Бүтээн байгуулалтын үеийг бүсгүйчүүд эхлүүлнэ

Монголын залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулдаг “NEXT STOP” наадам энэ жил 25 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын онцлог бол 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулаад зогсохгүй бүтээн байгуулалтын үеийг эмэгтэйчүүд эхлүүлж байгаа гэдгийг батлан харууллаа.

2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-аар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндэт зочдын олонхийн саналаар буюу 107 хүний саналаар шалгарсан билээ. Тэрээр багш, түүхч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсролын салбарын ойрын, дунд, урт хугацааны хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд сургалтын хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох, сурах бичгийг журамлах ажлыг цаг алдалгүй эхлүүлж, боловсролын байгууллагад олгож байгаа хувьсах зардал, багшийн хүрэлцээ, чадавхид анхаарч, боловсролын үйлчилгээний тэгш бус байдлыг арилгах, хүүхдийн хэрэгцээ, системийн хоцрогдлын заагийг ойртуулахад анхааран ажиллаж байгаа юм.

Харин хүндэт зочдын олонхийн санал буюу 106 хүний саналаар 2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-гаар шалгарсан Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номингийн хувьд Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн хоёр жилийн турш телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж, 2013 онд телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр шалгарсан залуу бизнесмэн бүсгүй юм. Түүнчлэн тус телевизийн удирдлага нь Монголын бизнесийн салбар дахь томоохон төлөөлөгчийн гэр бүлээс бүтдэг болохоор бусдын сонирхлыг ч багагүй татдаг байх. 

Ийнхүү бүтээн байгууллатын оныг бүсгүйчүүд эхлүүлж байгаа нь нийгэм, улс төр, эдийн засаг, биенесийн салбарт тэдний байр суурь нэмэгдэж буйгийн нэгээхэн жишээ байлаа.

 

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.