Эрх баригчид ахин нэг бухимдлын гал өрдөхөөр зэхэж байна

Саяхан УИХ-ын дарга М.Энхболдод Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүлжээ.

Тамхины хяналтын тухай хууль 2013 оноос мөрдөгдөж эхэлсэн ч бүрэн хэрэгжихгүй байгаа юм. Учир нь хэрэгжих боломжгүй маш олон заалт энэ хуулинд байдаг бөгөөд ардчилсан, хуулийн засаглалыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг орнуудад хэрэгжихгүй заалт бүхий хууль нь “хуулийг биелүүлэхгүй байж болно” гэх ойлголтыг түгээж, хууль биелүүлэхгүй байх дадлыг иргэдэд суулгадаг тул хуульгүй байснаасаа илүү хор хөнөөлтэй гэж үздэг ажээ. Хэрэгжих боломж бүрдээгүй нөхцөлд хууль гаргаснаас журам, дүрэм, орон нутгийн удирдлагын тогтоол шийдвэр хэлбэрээр зохицуулалт хийсэн нь хуулийн засаглалд хөнөөл багатай гэж үздэг байна.

Жишээ нь,  Тамхины хяналтын тухай хуулийн заалтаар сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиус дотор тамхи худалдаалахыг хориглосон. Дорхи газрын зургийг харахад энэ заалт Улаанбаатар хотод огт хэрэгжих нөхцөлгүй байгаа нь тодорхой болно.

Хэрвээ сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд л тамхийг худалдна гэсэн хуулийн заалт хэрэгждэг бол тамхийг Улаанбаатар хотын гаднаас л худалдан авах ёстой болж таарч байгаа юм. 

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тэртээ тэргүй хэрэгжихгүй байгаа заалтууд дээр нэмж, бүр олон хэрэгжихгүй заалт оруулахаар зүтгэж эхэллээ. Дараах биелэгдэшгүй нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байгаа юм.

- Зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно.

- Тамхийг худалдаа, үйлчилгээнд биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилнө.      

Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдах заалтыг хэрэгжүүлж, хянаж чадахгүй байж утаагүй тамхийг хориглосон газарт татаж байгаа эсэхийг хянаж чадах уу? Тамхийг ил байдлаар тавиулахгүй гэдгээ хэрэгжүүлж чадах болов уу? Үгүй гэдгийг баттай хэлнэ.

Учир нь одоо тамхи худалдаалж байгаа цэгүүдэд тухайн хэсгийн цагдаа нар өдөр бүр очиж дарамтлаад 5000 төгрөг аваад салдаг. Тэрийг нь худалдаж байгаа иргэд, дэлгүүр өгөөд салдаг жишиг тогтоод удаж байна. Төр жижиг хахууль, авлигыг өөгшүүлэх заалт бүхий хууль гаргах нь хэр зохистой юм болоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрийн санаачилсан төслийн ач холбогдлыг дөвийлгөн “тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр нас баралтыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм” гэж дурджээ. 2013 онд Тамхины хяналтын хууль гарснаас хойшхи статистикийг харвал импортоор орж ирсэн хэмжээ, тамхины борлуулалт огтхон ч буураагүй, бага зэрэг өссөн дүнтэй байна. Манай улсын 16 –аас дээш насны эрчүүдийн тал орчим хувь, бүсгүйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлт хэв хэвээрээ байна. Хориглоод, боогоод байхаар татахаа больчихдог, эрүүл болчихдог, тамхийг жигшдэг биш л байна даа. Олон улсын туршлага ч үүнийг нотлоно. Өнгөрсөн намар монголд болсон хэлэлцүүлэг дээр Казахстан улсын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбооны ерөнхийлөгч Жибек Ажибаева “Тамхитай тэмцэх хуулийн төсөлд оруулах гэж буй шинэчлэлдд олон хориг заалт оржээ. Ямар ч хориг, ямар ч хязгаарлалт нааштай эерэг үр дүн авч ирдэггүй. Харин ч далд бизнес, авилга хээл хахууль хөгжих таатай нөхцөлийг үүсгэдэг. Ийм асуудал манай улсад ч гарч байсан” гэжээ. Иймээс Казахстанд тамхины худалдаанд тавьсан хоригуудыг цуцалсан хууль даруй гаргасан аж. Тамхины ил худалдааг хориглолоо гээд хүн татахаа больчихдоггүй, харин далд хэлбэрийн худалдаа л цэцэглэдэг байна. Далд худалдаа нь авлигал хөгжих үндэс болдог тул тамхины худалдааны зохицуулалтыг амьдралд ойр хэлбэрээр хийх шаардлагатай ажээ. 

“Тамхины утаанаас болон тамхины хор урш­гаас иргэдээ хамгаалах тухай” хуулийг Төрийн Дум 2013 оны эхээр баталжээ. Энэ хуулиараа ресторан, байрны орц тэр ч бүү хэл алсын чиглэлийн галт тэргэнд тамхи татахыг хориглосон. Гэвч огт хэрэгжихгүй байгаа бөгөөд хуулийг хэрэгжүүлэхгүй байж болдог гэсэн ойлголтыг түгээж байна гэж үзсэн учраас цуцлах санал гарчээ.

Ирэх 5 дугаараас сараас хэрэгжих ёстой байсан тамхины худалдааг бүрмөсөн хориглох хуулийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрийг саяхан Австрийн парламент гаргалаа. Австрийн Ардын намын бүлгээс хийсэн мэдэгдлээс үзэхэд ресторан, жижиг дэлгүүр үйлчилгээний газрууд боломжит орлогоо алдснаар ажлын байраа их хэмжээгээр цомхотгоход хүрсэн тул ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Дэлгүүр, ресторан, олон нийтийн газарт тамхи худалдаалахыг хориглох хуулийг 2015 онд Австрийн Социал демократ нам гаргасан нь ирэх 5 сард хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.

Тас хорьж байснаас амьдралд ойр шийд гаргах нь чухал гэж австрийн улс төрчид үзэж байна. Тэд 18 наснаас дээш иргэдэд тамхи худалдах, дам тамхидалтыг хориглох, тамхины доод үнийг тогтоох, худалдаж байгаа цэгт камерын хяналт байрлуулах зэрэг нь тас хориглох хэмээх үл биелэх заалтаас дээр хэмээн ярьж байна. Австри нь ЕХ-ны дотор тамхи татагчдынхаа тоогоор гуравт бичигддэг бөгөөд жил 13 мянга орчим хүн тамхинаас шалтгаалах өвчлөлөөр нас бардаг гэсэн үзүүлэлттэй ажээ.

Чех улсад олон нийтийн газарт тамхи татахыг бүрэн хориглох хууль бас дэмжлэг авсангүй. 65132 иргэн үүнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн аж. Сенатын гишүүн Даниэл Филип «Тамхи эрүүл мэндэд хортойг бүгд мэдэж байгаа. Гэхдээ насанд хүрсэн хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд өөрсдөө л санаа тавих ёстой. Төр оролцох оролцохгүй зүйлээ мэддэг байхгүй бол юм бүхэнд хошуугаа дүрэх нь сайн үр дүн авчрахгүй» гэжээ.

Түүний энэ санааг олон хүн дэмжиж «Насанд хүрсэн хүнд юуг хийх, юуг хийхгүй байх. Эрүүл мэндээ бодох, эс бодохыг Засгийн газар  заах эрхгүй» хэмээн эсэргүүцэлдээ бичсэн аж. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ хордуулах эс хордуулах сонголтыг иргэд өөрсдөө сайн дураараа гаргах ёстой гэнэ. Жамаараа явж байгаа харилцаанд Засгийн газар хэт оролцох нь бухимдал үүсгэж, тогтворгүй байдал үүсгэх бөгөөд энэ нь тамхины худалдааг хорихоос илүү хөнөөлийг нийгэмд авчирна хэмээн европын иргэд, улс төрийн намууд үзэж байгаа юм.

Хориглох, боох талаар эхлэж бодохын оронд үр дүнтэй бусад аргуудыг нэвтрүүлсэн нь дээр. Жишээ нь, тамхины  жижиглэнгийн худалдааны хамгийн доод үнийг төрийн зохицуулалтаар, Засгийн газраас тогтоодог байх. Тамхины жижиглэн худалдах доод үнийг тогтоосноор АНУ-ын төсвийн орлого 15 сая доллараар нэмэгдсэн байна. Харин тамхи татагчдын тоо 6 хувиар буурчээ. Ийм тохируулгын арга хэмжээ тамхи татагчдын орлогод таагүй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн эерэг үр дүн байна.  Мөн тамхи татах тусгай цэгт хатуу стандарт, шаардлага тавих нь хорихоос илүү үр нөлөөтэй аж. Тамхины худалдааг далд болгохын оронд борлуулалтыг хянах, жижиглэн худалдааны сүлжээнд камержуулалт хийсэн нь илүү бодитой шийдэл юм. Тамхины  үйлдвэрүүд болон борлуулалт хийдэг компаниудад нийгмийн хариуцлагын өндөр шаардлага тавьж, заавал биелүүлэхийг шахсан заалт оруулах нь тустай. Олон улсын туршлагад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн тамхины бизнес эрхлэгчдийн нэр, лого, брэндийг зарладаггүй жишиг бий. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд тамхины бизнесийнхэн сайн үйлсийг санхүүжүүлж, хандивлагчид болох ёстой.

Л.Эрдэнэчимэгийн анх санаачлан батлуулсан Тамхины хяналтын тухай хуулийн хориглосон зүйл заалтуудын хэрэгжилт 50 хувь хүрэхгүй биелэлттэй байхад Б.Баттөмөрийн оруулах гэж буй нэмэлтүүд хуулийн, бухиа засаглалын нэр хүндийг улам унагаж, жижиглэн худалдаа эрхлэгчдийн бухимдлыг өдөөж, хаврын синдром дээр бас нэгэн эсэргүүцлийн голомт нэмэх гээд байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байгаа юм.

Татварын 9 төрлийн нэмэлт, тэтгэврийн насыг уртасгасан, шатахууны үнэ галзуурсан, ядуурал гаарсан, эрх баригчид дорвитой ажил хийхгүй байна гээд өчнөөн бухимдал бэлээхэн оволзож байхад тамхины худалдаанд хатуу хориг тавьж, өөрсдийгөө болгож яваа жижиглэн худалдаачдыг сүйрүүлэх замаар гай дээр гай нэмэх хэрэг байгаа ч юм уу.

Лангуун доорх далд худалдааг өөгшүүлснээр төсөвт төвлөрүүлэх татварын орлогод ч сөргөөр нөлөөлнө. Б.Баттөмөр гишүүн сонгогдсон хугацаандаа ямар нэгэн хууль санаачилсан, батласан болох гээд байгаа бол өөр шаардлагатай, хэрэгцээтэй өчнөөн хууль санаачлагчаа хүлээж байна. 

 

М.Болд

http://www.shuud.mn/content/read/493357.htm

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.