Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр “Блю скай”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Энэхүү уулзалтад тэргэнцэртэй, сонсголын болоод хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон 30 гаруй хүн оролцсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс гурван нэр дэвшигчид хүсэлт тавьж, урилга гаргаж, тэдэнтэй уулзахыг хүссэн аж. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга уриалгыг элэгсгээр хүлээж авч, энэ сарын 20-ны өдрөөс эхлэн бүх уулзалтуудаа дохионы хэлний орчуулагчтайгаар хийж байгаа гэдгийг тэд хэлж байсан юм.
Мөн өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээж авч уулзаж байгаад ч тэд баярлаж буйгаа илэрхийлж байлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд уриалга гаргахад ганцхан АН-ын нэр дэвшигч л тэднийг саналыг хүлээж авч, уулзаж байсан аж.
Уулзалтын эхэнд нэр дэвшигч Х.Баттулга “Монгол Улсын иргэд шинэ Ерөнхийлөгч хэн байхыг энэ сарын 26-нд шийдэх гэж байна. Ерөнхийлөгч гэдэг бол бүх ард түмнээс сонгогддог, хамгийн том албан тушаал байдаг. Харамсалтай нь хүмүүс эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэх мэтээр ярьж, хүчийг нь сулруулчихсан л болохоос. Нэгэнт л бүх ард түмнээс сонгдогдож байгаа юм бол тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг тэр хүнд ногдох ёстой гэж би боддог. УИХ-ын дарга ялсан намын гишүүдээс сонгогддог. Ерөнхий сайд ч ялгаа байхгүй. Хэн ч нам дотроо зохицуулж байгаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох боломжтой. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог гэдэг утгаараа өөр.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг дэлхий дахинд байдаг нийгмийн нэг том хэсэг. Монголд 120 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Гурван сая хүн дотор 120 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэдэг миний бодлоор тийм ч том тоо биш. Хамгийн гол нь том компаниуд, тэр дундаа уул уурхайн компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг бий болгох ёстой. Тэргэнцэртэй иргэд, хараа муутай хүмүүс гараараа юуг ч хийж чадна. Орчуулах, хувилах, ном бичих ажлыг Энэтхэгт олон сая хөгжлийн бэрхшээлтэй хүн хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил мэргэжилдээ үнэнч байдаг. Хоёрдугаарт алдаа гаргадаггүй, ажлаа хаяж явдаггүй. Энэ давуу талуудыг бид ашиглах ёстой гэж бодож явдаг. Би мөрийн хөтөлбөрийнхөө 2.5.2, 2.6.3-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр зорьж буйгаа тусгасан байгаа. Та бүхэн уншиж судлаарай” хэмээн хэллээ.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд нэр дэвшигчид дундаас Х.Баттулга ганцаараа бидний хүсэлтийг хүлээж авч, уулзаж байгаад талархаж байна хэмээн хэлж байсан юм. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, ялгаварлан гадуурхахгүй байх орчинг бүрдүүлэх хэрэгтэй байгааг сануулсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид өөрсдийг нь спортын том уралдаан тэмцээнд оролцоод, амжилт гаргаад ирэхэд эрүүл хүмүүстэй адилхан биш юм гэхэд бага ч болов шагнаж, урамшуулдаг тогтолцоо бий болгохыг захиж, энэ бүхнийг хийхийн тулд заавал Ерөнхийлөгч болохыг хүслээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэд түүнийг дэмжиж байгааг ч хэлсэн юм.
toimmedee.mn