Увс аймгийн Баруунтуруун сумын малчид малаа бэлчээрт гаргалгүй хотондоо тэжээж байна

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос 17 аймгийн 100 сум зудархуу байгаа. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарч зарим нутгаар энэ долоо хоногт шөнөдөө -51 хэмийн хүйтэн хонох төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Учир нь Сибирийн бүс нутгийн хүйтэн агаар Монгол орноор дамжин өнгөрч байгаа. Тиймээс бид өвөлжилт хүндэрсэн аймгуудтай холбогдож дараах мэдээллийг авлаа.

-БАРУУНТУРУУН СУМАНД ШӨНӨДӨӨ -43-48 ХЭМ ХҮРЧ ХҮЙТЭРЧ БАЙНА-

Увс аймгийн Баруунтуруун сумын ихэнх нутагт цасан бүрхүүл тогтсон бөгөөд малчид малаа бэлчээрт гаргаж чадахгүй байгаа аж. Энэ талаар Баруунтуруун сумын Засаг даргын орлогч З.Бат-Эрдэнэтэй утсаар холбогдлоо. Тэрбээр “Манай сумын 60 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон, 20-60 см-ийн зузаан цастай байна. Шинэ он гарснаас хойш  хүйтэрч, цас нэмж орсноос өвөлжилт хүндэрч малчид малаа зогсоогоор нь тэжээж эхлээд байна. Одоогоор сумын хэмжээнд 50 гаруй мал хорогдоод байна. Мөн суман дотроо отор нүүдэл хийж байна. Малчид одоохондоо өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцөөр малаа тэжээж байгаа. Манай суманд Увс аймгийн урд талын найман сумыг хангах 300 тонн өвс, 160 тонн тэжээлийн хивгийн нөөц байна. Өвөлжилт хүндэрсэн ч өвс тэжээлийн үнэ өсөөгүй нэг боодол өвс 5000 төгрөг, нэг кг тэжээл 500 төгрөгийн үнэтэй байгаа. Манай нутгаар өдөртөө -30-35 хэм шөнөдөө -43-48 хэм хүрч хонож байна. Нэгдүгээр сарын 28-ны өдөр цасан шуургатай, энэ өдрийг л давчихвал хүйтний эрч сулрах гээд байна” гэх хариултыг өглөө.

-УВС АЙМГИЙН ЗАВХАН СУМАНД ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРЧ ХОНЬ, ЯМАА 
ИХ ХЭЭЛ ХАЯЖ БАЙНА ГЭВ-

Өнгөрсөн зун Увс аймгийн Завхан суманд зуншлага сайхан болж Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Ховд аймгийн Дөргөн сумын малчид ирж зуссан байна. Тиймээс бэлчээрийн даац хэтэрч зудархуу нөхцөл байдал үүсээд байна. Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Завхан сумын малчдын 50 орчим хувь нь Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин сумын нутгаар отор нүүдэл хийж яваа аж. Харин сумандаа 70-аад мянган мал үлдсэнээс одоогоор 1000 гаруй мал зүй бусаар хорогджээ.

Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг: “Манай сумын малчид өнгөрсөн намар 200 гаруй тонн өвс, 100-гаад тонн тэжээл нөөцөлсөн байна. Аймгаас 100-гаад тонн тэжээл, 70 тонн өвс өгсөн. Сумын төвд байгаа хариулгатай малаа босоогоор нь тэжээж байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд шөнөдөө -43 хэм, өдөртөө -35 хэм хүйтэн байна. Өөр сумын мал манайд өвөлжихгүй байгаа. Хонь, ямаа хээл их хаяж байна. Мөн төлөг хүйтэнд их дарагдаж үхлээ. Өнгөрч буй долоо хоногт -45 хэм хүрч хүйтэрснээс болж малын зүй бусын хорогдол их гарсан” гэлээ.

-ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МАЛЧИД ДУНДГОВЬ АЙМАГ РУУ 
ОТОР НҮҮДЭЛ ХИЙЖ БАЙНА-

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сараас хойш нэгдүгээр сарын эхэн үе хүртэл 20 гаруй удаа нийт нутгийг хамарсан цас оржээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын дөрвөнд нутгийн хойд болон зүүн зүгийн нутгаар бороо орж, үргэлжлүүлэн цас орсон нь мөстлөг үүсгэж малын туурайг гэмтээж мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Аймгийн нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, малчдад бэрхшээл тулгараад байгаа аж. Тиймээс малчид Дундговь аймгийн зарим сумдууд руу отор нүүдэл хийсэн байна.

Энэ сарын 24-нд Өвөрхангай аймгийн нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх урьдчилсан мэдээтэй байна. Мөн бүх нутгаар хүйтний эрч чангарч, уулархаг нутгаар шөнөдөө -34-39 градус, өдөртөө -22-27 градус, бусад нутгаар шөнөдөө -28-33 градус, өдөртөө -17-22 градус хүйтэн байх аж.

-БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2510 ТОЛГОЙ МАЛ ХОРОГДЖЭЭ-

Баян-Өлгий аймгийн 11 сумын нутгаар цасан бүрхүүл тогтож, 94 багийн  47-д нь өвөлжилт хүндэрсэн, дахиад цас орвол цагаан зуд болж магадгүй талаар тус сумын цаг уурын газраас мэдээлсэн. Өвөлжилт хүндэрсэн сумдад нийтдээ 4576 өрх, 983976 толгой мал өвөлжиж байгаа аж. Одоогоор Дэлүүн сумд 1121, Алтай сумд 220, Буянтад 223, Сагсайд 323, Толбо сумд 304, аймгийн хэмжээнд нийтдээ 2510 толгой мал хорогджээ. Тиймээс улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж буй өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувь хямдруулан малчдад олгохоор Засгийн газраас шийдвэрлээд байна. Аймгийн Нөөцийн газрын дарга Ж.Аманжолын хэлснээр хэр хэмжээний өвс, тэжээлийг хэзээнээс олгож эхлэх нь тодорхой болоогүй байгаа гэв.

М.АМАРЖАРГАЛ

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.