УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх юм. Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нартай уулзана. Эдгээр уулзалтын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийг хоёр талын болон олон улс, бүс нутгийн түвшинд хөгжүүлэхэд хоёр улсын парламент нягт хамтран ажиллах талаар санал солилцох юм.
Энэхүү айлчлал нь Япон Улсын хууль тогтоох дээд байгууллагын удирдлагын түвшинд манай улсад хийгдэж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны 03 дугаар сарын сүүлчээр Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиматай уулзалт хэлэлцээ хийж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
toimmedee.mn