Д.Хүрэлхүү: Яагаад Яармагийн дэнжээс Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдож болохгүй гэж

-Тулга бид хоёрын дунд ямар нэг сонгуулийн гэрээ, цалин мөнгөний асуудал байхгүй-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга өчигдөр Хан-Уул дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр түүний найз, Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн хэлсэн үгнээс онцоллоо.

Миний бие нөхөр Баттулгатай 1993 оны долдугаар сарын 20-ны өдөр хоёулаа аав болж, төрөх тасгийн хүлээлгийн танхимд танилцсанаас хойш 24 жил гэмгүй сайхан нөхөрлөж ээ. Энэ сайхан үерхлээ бодоод найзыгаа дэмжиж энэ индрээс үг хэлж байна. Тулга бид хоёрын дунд ямар нэг сонгуулийн гэрээ, цалин мөнгөний асуудал байхгүй ээ. Бид хоёр олон жил гэмгүй сайхан үерхэж байна. Монгол хүний, тэр дундаа монгол эр хүний хугараагүй, хурахгүй, худалдагдахгүй нөхөрлөлийн жудаг зааж би энд зогсч байна. Яагаад Яармагийн дэнжээс Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдож болохгүй гэж. Яармагийн дэнжид төрж өссөн, одоо ч Хан-Уул дүүрэгтээ амьдарч байгаа Баттулгатай амьдарч буй Баттулгатай олон жил үерхсэний хувьд би Монгол эх орныхоо төлөө олон сайхан зүйл хийж чадна гэдэгт итгэж байна, даалгаж байна. Миний найз Баттулга ч хийж чаддагаа харуулсан.

Би та бүхнийг ямар нэгэн зүйлд уриалж, төөрөгдүүлж, хөөрөгдүүлэхгүй ээ. Чин үнэнээ л ярья гэж бодож байна. Хэтэрхий их улстөржиж, намчирхаж, номчирхохгүйгээр эгэл үнэнийг энд хэлье гэж бодлоо. Баттулга УИХ-д гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр ажиллаж, сайд даргын алба тушаал хашиж байсан хүн. Гэхдээ энэ хүн хэдий өндөрт мандаж явсан ч нэг л янзаараа байдаг даруу төлөв, ноён нуруутай нэгэн. Би найзыгаа нэг ч удаа “сайд аа”, “дарга аа” гэж дуудаж үзээгүй ээ. Анх төрөх тасагт танилцаж байсан Баттулга өнөөдөр ч хэвээрээ байгаад, үерхэлдээ, найз нөхдөдөө үнэнч байгаад баярлаж явдаг.  Тиймдээ ч би энэ хүнийг хүндэлдэг юм. Энэ хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч болоод эгэл олны төлөө их зүйл хийж чадах хүн гэдгийг ам бардам хэлмээр байна. Яагаад гэвэл УИХ-д гурван удаа сонгогдохдоо тойрогтоо хамгийн их зүйл хийсэн хүн. Монголын улс төрийн түүхэнд сонгогдсон тойрогтоо хэн хүнээс илүү юм хийж бүтээсэн хүн бол гарцаагүй манай Тулга юм билээ. Үүнийг монголчууд бүгдээрээ мэднэ. Миний бие олон удаагийн сонгуулиар улстөрчдийг дагаж явж үзсэн. Тэр хүмүүс нэр дэвшээд ирэхдээ чихэр шиг үгээр сонгогч олныг хуурч, санаанд багтамгүй сайхан зүйлс ярьж байгаад гарсныхаа дараа утсаа ч авахгүй усанд хаясан чулуу шиг алга болдог.

Би сайн мэднэ. Баянхонгор аймагтай холбоотой том, жижиг бүх л зүйл энэ хүнээр дамжиж явагддаг байсан. Санаж байгаа бол 10 жилийн өмнөх Баянхонгорыг өнөөгийн Баянхонгортой жишиж харьцуулашгүй өөр байсан. Ийнхүү нутаг орон, ард түмнээ өөд татаж чадсан найз минь Ерөнхийлөгч хэмээх эл албан тушаалд тэнцэх цорын ганц нэр дэвшигч юм шүү. Найзыгаа чин сэтгэлээсээ дэмжиж байна. Унаган нутгийн та бүхэн ч надтай санал нэг байгаа болов уу.

Ингээд, Тулга найздаа итгэж байна. Миний найз итгэлийг итгэлээр хариулаарай, итгэлийг дааж яваарай. Монгол Улсын Ерөнхийлөгч болмогцоо үе үехэн зурагтаар гарч, цагаан сар, шинэ жилээр мэндчилгээ дэвшүүлэхээс өөрөөр үзэгдэж харагддаггүй амьгүй Ерөнхийлөгч битгий болоорой. Замын хөдөлгөөн хаагаад, маяктай хар машины цуваанд давхисан харь гаригийн Ерөнхийлөгч битгий болоорой хэмээн би чамаас гуйж байна, хүсч байна, даалгаж байна. Өглөө ажил цуглахад Энхтайваны гүүрэн дээгүүр эрээн өмдтэйгөө хөлсөө гаргаад гүйж байдаг тэр Тулгаа Ерөнхийлөгч болохдоо ч хэвээрээ үлдээрэй хэмээн Яармагийн дэнж дээр, төрсөн газар шороон дээр чинь чамд даалгаж байна.

Монголчууд эх орондоо амар амгалан, тайван сайхан амьдрахыг хүсч байна. Дарга хүн баян, ард хүн ядуу амьдрах тийм Монголыг бид хүсэхгүй байна. Монголчууд эх орондоо айдасгүй, авлигагүй, тайван сайхан аж төрдөг Азийн бар Монголд амьдрахыг хүсч байна. Ерөнхийлөгч болоод үзэгнээс чинь гарах үсэг болгон эгэл түмний төлөө байгаасай хэмээн хүсч байна. Үйлдэл болгон чинь Монгол орны ирээдүйн сайн сайхны төлөө байгаасай хэмээн хүсч байна. Олон жилийн нөхөрлөлөө бодоод чамд их зүйлийг даатгаж, итгэл үзүүлж байна. Монгол ялна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.