Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа Х.Баттулга өнөөдөр МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Бизнесийн өглөөний цай” уулзалтад оролцож, бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бизнес эрхлэгчид төрийн бодлого гаргадаг эрх мэдэлтнүүд, бодлого тодорхойлогчид болоод эдийн засагчидтай өглөөний цай уудаг болсоор жил гаруйн хугацааг үдсэн юм байна. Нэр дэвшигч Х.Баттулга энэхүү уулзалтын 20 дахь зочноор оролцож, бизнес эрхлэгчидтэй уулзсан нь энэ.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нэр дэвшигч Х.Баттулгад амжилт хүсч, “Бизнес таймс” сонины анхны дугаарын хуулбарыг бэлэглэсэн юм. Учир нь “Бизнес таймс” сониныг анх “Женко” компании МҮХАҮТ-тай хамтран гаргаж, нэр дэвшигч Х.Баттулга редакцийн зурвасыг нь бичиж явжээ. Тэрхүү зурвасыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав зочдод уншиж сонирхуулж, бяцхан дурсамж задлаад амжсан юм.
Түүний дараа АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч Х.Баттулга бизнес эрхлэгчдийн төлөөлөлд хандаж үг хэллээ. Тэрбээр “23 жилийн өмнө МҮХАҮТ-тай хамтарч гаргаж байсан “Бизнес таймс” сонины анхны дугаарын хуулбарыг бэлэглэсэнд баярлалаа. Монголын анхны өнгөт сонин байсан байх. Макет дээр нь бид өөрсдөө суудаг байсан. Сайхан дурсамж сэргээж ярьсанд баярлалаа. Энд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг эхлээд ярьсан дээр байх. Аж ахуй нэгж, хувь хүн, улс нь өртэй байгаа. Ийм улс орны бизнес сайхан цэцэглээд явна гэж байхгүй.
Аж ахуйн нэгжүүд нь ажил хийх гэж хичээдэг. Банкных нь хүү өндөр. Татвар нь өндөр байдаг. Аргагүйн эрхэнд татвараас зугтаадаг. Гэрээт ажилчин авдаг. Үндсэн ажилтнаар хүн авч чаддаггүй. Ийм л нөхцөлд ажиллаж байгаа шүү дээ. Өнөөдөр ямар бизнес цэцэглэж байна вэ. Төрд, улстөрчдөд том авлига өгсөн, уул уурхайн бизнестэй хэдхэн хүний л ажил урагшилж байгаа. Тэд дээд зэргээр татвараас зугтаадаг. Дээд зэргээр авлига өгдөг. Дөрөв, тавхан аж ахуйн нэгжийн тухай би ярьж байна. Энэ дөрөв, тавхан аж ахуйн нэгж сүүлийн хэдэн жил бүхий л тендерийг авдаг, зохицуулдаг болсон. Багаас том хүртэлх бүх тендерийг тэд мэддэг.
Би энд уран сайхан үг хэлмээргүй байна. Намайг Ерөнхийлөгч болгочихвол маргааш нь та нарын бизнес сайхан болно гэж хэлж чадахгүй. Энэ асуудлыг бид нэг чиглэлд хамт зүтгэж байж л давж гарна. Би энэ асуудал дээр МҮХАҮТ-д шүүмжлэлтэй ханддаг. Улсын байгууллага шиг, маш их хүнд сурталтай, удаан бүтэц рүү МҮХАҮТ орчихсон. Гэтэл Азийн орнуудын ХАҮТ-ууд нь төр засаг, бизнесийнхээ хооронд амьд холбоо үүсгэдэг гүүр болж өгдөг. Манайх тэгж чадахгүй байна. Уул уурхай, улстөрч хоёртой холбогдоогүй бизнес ерөөсөө хөгжихгүй байгаа. Хөгжих ч боломжгүй юм байна гэдгийг та нар яс махаараа мэдэрч байгаа биз дээ. Өнөөдрийн бизнесийн орчин ийм л байгаа.
Энэ бүхнийг танхим өөрчлөхийн төлөө ажиллах цаг болсон. Б.Лхагважав Ерөнхийлөгч бол МАН-ын харьяалалтай юм байна. Ерөнхийлөгч нь намын харьяалалтай байна гэдэг чинь МҮХАҮТ тэр намын бодлогыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн үг. Тийм болохоор болж өгвөл өнөөдрөөс намаасаа татгалзчихмаар байгаа юм. Яагаад гэвэл бизнесмэнүүд намын харьяалал гэдэг асар том айдас дунд яваад байна.
Нөгөө нэг том айдас байгаа нь Монголын бизнесийн зах зээлд Хятадын аж ахуйн нэгжүүд түрээд ороод ирлээ. Бүх салбарыг, жижиг, том гэлтгүй эзэгнэж байна. Эмээлт захыг хар. Гэр хороололд армутарын төмөр нууцаар, хуурамчаар үйлдвэрлэж байгаа шатаах зуухуудыг хар. Арьс шир боловсруулж байгаа компаниуд хүртэл хятад эзэнтэй болсон. Бидний хийх орон зайг тэд түрээд ороод ирлээ. Хамгаалалт хаана байна. Төр засаг юм бол нэмүү өртөг шингээж байгаа үйлдвэрлэгчдээ хамгаалах ёстой биз дээ. Уул уурхай, улстөрч дагаж, тендер авдаг байдал. Бүх бизнесээ гадныханд алдаж байгаа хоёр зүйлийг засахгүй бол хэчнээн татварын орчин яриад бүтэхгүй.
Өнөөдөр бид оршуулгын газраа авахдаа хүртэл Солонгос эзнээс нь зөвшөөрөл авч байгаа. Үхэхдээ хүртэл бид гадныхнаас зөвшөөрөл авч байж оршуулах газраа авдаг болж байна шүү дээ. Үнэн биз дээ. Гадаадын үйлчилгээ сайн байгаа нь үнэн. Бид сурах ёстой. Гэхдээ 30 хувиас дээш байж болохгүй л байхгүй юу.
Хэрвээ та Ерөнхийлөгч болбол яах вэ гэдэг асуулт гарч ирэх байх. Би энд ярьсан бүхий л нөхцөл байдлыг яс махаараа мэдэрч байсан хүний хувьд энэ байдлаас гарах маш таатай орчинг тодорхой хугацаагаар бүрдүүлнэ. Таатай орчин гэж юу вэ гэхээр 10-аас дээш хүнийг тогтмол цалинжуулж явсан, нэмүү өртөг үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих боломж байна. Өнөөдрийг хүртэл бүх л бизнес арилжааны зээлээр явж ирсэн. Арилжааны зээлээр аж ахуй эрхэлнэ гэдэг ямар тамтайг энд байгаа хүмүүс бүгд мэдэж байгаа байх. Сарын хүү нь хэд билээ. Үүнийг өөрчлөх цаг болсон.
Хоёрдугаарт улс төрийн харьяаллаар хүнийг ялладаг бизнесийн орчинг би үгүй болгоно гэж бодож байгаа. Ийм л хоёр зүйлийг хийхийг зорьж ажиллана. Бизнес хийхийн зовлонг яс махаараа туулж ирсэн, шүүхийн шийдвэрийнхэнтэй “гар тулаан” хийж байсны хувьд би энэ бүхнийг ойлгодог. Тийм учраас татвар төлөгч, цалин өгөгч, бизнесийн орчинг мэддэг, төрөөс төрсөн тэрбумтан бишийн хувьд та бүхнийг намайг дэмжээрэй гэж хүсье” хэмээлээ.
Түүний дараа бизнес эрхлэгчид нэр дэвшигч Х.Баттулгад амжилт хүсч, үнэхээр ажил олгогч ямар зовлонтойг мэддэг учраас өөрчилж чадна гэж итгэж буйгаа хэллээ. Зарим нь бизнес эрхлэгч гадныхан ТББ нэрээр ирж, Монголд яаж мөнгө босгож байгааг цэглэх цаг болсныг. Урт цагаан дээр хятад хэвэнд алт, мөнгө цутгаад сууж байгаа хүмүүстэй Монголын урчууд, энэ төрлийн бизнес эрхлэгчид өрсөлдөх хэмжээнд хүрэх орчинг бий болгохыг. Бизнес эрхлэгчдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх цаг болсныг бизнесмэнүүд сануулсан юм.
toimmedee.mn