-СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАР НЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙГАА ЗОДОЛДСОН БАЙТАЛ ХАРИУЦЛАГА ТООЦСОНГҮЙ-
-Увс аймгийн Засаг даргын албан үүргээ хүлээлгэж өгснөөс хойш та нэлээн чимээгүй байлаа. Энэ хугацаанд юу хийв, өнөөдөр ямар алба хашиж байна вэ?
-Ажлаа хүлээлгэж өгөөд, хотод ирж очоод байж байна. Би зэ хүүтэй болсон, зээ хүүгээ хөл гишгүүлээд өгчихье гээд. Эхнэр маань өдөр өнжүүлэх ажиллуулаад, би найз нөхөддөө туслаад байж байна. Албаа хүлээлгэж өгснөөс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Ард түмний сонголт. Нэг жил харлаа. Би багийн даргаас эхлээд сум, аймгийн дарга хүртэл төрийн алба хашсан юм. 1990 онд 21-хэн настайдаа анх Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны зааварлагчаар ажиллаж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн дампуурал гэдэг юмыг харж бухимдаж сууна. Эд нар сонгуулийн өмнө юу ярьж байлаа. 1,5 тэрбум долларын зээл аваад, улс орныг өрийн дарамтад орууллаа. Нэмж нэг төгрөгийн зээл авахгүйгээр эдийн засгаа сэргээнэ гэсэн, одоо хаана байна. Хоёр их наядын зээл авчихлаа. Өрийг өрөөр хойшлуулаад л. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жил 600 сая долларын зээл төлсөн. Батболдын Засгийн газрын үед аваад, 21 мянгаар тараачихсан шүү дээ. Тэрийг л төлсөн. Чингис бондын төлбөр ирэх жилээс эхэлнэ. Самурай бонд байна. Бас “Гэрэгэ” гээд бонд гаргалаа гэсэн. Ингэж хоёрхон жилийн дотор өрөө нэмэгдүүлсээр хоёр их наяд төгрөгийн зээл авчихлаа. Энүүгээр юу хийв...
-Өнөөдөр Увс аймагт байдал ямаршуу байна вэ?
-Би харамсаад байгаа юм. Нэг жил гаруй болоход үнэндээ юм хийсэнгүй. Баяр наадам, зугаа цэнгэл хөөцөлдөөд, хоорондоо байлдаад, төрийн албан хаагчдыг халаад. 30 сургуулийн захирлаас 23-ыг нь халсан байна лээ.
-Намын харъяаллаар уу?
-Тийм. Долоон захирал нь Ардын намыг дэмждэг юм билээ. 23 захирлыг Цэндсүрэнгийн багт ажилласан гээд халчихсан. 2012 онд би аймгийн Засаг дарга болоод, Санхүүгийн хэлтсийн даргаар Увс аймгийн Монгол Ардын намын Ахмадын зөвлөлийн даргын хүүг тавьж байсан юм. Олон жил төрд ажиллаж бэлтгэгдсэн хүн л дээ. Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар Зодовын Ганболд гэж 2004 онд аймгийн Засаг даргад нэр дэвшиж байсан, МАН-ын залууг тавьж байсан. Сая хоёуланг нь халчихсан байна. Шалтгаан нь Цэндсүрэнгийн багт ажилласан. Энэ дээр би харамсаад байгаа юм. Улс төрийн намууд сонгуульд ялаад, өөрийнхөө хүнийг тавьж байна гээд өмнөх хүнийг нь халаад байхаар төр потенциалаа алдаад байгаа. Томилогдсон албан тушаалтнууд нь төрийн хүний нүдээр харж, төрийн зарчим барьж ажиллахаасаа илүү улс төрийн хандлагаар асуудалд хандаад байдаг. Ингэхээр нөгөө шударга ёс, төрийн мөн чанар, залгамж, үнэт зүйл гэдэг юм чинь өдөр болгон алдагдаж байна. Увс аймагт янз бүрийн юм дуулдаж байгаа.
-Яг юу болоод байгаа талаар та тодорхой жишээн дээр тулгуурлаж ярихгүй юу?
-Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нь согтуудаа нийтийн эзэмшлийн өмчийг дайрч эвдээд зугтсан. Нийгмийн ардчилал, залуучуудын холбооных нь уулзалт болоод, түүн дээр сумдын засаг дарга нар нь аймгийн удирдлагуудтайгаа зодолдсон. Нэгнийхээ хамар, хөлийг хуга цохисон. Яагаад төр хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Тэнд байгаа цагдаагийн байгууллага нь яагаад ажиллахгүй байгаа юм бэ. Хүмүүс хэлээд байна шүү дээ. Энэ бүхэнд хариуцлага тооцохгүй болохоор олон түмэн бухимдахаас яах вэ.
-ТЭД АЛТНЫ Л ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙГАА БОЛОВ УУ-
-Өнөөдөр (XI/07) Увс аймагт жагсаал болж байна. Увсчуудыг жагсахад хүргэсэн гол шалтгаан юунд байна вэ?
-Сүүлийн үед аймгийн орлогч дарга нь аймгийн Засаг даргаа огцруулна гээд жагсаал цуглаандаа хүрээд яваад байгаа юм билээ. Гэтэл “муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг намайг зохион байгуулаад байна гэж ярьж байгаа гэсэн. Хоорондынх нь л зодоон. Би эд нарт хэлээд байгаа юм. Мөнгө, эрх мэдэл дээр тулгуурласан нөхөрлөл хол явдаггүй юм аа. Өчигдөрхөн нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан Батсайхан, Батболд гэж хоёр хүн надтай л байлдаж байсан шүү дээ. Цэндсүрэнг л муу хэлэх, ажлыг нь саатуулах, хөрөнгө оруулалтыг нь зогсоох, хийсэн бүтээснийг нь харлуулах тийм л ажлыг хамтарч хийж байсан хоёр. Би нөхөрлөх нөхөрлөхдөө ийм увайгүй улсууд олж нөхөрлөхгүй л дээ. Турхирах турхирахдаа ийм эрх мэдэл, мөнгөний төлөө хоорондоо байлдаж байгаа хүмүүсийг турхирахгүй. Өнөөдөр байж байгаа байдал нь энэ. Энэ бол төрийн эмгэнэл. Аймгийн Засаг дарга нь орлогчоо халчихсан, нөгөөх нь эргээд жагсаал цуглаан хийгээд, тэр нь “Увс аймгийн хөгжлийн төлөө хамтдаа” гээд нэг их гоё үг барьчихсан үзэлцээд явж байна. Хоёулаа л адгийн шаар байхгүй юу.
-Тэнд ашиг сонирхлын зөрчил байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Тэнд ашиг сонирхол, хүмүүсийг ажлаас халсан, тойрон хүрээлэгчдээ бий болгосон, бүлэглэлдээ ашигтай байх гэсний л зодоон болж байна гэж би харж байгаа. Нэг жишээ байна. “Гулзат” гээд төрийн бус байгууллага нутгийн иргэдийн нөхөрлөл байхгүй юу. Аргаль, янгир хамгаалдаг. Өмнө нь 1500 орчим аргаль байсан бол одоо бараг 2500 гаруй хүрч байгаа байх. Залуучууд байгалийн баялгаа ашиглаад, хамгаалаад, сум орондоо, нөхөрлүүдэд ашигтай байхаар менежмент хийгээд их мундаг явдаг. Нигерийн нэг төрийн бус байгууллага, Монгол Улсын Увс аймгийн “Гулзат” байгууллага байгалийг хамгаалах менежмент ашиглалт сайн хийж, НҮБ-ын тайланд орсон. Гэтэл менежментийг нь булааж аваад, хуучин Иргэдийн хурлын даргаар ажиллаж байх үеийн жолоочдоо тэр төрийн бус байгууллагыг өгчихөж байгаа юм. Энэ дээр асар их мөнгө үнэртэж байгаа. Одоо энэ намар, зунжингаа нөхөн сэргээлт нэрээр алт олборлосон гээд хэрүүл уруул болоод. Аж ахуйн нэгжүүдийг авчирч, 5 сая төгрөг тушаалгаад, тендер даруулж оруулчихаад, Хууль зүйн яамнаас хууль зөрчсөн байна гэж бичиг өгүүлж бүгдийг нь болиулаад байна...
-Увсын Засаг дарга орлогчтойгоо юунаас болж хэрэлдээд байгаа юм бол. Суудлаа булаацалдаад байгаа юм болов уу?
-Алтны л хэрүүл хийж байгаа болов уу гэж хардаад байгаа юм. Батсайхан нь компаниуд оруулж ирж, нөхөн сэргээлт нэрээр алт олборлоод, Батболд нь очиж зогсоогоод, түүнээс болж ашиг сонирхол нь зөрчилдөөд эхлэхээр зодоон нүдээн болоод байгаа байх. Одоо харахад алийгаа алдаад байна. Төр ийм байж болохгүй л дээ. Яагаад гэхээр тэднийг 80 мянган ард түмэн харж байна. Эрүүл мэнд, боловсролын талаар ямар бодлого явуулав, аймаг орон нутагтаа ямар бүтээн байгуулалт хийв гээд ард түмэн бүгдийг харж байгаа. Харамсмаар нь, баахан нэр л солилоо. Нэр сольсноор юм сайхан болчихгүй. Төрийн залгамж чанар гэж юм байдаг. Сайн явж байсан бодлогыг нь үргэлжлүүлээд, алдаатайг нь засаад явдаг, санаачлаагүй, хийгээгүй юмыг шинээр санаачлаад хийдэг. Энэ бол ганц монгол төр гэлтгүй төртэй улсуудын залгамж мөн чанар юм.
-Та бүхний санаачлан хийж гүйцэтгэж байсан ажлыг өөрчилж, үгүй хийсэн ямар жишээ байна вэ?
-Гурван жилийн өмнө МАН-ын үед 18 нас хүртэл нь бүтэн өнчин хүүхдэд 100 мянган төгрөгийн хадгаламж нээдэг шийдвэр гаргасан юм. Тэрийгээ “Хөх толбот” гэж нэрлэсэн. Тэр хүүхдүүд элэг нь харлачихсан, айлын хаяанд л байгаа шүү дээ. Тухайн үед аудит болоод, хууль зөрчсөн гээд би бас зөрүүдлэж л байсан юм. Элэг нь харлаад, өнчирсөн нялх амьтдад 100 мянган төгрөг өгч чадахгүй төр, тийм Засаг дарга байгаад яах юм бэ. Би дараа жилээс нь 200 мянга болгоод, 18 нас хүртэл нь хамгийн өндөр хүүтэй, хугацаатай хадгаламжинд хийж өгдөг болгосон юм. Тэрний нэрийг “Амьдралын гараа” гэж сольсон байна лээ. Бас “Гудамж” төсөл гэж Архангай, манай хоёрт хэрэгжсэн. Бас нэрийг нь өөрчилсөн сонсогдож байна. “Элэг” хөтөлбөр гээд УИХ-аас 23 тэрбум төгрөг суулгаад, элэгний В, С вирусыг оношилж эмчлэх ажлыг Увс аймаг “Оном” сантай хамтарч “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжүүлсэн, бас нэрийг нь сольсон.
-Энэ хөтөлбөрт хичнээн сая төгрөг төсөвлөж байсан бэ?
-Бид 100 орчим сая төгрөг тавиад, 16 мянган орчим иргэнийхээ В, С вирусыг үнэгүй оношилж эмчилж байсан юм. Гэтэл одоо 23 тэрбум төгрөг тавиад явж байгаа. Яах вэ, тэр нь сайн яваасай. Дээр нь цэнхэр хаягийг улаанаар солино. Увс аймагт хэрэгжиж байсан “Ном” хөтөлбөр зогсчихлоо. “Тэсо” группийн ерөнхийлөгч, хуучнаар манай Ардчилсан намын дарга Цогтгэрэлийн санаачлагаар “Ном” хөтөлбөр хэрэгжүүлээд, “Book challenge” гэж аян зохион байгуулаад, 350 гаруй мянган ном цуглуулаад, 11 метр өндөр пирамид босгож, дараа нь сургуулиуддаа тарааж өгсөн. Тэр хөтөлбөр олигтой явахгүй байна. Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх “Эрүүл шүд” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Өндөр хөгжилтэй орнууд хүүхдийг 6 настайгаас нь эхлээд силент гэдэг юм тавиад өгчихдөг. Миний ойлгосноор, шүдний ховилуудыг дүүргээд, бүрээд өгчихдөг. Тэгэхээр шүд цоордоггүй, 12 жилийн билүү баталгаа өгдөг. Тэрийг хэрэгжүүлж, 16 мянган хүүхдэд силент тавьж өгсөн. Харамсалтай нь зогссон байна. Миний бодоход 5000 хүүхдэд тавиарай гээд, бүх эмч нарыг нь сургаж өгөөд үлдээсэн, тэр зогссон байна.
-МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭНДЭЭ ХАЛГААТАЙ ГЭДЭГ ҮНЭН ЮМ БИЛЭЭ-
-Таныг “Гудамж” төсөлтэй холбогдуулан АТГ-аас шалгасан гэж дуулсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Баахан дуудсан. Хүрэлбаатар гэж хүн намайг 27 тэрбум төгрөгөөр зам тавилаа гэж баахан гүтгэлээ. Ноднин жил долоон сарын 15-нд ажлаа өгөөд, 22-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Бүтэн жил явуулдаг юм байна лээ. Сүүлд нь таны хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн. Энд би тодруулаад хэлчихье. Увс аймагт 1.8 тэрбумаар Нарийны голын гүүр баригдсан юм. Манай хуучин засаг дарга Цасчихэрийн компани 1.8 тэрбумаар барина гэж аваад мөнгө нь хүрэхгүй байна гэсээр байгаад 5,8 тэрбум төгрөг хүргэсэн юм.
-Улсын төсвөөс үү?
-Тэгсэн. Гурван жилийн дараа нөгөө гүүр нурж унасан. “Гудамж” төслийг хэрэгжүүлнэ гээд 27 тэрбум төгрөг аваад, түүнийгээ дуусгачихаад, мөнгө чинь хүрэхгүй байна гээд нэхээд сууж байсан. Нөгөө тавьсан зам нь хоёр жил хүрэхгүй эвдрээд унаж байгаа бол АТГ, цагдаа, юу байдаг нь очиход надад гомдох юм алга. Зураг төсвийг нь мэргэжлийн байгууллагууд хийгээд, хяналтыг нь тавьсан, 27 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 12 км зам. Нэг км замын өртөг 2 тэрбум төгрөг болчихлоо гэж өндөр дүн хараад байгаа. Гэтэл хотын дотор тавьж байгаа зам, хээр тавьж байгаа зам хоёр өөр. Долоон метр замыг 14 метр өргөн болгож тавьж байгаа. Газар доорхи болон инженерийн байгууламжийг бүгдийг нь хийх, гүүр хоолойнууд, ногоон байгууламж, тоноглолт, цэцэрлэгжүүлэлт, гэрлэн дохио тавих гээд хотын доторхи зам тавих өөр байдаг юм байна. Японы компани зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Мөнгийг нь гүйцэтгэлээр нь өгч байгаа юм. 27 тэрбум биш 16 тэрбум байхгүй юу. Тэрний эхний тавьсан замын 8 тэрбумыг нь авсан юм уу даа, компани нь. Алтанхуягийн засгийн газар огцроод, “Гудамж” төсөл эзэнгүй болоод, эхний ээлжээ тавиад, хоёр дахиа тавих гэхээр эзэн байхгүй, мөнгө байхгүй. Гүйцэтгэгч компани нь бид хоёр үйлдвэр угсарсан, 100 гаруй инженер техникийн ажилтантай, бид өөрийн хөрөнгөөр тавьчихъя. Та нар Их хурал, Засгийн газартаа асуудлаа тавиад хөрөнгөө шийдүүлээд өгөөч гэхээр би баярлана биз дээ. Тэгээд захиалагчийн зураг төслийн дагуу ажлыг нь хийлгэчихсэн юм. Их хурал, Засгийн газарт уламжилсан. Харамсалтай нь одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй. Тэгтэл намайг мөнгө идсэн гээд. Эрүүгийн гэмт хэрэг бол хохирогчтой байх ёстой.
-Энэ удаад улсын төсвөөс мөнгө гараагүй гэж ойлгох уу?
-Тийм. Улсын төсвөөс мөнгө гараагүй, улс хохироогүй. Тэр компани өөрөө хүсэлт тавьсан учраас хохироогүй. 5 км хатуу хучилттай зам тавьсан. Тэр замаар хүмүүс явж байгаа. Хэцүү юм байна лээ. Монголын төр зүтгэсэндээ халгаатай гэдэг үнэн юм билээ. Би амьдралаараа үзсэн. Ажил хийгээд мөнгө байхгүй гээд шороо нүүрлээд сууж байгаа бол нэг хэрэг. Одоо харин замын ажлыг очиж шалгаад, гүйцэтгэлийг нь баталгаажуулаад, гүйцэтгэлээр нь мөнгийг нь өгчих өө гэсэн. Нэг жил гаруй болсон байхгүй л байна. Эрхбиш тавиулсан юм, шийдэх байлгүй. Ингээд бид маргааш эрсдэлд орохоо бодохгүйгээр, хийхийн төлөө, бүтээхийн төлөө зүтгэсэн. Дахиад нэг жилийн дараа нөгөө нөхдүүд хийхийн төлөө, бүтээхийн төлөө биш ашиг сонирхлын төлөө зодолдоод, нэг жилийг аваад, өнөөдөр бие биеэ огцруулахдаа хүрсэн. Энэ ганцхан Увс аймагт биш бүх газар ийм байгаа.
-УИХ-ЫН ТАНХИМД ЕРӨНХИЙ САЙД, ГИШҮҮН ХОЁР НЬ СОЛИОР, ХУЦ ГЭЭД ХЭРЭЛДЭЭД БАЙЖ БОЛОХ УУ-
-Засаг төр ч бас жинхэнэ утгаа алдаж байна даа?
-Төр нь ч одоо яасан юм бэ. Нөгөө тогтвортой ажиллана, тулхтай нам, мэргэжлийн засгийн газар гэсэн, яасан юм бэ. Сонгуулийн өмнөх амлалтуудаа бүгдийг нь эргүүлсэн. Ард түмэнд хэлэхэд тэдэнд хариуцлага тооцмоор байгаа байхгүй юу. 60 тэрбумаар төрийн албыг худалдсан. Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авсан. Төрийн албан хаагчдыг хомроглон халсан. Албан тушаал худалдан борлуулсан гээд яриад байгаа биз дээ. Тэгэхээр Монгол Улсад хууль ёс байдаг бол УИХ-ыг тараах ёстой шүү дээ. 60 тэрбумын үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газрыг тараах ёстой. Тэгээд ээлжит бус сонгууль зарлах ёстой. Тэгэхгүй бол энэ Засгийн газар үргэлжлүүлээд ажиллах юм бол дараа дараагийн сонгуулиар 120 тэрбумыг угсарна шүү дээ, нөгөө намууд нь. Төр гэдэг юм утгаа алдлаа. Жишээг нь та нар хар л даа.
-У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат нар чуулганы танхимд чи, би, гуйлгачиндаа тулсан асуудлыг хэлээд байна уу?
-Тийм ээ. УИХ-ын танхим дотор Монгол Улсын Ерөнхий сайд, хуучин ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн хоёр нь солиор, хуц гээд хэрэлдээд сууж байгааг хар л даа. Ийм утгагүй байж болох уу. Нүүрснээс идсэн юмыг чинь ил болгоно, чиний авлига авч ажилд авсан бүх хүнийг хална гээд нэг нь дайраад, нөгөөх нь солиор чи намын хөрөнгө идээ биз дээ гэж байна. Энэ нь төр утгаа алдсаны жишээ. Ёс зүй гэж юм бүр байхгүй болчихож. Тэрийг нь харж суугаа УИХ-ын гишүүд нь дэндүү, нутаг орноо зарсан сайдыг хүлээн зөвшөөрч байна. Одоо хэнээсээ шударга зүйлийг шаардаад, хэнээсээ шударга бусыг хайгаад байгаа юм бэ, эд нар. Шударга бусыг хайя гэвэл ордноосоо хай. Тэр Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдаасаа хай. Өөрсдөөсөө хайж олж ав. Дараа нь яам тамгын газар гээд дунд шатанд байгаа түшмэл царайлсан хүнд сурталтнуудаасаа хайж ол. Ард түмнээс шударга бус байсан гэж юу нэхэх гээд байгаа юм бэ. Бүтэн жилийн хугацаанд би ийм л юм харж байна. Жил болоогүй засгийн газраа огцруулаад. Өчигдөрхөн л нэг юмны төлөө зүтгэж байсан 65-ын бүлгэм, 32, 33-аараа хуваагдаад, хонь чоно болчихсон “алалцаж” байна. Аймгийн дарга нар нь нэгнээ огцруулна гээд “алалцаж” байна. Ийм төрийг тогтвортой гэж ярих уу? Ийм төрөөс юм гарах уу? Хүрэлсүхийн Засгийн газрыг хэзээ огцруулах вэ гэдэг асуудал аль эрт яригдаад эхэлчихсэн байна. Ийм л байна.
-ХҮРЭЛБААТАР САНГИЙН САЙДААР ҮЛДСЭНЭЭР ЮМ ЗОГССОН ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ-
-Хотгор шанагын уурхайн асуудлаар та Хүрэлбаатар гишүүнийг буруутгаж нэлээн асуудал гаргаж тавьсан. Ямар учиртайг танаас асуумаар байна?
-Энэ уурхайг Солонгосын компанид зарсан асуудлыг анх би 2016 оны сонгуулиар гаргаж тавьсан юм. Хотгор шанагын орд бол их том бүлэг орд л доо. 1991 онд улсын төсвөөр хайгуул хийгдсэн. Тэнд одоогоор дөрвөн уурхай ажиллаж байна. Хуучин 50-иад жил ажилласан Хотгорын уурхай гээд Баян-Өлгий аймгийн нүүрсний хэрэгцээг хангадаг. Казахстан зугтаалаа гэдэг Жигүүр Муратын нэг уурхай ажиллаж байна. УИХ-ын гишүүн Муратын нэг уурхай ажиллаж байгаа, Баян-Өлгий аймгийн Дулааны станцад нүүрсээ өгдөг. Тэрнээс жаахан урагш эргээд Канадын CCBH бил үү нэг компани байгаа. Түүний хойд талд одоо яриад байгаа Хотгор шанагын уурхай байдаг. Жорк стандартаар батлагдсан нөөц нь 562 сая тонн. Бүхэлдээ дөрвөн тэрбум орчим тонны хүрэн нүүрс байна гэж үздэг. Хотгор шанагын уурхайн лицензийг хуучин Улсын бага хурлын гишүүн Улаанхүү, Болгарын Элчин сайдаар ажиллаж байсан Дүгэржав, доктор Умбаа гурав эзэмшиж байсан. Улаанхүү Хүрэлбаатарын ах дүү нар буюу Ч.Ганболд, Гантулга, найз Дэмбэрэл, Алтангэрэл, Болормаа нарт 350 сая төгрөгөөр зарсныг би сонссон. Тэд худалдаж аваад, Солонгосын компанид 51 хувийг нь 10 сая доллараар зарсан. 49 хувь нь “Хотгор шанага”-ын Алтангэрэл, Болормаа хоёрт байгаа. Тэрнээс Ганболд, Гантулга, Дэмбэрэл гуравт 2 сая доллар оногдсон байдаг.
-Зарж худалдсан баримтуудыг нь та харсан уу?
-Солонгосоос Хаан банк руу шилжүүлсэн баримтууд нь байгаа. Хотгор шанагын уурхайг анх үүсгэн байгуулсан протокол тэмдэглэл нь байгаа. Дээр нь регистрийн дугаартай жагсаалт нь байгаа. Компаний дүрмээ батлаад, бүгдээрээ гарын үсгээ дор нь зурсан байгаа. 51 хувийг нь солонгосчуудад худалдах итгэмжлэх хийж өгсөн байгаа юм. Эхний ээлжинд нэг сая доллар авлаа гэсэн баримт нь байгаа. Бид энийг л яриад байгаа. Зарж болно оо. Лиценз зарахыг хуулиар зөвшөөрсөн. Худалдаж болно. Үнэнээ л хэлчих л дээ. Миний ах дүү нар наймаа хийдэг, гадаад дотоод худалдаа хийдэг гээд. Гэтэл УИХ-ын танхимд “Мөнгө зээлсэн” гэж худлаа яриад. Зээлсэн мөнгөнөөс нь давчихсан байгаа биз дээ. Алтангэрэлээсээ мөнгөө авна биз дээ. Яагаад тэр солонгосууд тэр компани руу мөнгө шилжүүлдэг юм бэ.
-Та яагаад Хүрэлбаатар гэдэг хүнтэй “үзэлцээд” байдаг юм бэ?
-Энэ хүнтэй хувийн өшөө хонзон байхгүй. Бид найзууд байсан. 2008 оноос эхлээд бидний зам салсан. Түүнээс хойш би Хүрэлбаатарт үнэхээр дургүй болсон. Яагаад гэвэл энэ хүн улс төрд хөл гишгэсэн өдрөөсөө эхлээд мөнгө тараадаг, Увс аймагт хэн нэг хүнийг ажилд томилоход оролцдог. Сонгууль болгоноор мөнгө тараадаг, хууль бус үйлдэл хийдэг ажлыг эхлүүлсэн. Дээр нь амнаас гардаг үг болгон нь популизм. Одоо та нар 300 мянгыг харж байгаа биз дээ. Дараагийн үр дагавар нь яах вэ. Бид үүнийг анх үзэж байгаа биш. Бид үзчихсэн. 2004 онд хүүхдийн мөнгө өгсөн. Манай Гүндалай санаачлаад. Шинээр төрсөн хүүхэд бүрт мөнгө өгнө, тэр нь явсаар байгаад 21 мянга иргэн болгонд өгсөн. 2008-2010 оны хооронд уул уурхайн бүтээгдэхүүн өсч байхад орсон жаахан орлогыг тараагаад тараагаад дуусгачихсан. Дээр нь Батболдын засгийн газрын үед анхны Евро бонд гэж юм авч эхлээд, нэг эргээд харсан чинь улс орноо эдийн засгийн хямралын яг өмнө нь тавиад өгчихсөн юм. Алтанхуяг яриад байдаг, эд нар эхэлчихсэн юм шүү дээ гэж. Алтанхуягийн Засгийн газар гарахад бонд босгохоос өөр аргагүй байдал үүсчихсэн байсан. Ингээд бид Хөгжлийн сандаа ч юм уу хуримтлуулж байгаад, хэцүү үедээ гаргах мөнгөө түрүүлээд тараагаад дууссан. Энийг санаачилж, зохион байгуулсан нөхдүүд яг энэ Хүрэлбаатар тэргүүтэй Ардын намынхан байхгүй юу. Тухайн үеийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байл уу даа. Түүний урд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Манай Монгол ардын сайхан үг байдаг. Хойчоо бодсон нь цэцэн, хуучнаа атгасан нь уран гэж. Хойчоо боддоггүй айл хүүхдээ гэр бүрээд хурим найраа хийх болохоор гэрээ бүрэлгүй тавьчихаад амьтан ах дүү эсгий авчрах байлгүй гээд суудаг. Тэр айлын гэр үдээс хойш босдог. Хойчоо боддог нь эртээ эсгийгээ хурааж бэлдээд, амьтан ах дүүгийн гар харахгүй, эртээ гэр нь босдог. Монголын төр ийм л байгаа.
-Иргэд 300 мянган төгрөг тараах шийдвэрийг эсэргүүцэж байна. Та ямар бодолтой явна вэ?
-192 мянган төрийн албан хаагчид 55 тэрбум. Ирэх жил дахиад өдийд жагсана. 500 мянга болгохгүй бол бид жагсана, ажил хаяна. Дахиад 500 мянга болгоно. 100 тэрбум болно. 2019 он яах вэ, сонгуулийн урд жил дахиад жагсаал цуглаан болно. Нэг саяыг өг, өгөхгүй бол бид ажил хаяна гэнэ. Дахиад өгөх үү? 2019 онд төрийн албан хаагчдад 199 тэрбум төгрөг өгөх болно. Ажилгүй нөхдүүд хараад суух уу. Энэ төрийнхөн гээд асуудал тавина. Иргэн бүрт 21 мянган төгрөг тараадаг шиг сая саяар яригдаж эхэлнэ. Ингээд эдийн засгаа бүрэн утгаар нь самарч дуусна. Ийм юм хийж байгаад нь л би Хүрэлбаатар гэдэг хүнд дургүйцээд байгаа юм. Дээр нь худлаа ярихаа боль оо, үнэнээ хэл. Маргааш баригдана шүү дээ. Яаж бултуулах юм бэ. Мөнхбат тэр баримтуудыг гаргаад тавьчихаж байна. Надад үзүүлсэн. Тэр хоригийг хүлээж авахгүй байгаа УИХ-ын гишүүд тэр баримтыг харчихаад юу боддог юм бол.
-Н.БАГАБАНДИ “ТӨРИЙН ХИШИГТЭЭ БАЯРЛАЖ БАЙНА” ГЭЭД ЯАГААД 80 МЯНГАН ДОЛЛАРАА УЛСДАА ТУШААЖ БОЛОХГҮЙ ГЭЖ-
-Одоо Хотгор шанагын ордын асуудлаар энэ хүнтэй яриад үр дүнгүй биш үү. Сангийн сайд болчихлоо шүү дээ?
-Хүрэлбаатар Сангийн сайдаар үлдсэнээрээ юм зогссон гэж бодож байгаа байх. Өшөө их урагшаа явна шүү дээ. Төсөв батлагдсаны дараа дахиад бид шударга ёсыг нэхнэ. Өнөөдөр Увсад Авлигатай тэмцэх газар ажиллаж байна. Дахиад утаагүй түлш гээд 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн асуудал яригдана шүү дээ. Жунгуузын Баатарсүрэн, Ч.Гантулга хоёр 1984 онд 10 дугаар анги хамт төгссөн. Ядамцоо багшийн анги. “Аморе интернэшнл” компаниар дамжуулж ямар юм авдгийг бүх хүн мэднэ шүү дээ. Аудитын тайланд байгаа, Баасан ярьж байна лээ. Цаашаа хөвөрнө шүү дээ. Тендер авдаг, оролцдог энэ тэр гээд асуудал эхэлсэн. Цаашаа явна. Ингээд зогсчихгүй. Тэгэхээр Сангийн сайд болж байгаа, УИХ-ын гишүүн хүн барим тавин УИХ-ын танхимд худлаа яриад сууж байх нь үнэхээр зохимжгүй. Уг нь ёс зүйтэй төрд худлаа ярьсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Та нар 2012 оны сонгуулийг харьж байсан. Сумын иргэд 100 мянган төгрөг өгснийг авчирч өгөөд, СЕХ-ноос бүгдэд нь сая сая төгрөг өгсөн. Өмнөговь суманд мөнгө тарааж байгаад баригдаад, Хүрэлбаатар, Чойжилсүрэнгийн туслахууд болон мөнгө тараасан хүмүүс торгуулийн ял аваад дууссан. Мөнгө тараалгасан УИХ-ын хоёр гишүүн нь их хурлын гишүүнийхээ бүрэн эрхийг эдлээд явсан. Энэнээс болоод би Хүрэлбаатарт дургүйцээд байгаа юм. Ийм байж болохгүй. Би өөр нэг гомдолтой юм хэлье.
-Юун тухай вэ?
-2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхад УИХ-ын гишүүн Чойжилсүрэн, Хүрэлбаатар нар нэг ч удаа дэмжээгүй.
-Намын харъяаллаар асуудалд хандсан гэсэн үг үү?
-Би чинь Ардчилсан намын Засаг дарга байхгүй юу. Тэр хугацаанд би Хүрэлбаатарын барааг нь ч хараагүй. Ард түмнээс сонгогдчихоод, орон нутгийн сонгуульд ард түмнээс дэмжигдчихээд ял асуудаг Хүрэлбаатар хэн бэ. Орон нутгаа дэмждэггүй хэн бэ. Гомдмоор байгаа биз дээ. Ийм л зөрчил яваад байгаа юм. Сүүлд нь хэлэхэд “ширэн нүүрэлсэн” ийм нөхдүүд л Монголыг эзэрхийлж байна. Би хэлээд байгаа. Шударга бусыг ордноосоо хай гэж. Тэр хүмүүс гомдохгүй яах юм бэ, уурлахгүй яах юм бэ. Жагсахгүй яах юм бэ. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө насаараа зогсоод, өдөр шөнөгүй дуудагдаад, мэс заслын ширээний ард 10 цаг зогсоод, хүний амь, эрүүл мэндийн төлөө явж байгаа эмч нар бүтэн сар зүтгээд 500 мянган төгрөг авч байна. Бага насны учраа олохгүй баахан хүүхдүүдтэй өдөржин ажиллаад, үдээс хойш давтлага хийгээд, тэр хүүхдийн төлөө бүх ухамсарт амьдралаа зориулж байгаа багш сард 500 мянган төгрөг авч байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болсныхоо төлөө жилд 100 мянган доллар авч байна. Ямар байна даа?
-Бухимдмаар л байна шүү дээ.
-Тэгэлгүй яах юм бэ. Багабанди Ерөнхийлөгч тухайн үеийн шилдэг хүн. УИХ-ын дарга, гишүүн, хоёр удаагийн Ерөнхийлөгч. Тэр хүнд яагаад эх оронч үзэл, ёс зүй байж болохгүй байгаа юм бэ. Би Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн байснаар 34 хувиа хамгааллаа. 100 мянган долларын цалин авлаа. Төрийн хишигтээ баярлаж байна гээд яагаад 80 мянган доллараа улсдаа тушааж болохгүй гэж.
-Байг ээ гэхэд хаалганы цаана цоожлуулаад үлдэж буй хүүхдийг цэцэрлэгээр хангахад зориулчихвал?
-Харин тийм. Аль дүүрэгт нь амьдардаг юм, манай дүүрэгт цэцэрлэг дутуу байна. Алив нийслэлийнхэн тэдийг, би ТУЗ-ийнхөө цалингаас 50 мянган доллар өгье. Нийлүүлж байгаад 100 хүүхдийн цэцэрлэг барья гээд яагаад эх оронч санаачлага гаргахгүй байгаа юм бэ, тэр хүн. Би чамд нэг сонирхолтой юм хэлье. Улсын бага хурлын гишүүн Г.Лхагважав гэж, харамсалтай нь оны өмнө нас барчихлаа. НҮБ-ын Ази, Номхон далайн зэвсэглэл хариуцан Женевт сууж байсан хүн. Тэр хүн Батмөнх, Гунгаадорж, Бямбасүрэн, Жасрай гуайн засгийн газрын зөвлөх байсан, мундаг хүн л дээ. Женевт төлөөлөгчөөр сууж байхдаа 27 мянган долларын цалин авдаг байсан. Тэр цалингаа улсдаа тушаадаг, тийм журамтай байсан. Гэтэл өнөөдөр зарим хүн захирал болуутаа 570 унаж, үнэтэй орон сууцанд амьдарч байна. Хүмүүс дургүйцэхгүй яах юм бэ. Бид хэнээсээ шударга ёс нэхэх юм бэ. Хаанаас шударга бусыг хайх вэ. Эд нараас хайж таарна. Төр нь шударга бус, төрийн түшмэдүүд нь зарчимгүй, ёс зүйгүй болохоор ард түмний итгэл унаад байдаг юм. Төрийн алба цаашаа явахаа больдог, төрөө ард түмэн нь хараадаг болдог. Дахиад бид шударга ёсны эрэлд хатдаг. Төр ингээд утгагүй болоод ирэхээр бид нэг хүнийг хайж эхэлнэ.
-Удирдагч уу?
-Энэ ард түмнийг удирдаад аваад явах ёс зүйтэй удирдагч. Тэр нь явж явж байгаад ёс зүйгүй удирдагч таарчихвал дарангуйлал эхэлнэ. Улс төрчид учраа олохгүй, төр булингартай утгагүй болохоор хүн болгон улс төржиж байна. Эндээс жинхэнэ популистууд бий болно. Мафижсан, эрүүгийн элементүүд чинь эндээс босож ирдэг юм. Хамгийн утгагүй бүлэглэлүүд эндээс хожоо олж эхэлдэг. Төр ийм утгагүй байхаар бүх юм уруудаж эхэлдэг. Миний харж байгаагаар энэ төр уруудчихлаа. Ингээд уруудаад явна. Энэ Засгийн газраас сайн юм гарахгүй. Хүрэлсүх Ерөнхий сайд болоод, Их хурлын анхны шийдвэрүүдийг харахад явахгүй дээ, явахгүй.
Д.ЭРДЭНЭТУЯА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БИЛГҮҮ
toimmedee.mn