Шатахууны онцгой албан татварыг тэглэж, нефтийн үйлдвэр барина

Нефть импорлогч хэдэн компанийг толгой дэээрээ гаргасан Монголын төр, У.Хүрэлсүхийн  засгийн газар үнэхээр хүчгүй гэдгийг та бид хангалттай харж, горыг нь амссан өдрүүд үргэлжлэв. Тэгвэл энэ байдал эцэс болох бололтой.

Өөрөөр хэлбэл Засгийн газар өчигдрийн хуралдаанаар хоёр чухал шийдвэр гаргаж, галыг түр намжааж магадгүй байдал ажиглагдаж байна.  Эхнийх нь АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх, дараагийнх нь нефьтийн үйлдвэр барих тухай байв. 
Уймраа хүн нэг ажлыг хэд хийдэг шиг Монголын засгийн газар татвараа нэмж нэг үзээд болохгүй юм байна гээд хасаж байгаа явдал. 
Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвар гаргалаа.Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: “Олон улсын зах зээлд нэг баррель нефть 45 ам.доллар байсан ч 2017 оны 07-р сараас 65 ам.доллар болон өссөн. Цаашид 60-70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байна.  Тиймээс өчигдөр хуралдсн Засгийн газрын ээлжит хуралдаанаар А-80, А-92 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж байна. харин бусад нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг хэвээр нь үлдээхээр шийдвэр гаргаж байна.” гэв.  Ингэснээр шатахууны хомсдлын асуудал үүсэхгүй, ШТС-уудад А-92 элбэг дэлбэг  байна гэж Засгий газраас үзэж байгаа аж. 
Татвар тэглэснээр улсын татварт нэг их дарамт учрахгүй байх гэдгийг Сангийн сайд хэлсэн. Одоо бүх зүйл олон улсын зах зээлд нефтийн үнэ хэрхэн хэлбэлзэхээс хамаарах аж. 
Тэгвэл бид байнгын олон улсын зах зээлээс хамааралтай “гөлөн гөлөн” царайлж явахгүй гэдгийг У.Хүрэлсүх сайд мэдэгдлээ. Түүний хэлж байгаагаар нефтийн үйлдвэр барих юм байна.
 
Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барина: Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж эхлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Үүнтэй холбогдуулан сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар тогтлоо. Сайншандаас газрын тос боловсруулах үйлдвэр хүртэлх салаа төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын автозам, эрчим хүч дамжуулах шугам зэргийг төрийн өмчит компани, байгууллага хариуцаж гүйцэтгэнэ.Бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын үе шат бүрт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байнгын хяналт тавих юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд нефть боловсруулах үйлдвэр барихын тулд хэрхэн анхаарч ажиллахаа ард иргэддээ мэдэгдэв. Уг мэдэгдэлд:
“Ард иргэд ээ.
Өнөөдөр бид ЗГ-ын хурлаараа Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа.
Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдлээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно.
1.    Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх
20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ. 
2.    Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3.    Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.
Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана” гэжээ. 
Ямартай ч П.Очирбатыг Ерөнхийлөгч байхад л нефтийн үйлдвэртэй болно гэж ярьсан.  Гэвч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Хэрвээ У.Хүрэлсүх үнэхээр ажил хэрэг болгох юм бол бид эх орондоо түлш үйлдвэрлээд хямд түлшээр хангагдах боломжтой болно. Тэр цагт нефть импортлогчид хүссэн ч эс хүссэнч үнээ буулгах нь баараггүй биз. 
Харин үнэ буураад ирэхийн цагт уймраа зангаа Монголын төр битгий гаргаасай даа... 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.