Хан-Уулчууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч “ажилчны район”-оос төрнө гэв

-Яагаад Яармагийн дэнжээс Ерөнхийлөгч төрж болохгүй гэж-

Эх орныхоо хөгжил дэвшилд хөлс хүч, хөдөлмөр бүтээлээрээ хөрөнгө оруулж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын өрнүүн их ажилд гар, бие оролцож явсан олон арван Хөдөлмөрийн баатрууд “ажилчны район” гэгдэж асан Хан-Уул дүүргээс төрж гарсан түүхтэй. Улаанбаатар хэмээх их айлын нүүр царай, өнгө төрх, үүд хаалга болсон тус дүүрэг өдгөө өдрөөс өдөрт өргөжин тэлж, үйлдвэржилт, бүтээн байгуулалтын төв цэг гэгдэж байна. Энэ л дүүрэгтээ, Хан Богд уулаа түшин, хатан Туул голоо эмжин жаргасан Хан-Уул дүүргийн иргэд, сонгогчид Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч “ажилчны район”-оос төрнө хэмээн дуу нэгтэй хэлж байна.

Монгол Улын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийслэлийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтынхаа хүрээнд төрж өссөн Хан-Уул дүүрэгтээ ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Өчигдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон уг уулзалтад нэр дэвшигч Х.Баттулгын ээж Ц.Должинсүрэн, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга н.Дамдин, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан зэрэг хүндэт зочдоос гадна иргэд, сонгогчид оролцлоо.

Хан-Уулчууд дүүргээс нь төрөн гарч, төр түшилцэж явсан хүүгээ 100 хувийн саналаар гаргана гэдгээ хэлж байна. Ажил хөдөлмөрийн амт шимтийг мэддэг Хан-Уулчууд үйлдвэржсэн, хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө өдий хүртэл сайн муугаар хэлэгдсээр ирсэн ч ноён нуруутай байж өдий хүрсэн Х.Баттулгыгаа төр, түмнээ тэргүүлэх хувьтай нэгэн хэмээж байна.

Зам тээвэр, барилга, хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан гээд улс орны тулганы галыг өрдөж байдаг эдийн засгийн голлох салбаруудыг нэгэн цагт удирдан чиглүүлж явсан нэр дэвшигч Х.Баттулга төрж өссөн дүүрэгтээ өрнүүн их ажил өрнүүлснээс дурдвал “Шинэ Яармаг” цогцолбор хороолол, Богд уулын арын зам, “Буянт-Ухаа” I, II хороололыг онцолж болно.

Х.Баттулга: Надад биелээгүй ганцхан мөрөөдөл үлдсэн нь Хүчирхэг Монголыг цогцлоох

Уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Баттулгын хэлсэн үгнээс

Тэртээ 1970 оны эхэн үед гурав, дөрөвдүгээр ангийн Баттулга Яармагийн дэнжээс хот руу саравчлан зогсохдоо олон сайхан зүйл мөрөөддөг байв. Гэр маань хотоос 10-аад км зайтай болохоор тухайн үед “Хот орж үзэхсэн” гэх гэнэн мөрөөдөлд хөтлөгдөж явжээ. Улмаар алсаас ширтэж, мөрөөсч зогссон хотдоо ирж, хөгжил цэцэглэлтийг нь хараад гайхан бахдаж байв. Үүнээс хойш дунд сургуулиа төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсч, хажуугаар нь хүүхдийн хувцас оёж эхэллээ. Зургийн сургуулийн оюутнууд гэрийн даалгавраа томоо гэгч ватум цаас нь дээр хийж авч явдаг байсан болохоор олон хүн чихэлдсэн автобусаар зорчих хэцүү байж ээ. Тиймдээ ч таксигаар зорчдог оюутан болохсон гэж мөрөөддөг болов. Улмаар хүүхдийн хувцас оёхын зэрэгцээ зураг зурж, “Баянгол” зочид буудлын үүдээр явж жуулчдад зарах боллоо. Ингэснээр мөрөөдөж байсан таксигаа ч хөлөглөдөг нэлээд додигор оюутан боллоо. Ийнхүү хот орон газар үзэж, сургууль соёлд элсч, бас ч гэж гадны жуулчдад гар урлалын бүтээлээ зарж эхэлсэн би гадаад улс орон руу явж үзэхсэн гэх дараагийн мөрөөдлөөрөө жигүүрлэсэн юм. Тухайн үед сайн тамирчин, сайд дарга нар л гадагшаа дотогшоо явдаг байв. Мэдээж хорь ч хүрээгүй хүүхэд юу юугүй сайд дарга болохгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч тамирчин болохоор шийдсэн хэрэг. Спортын ертөнцөд оройтож хөл тавьсан ч санасандаа хүрч, дэлхийн аваргын дэвжээнд төрийн далбаагаа ч мандуулсан, гадаад улс орон руугаа явж үзсэн. Үүний дараа орон сууцанд амьдрахсан гэх хүсэлдээ хөтлөгдсөөр Энэбиш дарга дээр ортол “Дахиад нэг алтан медаль авчих, тэгвэл орон сууцтай болгож өгье” гэж байна. Нэг удаа чадсан юм чинь яагаад хоёр дахиа чадахгүй гэж бодсоор Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль авсан. Энэ мэт Яармагийн дэнжээс хот руу саравчилж зогссон Баттулгыг юу энэ хүртэл явуулсан бэ гэвэл ердөө л хүсэл мөрөөдөл хийгээд түүнийхээ төлөө тэмцдэг уйгагүй, хөдөлмөрч зан чанар юм шүү. Одоо надад биелээгүй ганцхан мөрөөдөл үлджээ. Энэ бол үйлдвэржсэн, хүчирхэг Монгол Улсыг цогцлоох. Хүн ард нь жаргалтай, улс орон нь баян, эдийн засгийн хувьд тусгаар тогносон тийм л улс орныг цогцлоон бий болгох мөрөөдөл минь намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд хүргэсэн. Тиймээс та бүхэн намайг дэмжиж саналаа өгөөрэй. Баян орны иргэд баян амьдрах учиртай.

Азай буурал ээж, ачит багш, анд нөхдийн захиас

Нэр дэвшигч Х.Баттулга төрж өссөн дүүрэгтээ ажиллаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан эл уулзалт сонин содон зүйлээр дүүрэн болж өнгөрөв. Тухайлбал, нэр дэвшигчийн ээж Ц.Должинсүрэн гуай 1970-аад онд нүүж ирсэн хуучин буйран дээрээ буюу Яармагийн гэр хороололдоо одоо ч аж төрөн суугаа бөгөөд хүүгийнхээ уулзалтад биечлэн ирж, сонгуульт ажилд нь амжилт хүсч, ерөөлийн үгээ хайрласан юм.

Түүнчлэн, долоон настай Х.Баттулгыг Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуульд элсч ороход анх үсэг нүдлүүлсэн ангийн багш Алтанцэцэг нь ч эл уулзалтад хүрэлцэн ирж, шавьдаа хандаж үг хэлсэн. Тэрбээр “Одоо ч тодхон санаж байна. Багш хэмээх эрхэм алдарыг хүртэж, анхны ангиа дааж авсан нь манай Баттулгын анги байсан юм. Баттулга маань багын л юманд хичээнгүй, уйгагүй, хөдөлмөрч хүүхэд байсан. Ээжийнхээ оёдлын машиныг авчраад ангийнхандаа урлагийн үзлэг, элдэв тэмцээн уралдаанд өмсөх хувцасыг нь оёод өгчихдөг тийм л хүүхэд байв. Хол явж, их үйл бүтээх хүн андашгүй байдаг юм билээ. Баттулгын нүднээс үзүүр хязгаар нь үл харагдах мөрөөдөл гэрэлтдэг байв. Одоо ингээд харж суухад шавь минь санасан мөрөөдсөн бүхэндээ хүрчээ. Гэхдээ нэг л мөрөөдөл үлдсэн хэмээн сая өөрөө хэлж байна. Энэ мөрөөдөл нь зөвхөн Баттулгын бус миний, чиний, монголчууд бидний мөрөөдөл гэдэгт эргэлзэхгүй итгэж байна” гэсэн юм.

Үүний дараа Х.Баттулгатай 20 гаруй жил нөхөрлөж буй найз нь болох Гавьяат жүжигчин Хүрэлхүү үг хэлсэн юм. Тэрбээр “Сонгууль гэж хэн нь хэн болохыг харуулдаг, таниулдаг нэг талаас сайхан зүйл юм. Өдий болтол миний найзыг элдэв гүжир гүтгэлгээр өдөр шөнөгүй булж байна. Ийм их дарамт, стрессийг Тулгаа яаж тэсч давж гардагийг гайхдаг. Би нэг л зүйлийг баттай, 100 хувь итгэл дүүрэн хэлж чадна. Баттулга хэзээд өөрөөрөө байж чаддаг, жинхэнэ эр хүн юм шүү. Анх төрөх эмнэлэгт танилцаж байсан тэр залуу 20 гаруй жилийн дараа ч тэр л янзаараа, Баттулга хэвээрээ байгаад нь баярладаг. Тиймдээ ч эл сайхан нөхөрлөлөө эрхэмлэж, нандигнаж явдаг юм. Мөнгөтэй хүмүүс нэр нөлөөтэй урлаг соёлынхныг бараа таваар мэт худалдан авч, муу муухайдаа ашиглаж байгааг бид бүхэн харлаа. Надад ч гэсэн тийм санал цөөнгүй ирсэн. Гэхдээ би нөхөрлөлдөө үнэнч үлдэж Тулгынхаа талд зогсч үлдсэн. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Тулга бид хоёрын дунд ямар ч мөнгө төгрөг, гэрээ контракт байхгүй. Харин найз нөхрөө гэсэн халуун сэтгэл л бий” гэсэн юм.

Ийнхүү Яармагийн дэнжээс их хот руу саравчлан зогссон жаалхан Баттулга биелээгүй үлдсэн ганц мөрөөдлөө тээсээр төрж өссөн Хан-Уул дүүргийнхээ эгэл ардтай уулзан учирч, төрд дайх үгийг нь сонссон юм. Яагаад Яармагийн дэнжээс Ерөнхийлөгч төрж болохгүй гэж...

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.