"Эрдэнэт"-ийн хувьцаанаас иргэд ямар ашиг хүртэх вэ?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Угтаа анх ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг “Монгол зэс” компани 470 сая орчим ам.доллараар худалдан авсан байдаг. Гэтэл 2017 оны хоёрдугаар сард УИХ энэ асуудлаар 23 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авахаар шийдвэрлэсэн юм. Улмаар “Эрдэнэт” 100 хувь төрд эргэж ирсэн төдийгүй бүр ард түмэндээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхээр болов.

Ийнхүү нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна.

Тэгэхээр “Эрдэнэт”-ээс хэдий хэмжээний хувь хишиг бидэнд, бидний гэр бүл, үр хүүхдэд ногдох вэ гээд тооцоо хийж үзье. Төрийн эзэмшилд ирсэн 49 хувийг үнэлбэл хамгийн наад зах нь 400 сая ам.долларын үнэд хүрнэ. 400 сая ам.долларыг одоогийн ханш буюу 2350 төгрөгөөр тооцвол 940 тэрбум төгрөг. Манай улсын нийт хүн ам 3.1 сая гэж үзвэл нэг хүнд 303 мянган төгрөг ногдож байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрээс эгэл жирийн иргэн надад ногдож буй хувь хишгийн хамгийн бага нэрлэсэн үнэ 303 мянган төгрөг болж байна. Нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол дор хаяж 1.2 сая төгрөгийн хувьцаатай болно гэсэн үг.

Гэхдээ энэ бол хувьцааны хамгийн доод үнэ. Хувьцаагаа зарж борлуулна гэвэл хамгийн багадаа ийм үнэ ханшаар зарах боломжтой. Хэрвээ иргэн та өөрт оногдсон хувьцаагаа зарахгүй, жил болгон ногдол ашиг авна гэж шийдвэл үнэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн жилийн борлуулалт, ашгаас хамаарах юм. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өсөөд л байвал бидний гар дээрх эрдэнэ мэт хувьцааны үнэ ханш, авах ногдол ашиг дагаад л өсөх боломжтой юм.

МАН УИХ-ын сонгуульд орохдоо хачин гоё амлалтууд өгсөн. Татвар нэмэхгүй гэдэг үг бизнес эрхлэгчдийн мэлмийг тэнийлгэж үнэмлэхүй ялалт байгуулав. Харамсалтай нь жил хүрэхгүй хугацаанд долоон төрлийн татвар нэмсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч санаанд ороогүй ялагдал хүлээв. Иргэд Засгийн газар нь Эрдэнэтийн хувьцааг үнэгүй бэлэглэж байхад эсрэг санал өгнө гэхэд итгэх хүн байхгүй.

Харин тэр хувьцаа нь биежнэ гэдэгт хэн ч итгээгүй болов уу. Өмнө нь Засгийн газрын зарласан Таван толгойн хувьцаа тоо хэвээр л байна. Саяханы зарласан Эрдэнэтийн хувьцаа хэрхэхийг харж л сууя. Ер нь хувьцаа ярих бүр Засгийн газрын нэр хүнд унана. Гэхдээ ямар нэгэн ашиг хүртэх хувьцаа иргэдийн гар дээр тавихгүй бол иргэд 2020 онд хариугаа барих нь тодорхой.

Г.Хулан

 

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.