-Иргэд, аж ахуйн нэгжүүд санаачлагаараа хандивын аян эхлүүлэв-
Иргэд байгууллага түймэр унтраахад дэмжлэг үзүүлж, хандив өргөсөөр байна. Энэ хандивын аян иргэдийн өөрсдийн санаачлагаар эхэлсэн билээ. Хэн юу хандивлаж байгааг товчлон хүргэж байна. Өчигдөр 15.00 цагаас хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар ОБЕГ-т нийтдээ иргэд байгууллагаас 300 орчим сая төгрөгийн хандив, эд хэрэгсэл ирээд байгаа аж.
- ХЗДХ-ийн салбарын 30 мянган ажилтан албан хаагч эх орноо гал түймрийн аюулаас аврах үйлсэд зориулж бүтэн нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ. Түүнчлэн ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газрууд түймэр унтраах ажилд оролцож байгаа хүмүүст нэн шаардлагатай 10000 ширхэг брезентен бээлийг яаралтай үйлдвэрлэж нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
-Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо ОБЕГ-т гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг гардууллаа. Тэд энэ хандивыг нэг хоногийн хугацаанд цуглуулсан байна.
-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ачааны автомашин, 100 литр шатахуун, цэвэр ус, хувцас хэрэглэл, ус зөөхөд зориулж 1 тоннын багтаамжтай 20 ширхэг савыг хандивлалаа..
-“Томас Айр” агаарын тээврийн компани үнэ төлбөргүй нислэг үйлдэн, галын голомттой газруудад ус цацахаар болжээ.
- “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)
-ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг
-Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 35 сая төгрөг хандивласан юм.
-"Мобиком" корпораци нийт 32 сая төгрөгийн гал унтраах төхөөрөмж. Үүнд 50 ширхэг үлээгч аппарат, мөн 50 ширхэг үүргэвчит гал унтраагуур, Сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 000 000 төгрөгийн эрх багтаж байгаа аж.
-Хаан банк 10 сая төгрөг.
-АПУ ХК 50 сая төгрөгийн үнэ бүхий цэвэр ус, сүүн бүтээгдэхүүн.
-"Шунхлай" групп 20 сая төгрөгийн шатахууны тусламж үзүүлэхээ мэдэгдэв.
-“Эрдэнэс-Таван толгой” компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлжээ. Энэ нь 100 сая төгрөг болж байна. Түүнчлэн усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс болон 5000 ширхэг амны хаалт хандивлахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Агаараас ус цацаж, ой хээрийн түймэр унтраах нисдэг тэрэг 5-10 сая ам.долларын үнэтэй байдаг байна. Зөвхөн өнөөдөр 100 орчим сая төгрөгийн тусламж цугларчээ.
Энэ бол эхний нэг өдрийн байдлаархи мэдээлэл. Хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд хувь хүмүүсийн хандивыг тодорхой мэдээллэх боломжгүй байна.
П.Булган
toimmedee.mn