭРЭНБАТ: ОРОН СУУЦЖУУЛАХ, ДЭД БҮТЭЦ ТАТАХ, НИЙТИЙН ТЭЭВЭРТ ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙХ САНАЛЫГ БНСУ-ЫН ТАЛД ТАВЬСАН
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаан болж өнгөрлөө. Энэхүү хуралдааныг Монголын талаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНСУ-ын талаас тус  улсын Гадаад хэргийн дэд сайд Чо Хьюн нар даргалсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Монгол,Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны III хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

 -Монгол Улс, БНСУ-ын өнөөгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, цаашид хөгжлийн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах, иргэд хоорондын визний асуудал, Монгол Улс, Солонгос Улс хооронд байгуулсан буцалтгүй тусламж, зээл, төсөл хөтөлбөрүүдийн талаар ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг дээр санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ. Мөн Ерөнхий сайдыг БНСУ-д айлчах үеэр яригдсан хэд хэдэн асуудлыг эрчимжүүлэх талаар ч санал солилцсон.

-Тодорхой ямар саналууд тавьсан бэ?

-Бидний зүгээс аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчны салбарт БНСУ-тай хамтарч ажиллах, БНСУ-ын ААН-үүдтэй эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, тэдний зүгээс хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлэх саналыг тавьсан. Мөн Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын тоог нэмэгдүүлэх, харилцан визгүй зорчих асуудлыг нэн дариу шийдэх, далайн тээврийн мэргэжилтнүүд бэлтгэхэд БНСУ Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр болсон.

 -Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авахаар болсон 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах талаар санал солилцсон уу?

-БНСУ-аас Монгол Улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлэхээр болсон 500 сая.ам долларын ерөнхий нөхцөлийг онцгой нөхцөл байдлаар харгалзан, хугацааг нь эрчимжүүлье. Энэ асуудлаар дахин 4 дүгээр сард хуралдаж, зарцуулалтыг нарийвчлан ярилцъя гэж тохирсон. Тэр болтол Сангийн яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтаар цаашид хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт нийтлэг ярих асуудлуудаа тодорхой болгохоор санал нэгдсэн.

-Монгол Улсын Засгийн газраас 500 сая.ам долларыг хэрхэн зарцуулах тал дээр ямар санал тавьж байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах гол арга хэмжээг орон сууцжуулах гэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор эрчим хүч, дулааны дэд бүтцийн шугам татах, орон сууцны хороолол барих, Улаанбаатар хотын агаарын бохирдолд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа нийтийн тээвэрт парк шинэчлэл хийе гэдэг саналыг хүргүүлсэн. Одоогоор БНСУ-аас хариу хүлээж байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.