БИ ЯАГААД Х.БАТТУЛГЫГ ДЭМЖЭЭД БАЙНА ВЭ

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Хоёр жилийн өмнө байх аа даа, түүнээс яриа авахаар “Буянт-Ухаа” спортын ордонд очлоо. Ярилцлагаа авчихаад буцах гэтэл “Манай ээжийнхээр орж бууз идээд яв” гэлээ. Болсон идээнээс бүү зайл гэдэг дээ, хамт очлоо. Гэтэл гудамжных нь үзүүр дээр харваас архи уудаг шинжтэй бүрзийсэн хэдэн юм зогсч байна.  Нөгөөдүүл нь гараараа  даллаж байна. Мань хүн жолоочдоо “зогс” гээд бууж очоод жаал юм ярьж байснаа өврөө ухаж хэдэн төгрөг гаргаж өгөв бололтой. Буцаж ирээд “Манай Яармагийн он жавууд.  Ажил байхгүйгээс ингээд архи уугаад байх юм, уг нь эднийг ажилтай болгох амархан ш дээ” гэлээ.  “Та тэгээд бууж очдог нь яаж байгаан”  гэхэд “Дошны хэддээ хааяа “баригдаж” хэдэн юм өгөлгүй дээ... Тэдэнд надаас өөр хэдэн төгрөг  өгөх хүн байхгүй ш дээ” гэв.  Энэ тухай би байнга боддог. Үүнийг яг юу гэж хэлдэг юм бол....  Баярхал лав биш ээ.

Бас нэг сонин түүх. Тэр нэг биш нэлээд хэдэн өдөр гэнэт алга болчихжээ.  Сайд байсан байх аа даа. Яамныхан нь, намынхан нь хайгаад  олдоггүй. Гэтэл Яармагт хамт тоглож өссөн найз нь хавдраар өвдөөд, түүнийг аваад Сингапурт нисч очоод төлбөрийг нь хийчихээд ирж.  Чухал үед алга болсон гэж намаасаа жавтий хүртсэн ч найздаа тусалсандаа сэтгэл нь өег байсан болов уу. Тэр найз нь сайд дарга биш эгэл нэгэн.   Энэ мэтээр түүний тусалсан хүн маш олон. Гэвч нэгийг нь ч дурьддаггүй. Хийсэн бүтээснээ хүмүүст хэлээч гэхээр “Яах юм бэ... онгирсон болно ” гэнэ. Гүтгэлэг доромжлолд хариу өгөөч гэхээр “Яах юм бэ, хүн ойлгохгүй ш дээ” гэнэ. Сэтгүүлчийнхээ хувиар нэг удаа шарыг нь малтаж “Та бусад бизнесмэнүүдтэй адилхан хувь хүртээд л, төсөл “хусаад”, эсвэл кноп дараад явж байхгүй, эх оронч царайлаад эцэст нь яав... баахан  албан тушаалтнуудад зуугдаад шоронд орох нь байна шүү” гэхэд “Надад одоо мөнгө хэрэггүй... Хэдэн үйлдвэр босгочих юмсан” гэнэ. “Хэн таныг ойлгож байгаа юм бэ. Наад тэнгэрийн санаагаа хая” гэхэд муухай хараад дуугараагүй.   

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тээр жил осолд орж ухаангүй байхад нь нисдэг тэрэг хөлсөлж, эмчүүлсэн хүн нь Х.Баттулга. Хаана ч, хэзээ ч энэ тухай тэр дурьдаагүй.  Ц.Элбэгдорж Харвардад сурч ирээд орон байргүй байхад, С.Баяр Москвад элчин сайдаасаа бууж ирээд Хулангаасаа салчихаад гэр оронгүй явахад тэднийг Х.Баттулга л “Баянгол”-д байлгаж байсныг нь хэн ч мэдэхгүй  (Энэ тухай С.Баяр өөрөө надад ярьсан юм шүү). Ядарсан зүдэрсэн, улстөрийн гудамжинд хаягдсан МоАХ-ны партизануудыг орон гэргүй ядарч явахад Х.Баттулгаас өөр хэн ч байр өгөөгүй. Энэ тоо одоо бараг 100 хүрсэн. Х.Баттулгыг үзэн ядаж, дайрдаг Х.Тэмүүжинг эхнэр хүүхэдтэйгээ оюутны байранд зовж явахад тэр л байр өгсөн.  Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн эхнэрийнх нь бие муудахад бас л тусалсан дуулддаг.  Энэ тухайгаа  “Хүний өвчин зовлонд туслах ёстой. Харин шоудаж болохгүй”  гэнэ. “Ач яривал тус харина гэсэн зарчимтай”  хүн.    Түүнийг хэлбэрдэж байхыг би хэзээ ч хараагүй. Энхтайваны гүүрэн дээгүүр алаг өмдтэй нэг нөхөр гүйж л байдаг, гудамжаар явган алхаж л харагддаг, такси барих гээд зам дээр гар өргөөд зогсч л байдаг, хөдөө гадаа явахдаа дайралдсан замын гуанзаар ороод л хооллочихдог, чанасан  махыг жолооч, туслах, хамт яваа нөхдөдөө бүгдэд нь өөрийн гараар хөшиглөж аяганд нь хийгээд өгчихдөг гээд одоо цагт ховор болсон сонин сонин “чимэг”-тэй этгээд. Өөрийг  нь сонин, сошиал ертөнцөд элдэв муухайгаар зурсныг арай илүү ур дүйтэй болгож зурчихаад “Ингэж зурсан бол илүү хүрэх байж” гэдэг  хачин нөхөр.    

Бас Оюунчимэг гэж мундаг эгч бий. Хүндийг өргөлтийн тамирчин. Тив дэлхийн хэчнээн ч тэмцээнээс мастеруудын  төрөлд  алтан медаль авчрав. Дэлхийн тэмцээнээс аваргын алтан медаль авчирсан тамирчинд төр засаг мөнгөн шагнал өгдөг ч түүнийг тоогоогүй. Түүний урмыг хугалахгүй гэсэндээ Х.Баттулга л зардлыг нь даадаг юм. Харин Оюунаа эгч очсон газар бүрээсээ түүнд атга чихэр авчирч өгдөг. Энэ бүр уламжлал болон тогтсон. Би тэр эгчээс ярилцлага авсан удаатай.  Тэгэхэд  “Би уг нь Баттулгын надад тусалж зардлын мөнгө өгдгийг хэлмээр л байна. Даанч цаадах чинь хэнд ч бүү хэл гэж загнасан...” гэж билээ.  Үүнийг бас л хэн ч мэдэхгүй. Хавдраар өвдсөн хэчнээн сэтгүүлчид мөнгөөр тусалсан гэж бодно. Сэтгүүлчдээс хэчнээн ч хүний зардлыг нь дааж Сингапур, Малайз, Чежүд амраав.  ЗГХЭГ-ын дарга сайд Ж.Мөнхбат тэргүүтэй сэтгүүлчид Сингапурт зугаалж л байсан.  Одоо бүгдээрээ түүний эсрэг эргэжээ.  Түүний тусалсан хүний тоо аль хэдийнэ тоогоо алдсан.  Тэр хэзээ ч ашиг харж хөрөнгө оруулалт хийдэггүй. Тухайлбал, Монголын жүдо бөхийн холбоог удирдсан 11 жилийнхээ хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгийг хувиасаа өгсөн байдаг. Энэ нь мань хүнд уг нь ямар ч ашиггүй. Харин Монголын ард түмний бахархал омогшлыг сэргээж, монголчууд олон жил хүлээсэн олимпын аваргаа тэвэрсэн юм. 2008 оны долдугаар сарын 1ний буу агссан түгшүүрийг Түвшээ аварга л хуу татан хаяж эх орноо,  эгэл түмнээ айдас хүйдсээс салгасан. Тэр ч бүү хэл, хоорондоо эвдрээд байсан Монголын улстөрчид тэврэлдэн архидаж, монгол түмэн нулимсаа урсган хөөрч  билээ. Харин энэ омогшил энэ бахархлыг хэн авчирсныг одоо дурсахаа больжээ. Тэр өдөр төрийн далбаагаа барин “ура” хашгирч явсан залуус өнөөдөр Халтмаагийн Баттулгыг, Найдангийн Түвшинбаярыг доромжлон сагсуурч байна... Өөртөө ашиггүй, өрөөл түмнээ өнгөтэй, өөдтэй, бахархалтай байлгая гэдэг хүн хэзээ ч эргийн гадна (оффшор) мөнгөө нуухгүй ээ. Мөнгөө нуудаг хүн хэзээ ч түүнийгээ олны төлөө цацдаггүй юм. 

 Монголд  тэрбумтан олон бий. Тэд зөвхөн өөрсдөдөө ашигтай зүйлд хөрөнгө оруулна уу гэхээс эгэл түмнийхээ бахархлыг бүтээх ашиггүй үйлдэлд хэзээ ч гараа сунгадаггүй юм. Олон улстөрч сум орон нутагтаа хөрөнгө оруулах гэж хоргой торго  тарааж, төсвийн мөнгөөр зам гүүр тавих гэж хэрэлддэг ч шинэ сум бариад өгсөн нь одоогоор алга л байна.  Бас нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагддаг. Эх оронч хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бол. Эх оронч байна гэж ямар байхыг хэлдэг вэ. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж их хувьчлал явагдлаа. Социализмын үед бүтээж байгуулсан үйлдвэрүүдийг авсан хүмүүсийн олонхи нь үрэн таран хийгээд дуусгав. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм үлдсэнгүй. Хоол унд картын бараанд шилжлээ. Харин энэ үед ганцхан атар талх үйлдвэрлэгдэж байлаа. Мөнгөний ханш хоёр дахин унасан үед төр засгаас “талхны үнийг нэмж болохгүй” гэсэн шийдвэр гарлаа. “Талх чихэр” үйлдвэр өрөнд баригдаж авсан эзэд нь гадаадын банкны барьцаанд алдах дээрээ тулав. Энэ үед Х.Баттулга “Талх чихэр”-ийг ах дүү нартайгаа авч дампуурлаас гарган өнөө хүртэл сайн сайхан ажиллуулж байна. Талхны үнийг нэмж болохгүй гэдэг тушаалтай, тэгсэн атлаа талх хийдэг гурилын үнэ нь тэнгэрт тулчихаад байхад ард түмнийхээ иддэг талхыг ашиггүй ч гэсэн үйлдвэрлэсээр, нэмэлт хөрөнгө оруулалт хийсээр өнөө хүрэв. Үйлдвэр ашиггүй ч хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгсөөр. “Мах импекс” компани ч энэ замаар явсан.  Түүнээс би асуусан юм. “Алтны бизнес эрхэлсэн бол арай дээр байсан юм биш үү” гэж. Харин тэр “Ард түмнийхээ иддэг талх,  махыг ядаж гадныхны гарт өгчихөлгүй, хүнсний аюулгүй байдлыг нь сахиж байя л гэсэн ухаантай....” гээд энэ талаар дахиж хэзээ ч дуугараагүй юм.  Тэр ийм л хүн.     

Түүний сэтгэл зүрхэнд зөвхөн Монгол Улсын хөгжил л байдаг. Түүний өрөөнд байдаг цагаан самбар дээр дандаа үйлдвэржилт, нүүрс боловсруулах арга, цэрэгт татагдсан эрчүүдэд хэрхэн ажлын байр бий болгох, хүмүүсийг хэрхэн архинаас гаргах, гэр хорооллын утааг багасгахын тулд хэрхэн  орон сууцжуулах гээд олон төлөвлөгөө судалгаа бий.   Заримдаа тэр дэндүү дэврүүн. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, “Шинэ төмөр зам” төсөл, “Шинэ сум” төсөл зэргийг нээрээ л бүтээчихье гэж үнэхээр зүтгэсэн дээ. Даанч Монголын төрийн толгойд хачиг шиг шигсэн олигархиуд хаалт тавиад зогсоосон нь харамсалтай. Түүний өнө мөнхийн нэгэн хүсэл бол Монгол Улсын тусгаар тогтнол. Орчин цагт дайн байлдаан болж тусгаар тогтнолоо алдана гэж байхгүй, харин эдийн засгийн хараат болж эрх чөлөөгөө алдаж байгааг тэр сайн мэднэ. Магадгүй энэ үзэл санаанд нь нэгдсэн хэдэн тооны нөхөд нь баригдаж,  хоригдож,  доромжлогдон гутаагдсан ч түүнийг тойрч нягтардаг биз. Хэрэв Монгол Улсын тусгаар байдал алдагдаж төрийн туг ганхаж гэмээнэ гар хоосон ч сэтгэл нь өмөрсөн  олон гагцхүү Халтмаагийн Баттулгын гадаа очно гэдэгт би огтхон ч эргэлздэггүй.       

УИХ-ын гишүүд давхар дээл өмсч Засгийн газрын гишүүн болж болохгүй гэдэг итгэл үнэмшилдээ хөтлөгдөн сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Сайдын суудлыг “шидчихээд” гардаг хүнийг 20 жил сэтгүүлчээр ажиллахдаа би Х.Баттулгаас өөрийг хараагүй ээ. Харин тэр үед УИХ-ын гишүүн давхар дээл өмсөхийг эсэргүүцэж Сүхбаатарын талбай дээр сор залж байсан хүмүүс өнөөдөр ичихгүй давхар дээлтэй сууж л байна.  Ц.Элбэгдорж нэг удаа хэдэн сэтгүүлч цуглуулчихаад түүнийг дуудаж  өрөөндөө баахан загнав даа.  Юу ч дуугарахгүй гарч ирж байна.  “Яаж байгаа юм бэ. Ёстой алалцаад хаяхгүй” гэж маш олон хүн түүнийг зэмлэсэн. Харин тэр “Муу ч гэсэн Элбэгээ чинь Монголын төрийн тэргүүн шүү...” гэсэн юм. Төрөө хүндлээд алтан соёмбоныхоо дэргэд дотогшоо зангирч хүлээтэй суусныг нь “Х.Баттулга гэмтэй учраас айгаад дуугарсангүй... Элбэгээ ч алаад өглөө дөө” хэмээх пиарыг Ерөнхийлөгчийн хэвлэлийнхэн маш сайн хийсэн дээ.

За одоо өөр рүүгээ эргэе. Би яагаад “C1” телевизэд ажилладаг гээч. Надад маш гоё оффис, ажлын таатай орчин, өндөр цалин амладаг бизнесмэнүүд, телевизүүд олон.  Гэвч цалингаа цагтаа тавьдаггүй, сувгийн хувьд тээр хойно шидэгдсэн “С1”-ийг яагаад сонгох болсон шалтгаан минь ердөө л цензургүй байхад оршино. Би хэн хүний үгэнд тийм амархан ороод, дохио зангаагаар яваад байх  хүн биш ээ. Магадгүй үүнээсээ болж би мань хүнийг хамгийн их зовоосон байх.  “Монгол дахь Мүүн ажиллагаа”, “Ирвэс хамгаалагч залуугийн нас барсан нууцын мөрөөр”, “Оффшор данстнуудын мөрөөр”  хэмээгдэх эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд, бас “Цензургүй яриа”-ны зочдод тавьдаг  хатуу асуултуудын хариу цохилт түүн дээр л буусан. Буух буухдаа улстөр, олигархиудын хамтарсан цохилт болж эргэж ирсэн юм. Надад ч бас цохилт ирсээн. Огт хийгээгүй хэргээр 10-15 жилийн ял төлөвлүүлж хилс хэрэгт чихэгдэх тэр үедээ би “Х.Баттулга бид хамт нэг замаар яваа юм байна. Тийм учраас бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэж байна. Энэ бүхнийг хамтдаа сөрж даван туулж, сайн цагийг авчралцах ёстой юм” гэдгийг би ухаарсан. Түүнээс өмнө би ойлгоогүй явсан нь үнээн. Нэг ч удаа намайг дуудаж, ийм тийм юм хийгээч гээгүйд нь  би шаралхдаг  байлаа. Намайг тоосонгүй гэж. Харин одоо бодоход хамгийн ихээр тоосон учраас надад ямар ч даалгавар өгөөгүй явааг нь ухаарсан юм.  Миний өвөг дээдэс дөрвөн үеэрээ Монголын төлөө зүтгээд хэлмэгдэж цаазаар авахуулсан улс. Арай сүүлд бол өвөө минь монгол бичгийг халж кирилл бичгээр солиход эсэргүүцээд шоронгийн хаалга татаж л явсан.  Ээж аав минь насаараа эгэл ажилчин байсан.  Би өөрөө цэвэрлэгчээс амьдралаа эхлүүлсэн захын хорооллын хүүхэд. Энэ амьдралыг өөрийн гараар бүтээж цусанд минь буцалж байгаа эх оронч үзлээ арайхийн дарж ядан, үе үе тэр минь оргичих шахан амьдарч яваа би монгол эмэгтэй.  Тийм учраас би Х.Баттулгыг дэмжиж байна. Тэр сайн хүн, тэр зөөлөн хүн, тэр бурууд хатуу хүн. Тэр тэвчээртэй, гэхдээ  яруу найраг, ардын дуундаа уярч шүдэнз шиг асч,  зул шиг гэрэлтэж яваа хүн.  Харин Монголын эрх ашгийн эсрэг хэтэвчээ зузаатгаж яваа хүмүүст бол аянга л гэсэн үг.  Тийм учраас түүнд дайсан олон. Гэхдээ тэр дайсны олноос  хэзээ ч айгаагүй.  Тэр амьдралд ханасан эр хүн. Одоо түүнд алт мөнгө хэрэггүй. Түүнд бүх юм бий. Харин одоо түүнд эх орноо, тусгаар тогтнолоо бататган, Монгол Улсаа аж үйлдвэржүүлэн хөгжүүлэх чин сэтгэл бий. Би үүнийг нь мэддэг учраас Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж байна. Чин сэтгэлийн үнэ цэнэ гэдэг шижир алтнаас үнэтэй. Чин сэтгэлийг олоход хэцүү. Улам бүр ховордон байгаа чин сэтгэлийн зүтгэл бол тусгаар тогтноод 100 жилийн ч нүүр үзээгүй яваа Монгол түмэнд минь цаг хугацааны захиалгаар ирсэн эцсийн боломж байж мэдэх юм. Үгээ хэлсэн болгон буруутаж, үнэнийг дээдэлсэн бүхэн адлагдаж,  хэвлэл мэдээлэл худалдагдаж, төрийн түшээд өнгө мөнгөнд мансуурч , төрт ёс минь  газрын наймаачны хэтэвчинд  ёолж, шударга ёс гудамжинд сөхрөн өнчин хүүхэд мэт цурхиран уйлж байна. Ядуу бол буруутан болдог, баян бол түшмэл болдог, гурван сая монголчууд биш 30 гаруйхан гэр бүл тэсэртлээ баяжиж, цэрэг цагдаагаар далайлгасан төрийн машины эсрэг сөрж зогсоод сайн цагийг авчралцахын тулд би Халтмаагийн Баттулгыг дэмжиж байна. Монгол заавал ялах ёстой. МОНГОЛ ЯЛНА.     

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.