Увс аймгийн ЗДТГ-аас Завхан сумын ЗДТГ болон “Сайхан Халиун” компанитай хамтран зохион байгуулж байгаа “Тэмээний баяр” өчигдөр эхэлжээ. Энэхүү баярт оролцохоор Увс аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Масато Такаокаг, хөрш зэргэлдээ аймгууд болон ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид зэрэг зочид гийчид хүрэлцэн ирээд байна.
Баярын үеэр тэмээтэй жагсаал, урлаг соёлын арга хэмжээ, хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн, гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ, ардын бий биелгээний үзүүлбэр, цасны сумо барилдаан, олс таталтын тэмцээн, Дээлтэй Монгол шалгаруулах, Завхан сумын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээ явагдах юм байна. Мөн гэрэл зураг сонирхогчдын дунд “Их говийн эзэн” гэрэл зургийн уралдаан зарласнаа дүгнэх юм.
“Сайхан халиун” компанийн захирал С.Хийморьсан нь ах дүү нарынхаа хамтаар өөрийн эцэг Цөөхөр сартуул овгийн Ч.Сүхбаатарын нэрэмжит Тэмээний баярыг Завхан суманд 13 дахь жилдээ уламжлал болгон ийнхүү зохион байгуулж байна. Увс аймгийн тэмээн сүргийн тоо жилийн эцэст 23581 толгойд хүрч өнгөрсөн оноос 7.3 хувиар өссөн байна. Нийт тэмээн сүргийн 8523 толгой буюу 36.2 хувийг Завхан сум эзэлж, тэмээн сүргээрээ аймагтаа дахин тэргүүлж, “Тэмээний баяр”-аа хийж байна.
toimmedee.mn