Залуус хөгжлийн форумыг Залуучуудын утга учиртай оролцоог хангах зорилготойгоор зохион байгуулж байна

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2018 он гараад хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг бол “Залуус хөгжлийн форум” юм. Форумын талаарх ерөнхий мэдээллээр ярилцлагаа эхэлье?

Алтай нутгийнхаа зон олон болон танай сонин, сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль мөрдөгдөж эхэлсэнээр залуучуудын оролцох, хөгжих боломжууд нээгдсэн. Үүнтэй холбогдуулан хуулиа сурталчлах, залуучуудын  үзэл бодлыг сонсож аймагт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт тусгах, залуучууд нэгдэж орон нутгаа хэрхэн яаж хөгжүүлэх талаар ярилцаж шийдэлд хүрэх зорилгын хүрээнд уг форумыг зохион байгуулах гэж байна. Энэ нь Алтай нутгийн хөгжилд оюуны хөрөнгө оруулалт хийж, өөрийн хувь нэмрээ оруулахаар гаргаж буй залуучуудын бүтээлч санал санаачилгыг дэмжих сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг мэдээллээ солилцох, тэдгээрийг нэгтгэх чухал ач холбогдолтой юм. Бид хөгжлөөрөө бусад аймгуудаас муу байна гээд сошиалаар их ярьж, хуваагддаг. Энэ бүхний суурь шалтгаан нь эв нэгдэлгүй байдал уу, эсвэл залуусын оролцоо дутагдаж байгаатай холбоотой юу  гэх мэтчлэн асуудлыг зөв тодорхойлж, гарц шийдлийг ярилцаж, тодорхойлохоор ажиллаж байна.

-Форум 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр болохоор бүртгэл явагдаж байгаа. Цахим бүртгэл хэзээ дуусах вэ. Оролцогчдын тоо хязгаартай гэсэн?

Тийм ээ, 200 залууг оролцуулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Онлайнаар бүртгэл хийж байгаа болохоор оролцох сонирхолтой залуус маань заавал манай байранд ирж бүртгүүлэх шаардлагагүй. Бид 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бичгээр болон цахимаар бүртгэлээ аваад эдгээр  хүмүүсээ нэгтгэж тогтоосон тоонд хүрээгүй бол бүртгэлийг сунгах төлөвлөгөөтэй  байна.

-Аливаа ажил байгууллага, хувь хүмүүсийн оролцоо, тус дэм дээр тогтон зохион байгуулагдддаг.  Ямар байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулах вэ?

Залуучуудын хөгжлийн форум нь Говь-Алтай аймгаар овоглон төрсөн нутагтаа ажиллаж амьдарч байгаа болон Улаанбаатар хот, цаашлаад дэлхий даяар тархан суурьшсан манлайлагч залуусыг нэгтгэн төрөлх нутгийнхаа хөгжилд залуучуудын оролцоо хувь нэмэр, өөрийн санаа бодлыг шийдвэр гаргах түвшний удирдлагуудад хүргэх, харилцан бие биенээсээ суралцах, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх, залуучуудын нэгдлийг бий болгох зорилгын хүрээнд хийгдэж байгаа болохоор залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаа татан оролцуулж байна. Форумын ерөнхий зохион байгуулагчаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “GAA’s Millennials” клуб, Хамтран зохион байгуулагчаар аймгийн “Залуучуудын холбоо”, YDC, “Алтайн баялаг Залуус ТББ”, “Хариуцлагатай манлайлагч” клубууд, “Шинэ гарц залуус”, “Алтайн мэдээ” сонин зэрэг газрууд маань ажиллаж байна. Үүнээс гадна тухайн форум болох өдөр оролцох 10 ТББ сонгогдсон. Түүнчлэн “Алтай цай” брэнд маань бидний ажлыг дэмжээд үдийн цайнд өөрийн бүтээгдэхүүнээ хандивлан ивээн тэтгэж байгаа. Мөн сайн дурын ажилтнуудаа ГАА брэндийн  футболкоор жигдрүүлж  харилцан биенээ дэмжсэн бодлогын хүрээнд ажиллаж байна.

-Залуус хөгжлийн форумын нэг томоохон хэсэг болох Говь-Алтай аймгийн “Стартап компани болон залуусын төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг танилцуулах үзэсгэлэн болно гэсэн. Тухайн өдрийн хөтөлбөрөөс танилцуулбал?

Бид 5-н төрлийн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөж байна. Эхлээд 200 оролцогчдынхоо саналыг тусгасан хэлэлцүүлэг багт хуваагдан явагдана. Тэгээд ТББ-уудтай “Шийдэлт хэлэлцүүлэг”, Мөн “Хөөсрөлт”, “Боломж”, “Гарц шийдэл” гэсэн 3-н сэдвийн хүрээнд панель хэлэлцүүлгүүдийг тус тус явуулна. Мөн аймагтаа амьдарч буй залуучууд бид интернэт хөгжсөн эрин үед амьдарч байгаа болохоор тэр бүр мэдээллээс хоцрохгүй байгаа хэдий ч гадаадад сурсан мэдсэн, амжилттай ажиллаж амьдарч яваа манлайлагч залуусаас суралцах хэрэгтэй. Тиймээс тодорхой амжилтанд хүрсэн  нутгийнхаа нэрийг гаргаж буй хүмүүсийг урин 15-20 минутын хугацаанд сонирхолтой сэдвээр илтгэл тавиулна. Энэ нь үзэж, оролцож буй залууст маань үр өгөөжтэй байх болов уу. Төгсгөлд нь тухайн өдрийн хэлэлцүүлгээр ярилцсан боломж, гарц, шийдлүүдийг цаасан дээр зөвлөмж болгон буулгаад орон нутгийнхаа удирдлагуудад хүргүүлнэ. Энэ зөвлөмж маань аймгийн бодлого, хөтөлбөр, шийдвэрт тусгагдах зорилготой юм. Түүнчлэн  гарааныхаа бизнесийг дөнгөж эхлүүлж байгаа залуучуудыг сурталчлан таниулах зорилготой үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд  “ГАА”, “Алтай цай”, “Хантөр” зэрэг аймгийн шинэ  брэндүүд оролцохоо илэрхийлээд байна. Уг үзэсгэлэнгийн үеэр “ГАА” брэндийн хувцаснууд 20 хувийн хямдралтай зарагдана.

-Мэдээллийг залуустаа хэрхэн хүргэж байна вэ?

Биднийг дэмжиж оролцож байгаа маш олон байгууллага, хувь хүн байгаа. Тэр дундаа “Алтайн мэдээ” сонин, “Миний нутаг” телевиз, “Алтай” радио, “Говь-Алтай.мн” зэрэг хэвлэл мэдээллийнхэн тал бүрээс нь дэмжиж мэдээллийг маань сайн хүргэж байгаа. Мөн бид сошиал ертөнцийг ашиглаж байгаа. Форумд оролцох хүсэлтэй болон дэмжиж байгаа залуус маань фэйсбүүкийнхээ нүүр зургийн frame-г өөрчилмөгц л энэ юу болох гэж байгаа юм бол, залуус хөгжлийн форум гэж юу юм бол гээд л сонирхож, хүлээлт үүсгэж байгаа нь ажиглагдсан. Тиймээс биднийг дэмжиж байгаа залуучуудынхаа итгэлийг алдахгүйн тулд хичээж байна.

-Сүүлийн үед залуусын утга учиртай оролцоо гэж нэлээд яригдах болсон. Мэдээж энэ оролцоо уг арга хэмжээн дээр илүү харагдах байх?

Тэгэлгүй яахав. Залуусын утга учиртай оролцоо гэдэг зүйл сүүлийн жилүүдэд маш их яригдаж байгаа. Утга учиргүй оролцоо гэдэг нь чуулган, форум, зөвлөгөөнд хэн нэгнийг хүчээр оруулдаг. Заавал чи тэр чуулганд очиж суух ёстой гэдгийг шаарддаг  болохоор тухайн хүнд хэрэгтэй зүйл мөн байв уу, оролцож буй сургалт зөвлөгөөний агуулга зорилгыг ойлгож чадсан уу гэдэг нь эргэлзээтэй байдаг л даа. Тэгэхээр утга учиртай оролцоог хангахын тулд миний дуу хоолой энэ форумд хэрэгтэй, Алтай нутагтаа ийм хөрөнгө оруулалт хиймээр байна, үүнд ингэж дуугарах ёстой гэж үүргээ ухамсарласан тийм л залуусыг оролцуулах болохоор залуучуудын утга учиртай оролцоог хангаж буй арга хэмжээ юм.

-Залуус  нэгдэж чадсанаар эргээд өөрсдөдөө хэрэгтэй бодлого, хөтөлбөр, шийдвэр гаргахад нөлөөлж буй үр дүнтэй ажил болж байгаа юм байна. Урилгаар нийт хэчнээн хүн зочин илтгэгчээр ирэх вэ?

Бид эцсийн байдлаар БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн магистрант, Bloomberg телевизийн сэтгүүлч байсан Алтай нутгийн охин Э.Нарантунгалаг, “Алтай эрин сан”-ийн гүйцэтгэх захирал Т.Сайханаа, Хаан банкны “Бизнес инкубатор” төвийн захирал н.Батбаяр, Mongolian business Guide ХХК-ий захирал Р.Шинэгэрэл, GAA’s Millennials клубын тэргүүн н.Цогтсайхан, “Хантөр” брэндийн үүсгэн байгуулагч О.Хантөр зэрэг чадварлаг, мундаг залуус илтгэл тавьж оролцохоор болсон. Улаанбаатар хотоос хүмүүсийг урин илтгэл тавиулахад маш их хэмжээний зардал гарна. Харин манай залуус өөрсдөө “танай ажлыг дэмжиж байна, би өөрөө бүх зардлаа гаргаад очиж илтгэл тавьж өгье, энэ хэлэлцүүлэгт оролцон дуу хоолойгоо хүргэе” гэж маш их сэтгэл гаргаж зорин ирж байна. Үүнээс бас залуусын утга учиртай оролцоо хангагдаж байгааг харж болох юм.

-Сүүлийн үед хүмүүс их намчирхах болсон. Ямарваа нэг үйл ажиллагааг аль нэг намын харьяалалд оруулж ярьдаг болсон. Магадгүй та бүхний хийж буй ажлыг энэ мэтээр ойлгох хүн байж магадгүй. Үүнд тайлбар өгвөл?

Тэгэлгүй яахав. Хүмүүс их туйлшрамтгай заавал аль нэг намын харьяалалд оруулах гээд хичээгээд байдаг. Тэгвэл бидний зохион байгуулж буй “Залуус” хөгжлийн форум нь ямар ч намын харьяалалд, аль нэг намыг түлхүү дэмжсэн зүйл байхгүй. Тиймээс Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо, аймгийн Ардчилсан залуучуудын холбооны төлөөллүүд, Аймгийн ИТХ-ын залуу төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байна. Мэдээж хүн бүхний үзэл бодол өөр гэхдээ залуус бид “Алтай нутгийн хөгжилд” нэгдэн нийлж, зөв гарц гаргалгаа гаргах нь зүйтэй гэж би боддог.

- Та бүхний ажилд аймаг орон нутгийн улирдлагуудын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа байх?

Мэдээж манай аймгийн удирдлагууд биднийг сайн дэмжиж байгаа. Форумд оролцож байгаа залуучуудын дуу хоолойг сонсохыг хүсч, ямар шийдэлд хүрэхийг хүлээж байгаа гэж хэлж болно. Тиймээс энэ форумаас гарсан тодорхой шийдэл гарцыг зөвлөмж болгон аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргэх юм.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандан юу хэлэх вэ?

Өнөөгийн нийгэмд залуучуудын өмнө тулгамдсан маш олон асуудлууд байна.Асуудал байгаа газар шүүмжлэл байх нь зүйн хэрэг.  Тиймээс энэ асуудлыг бид тал бүрээс нь ярилцаж шийдвэрлэх  агуулгын хүрээнд залуусыг аливаа зүйлд оролцохдоо утга учиртай оролцох, өөрсдийнх нь санал санаачилгад тулгуурлах үүднээс энэ ажлыг зохион байгуулж байна. Залуучуудын идэвхи, оролцоо, санаачлага илүү сайжирсан байгаа нь анзаарагдаж байна. Залуучууд бид нэгдэн нийлж чадвал Алтайн хөгжил бидний гарт байгаа гэж хэлмээр байна. Энэ ажлыг дэмжиж хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

-Цаг гарган дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.         

 

Эх сурвалж: govialtai.mn

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.