Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Хөрөнгө, санхүүжилтээс шалтгаалан ихэнх аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн учир хуульд тусгасны дагуу 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгав.

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай байгаад дүгнэлт хийж 40 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, малын тэжээлийн импортын болон дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангахыг салбарын сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

Мөн малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, холбогдох агентлагийн даргад үүрэг болголоо.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэж аюулгүйн нөөц бүрдүүлэхийг Засгийн газар үүрэг болгосон. Салбарын сайдын танилцуулгаас үзвэл 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн байна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.