Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Тэрбээр юуны өмнө Хан-Уул дүүргийн худалдааны төвөөр зочилж, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм. Мөн Яармаг дахь “52” худалдааны төв болон захаар зочилж, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, дэмжихийг уриалж байлаа. Түүнийг төрж өссөн Яармагийн дэнжийнхээ иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзахад бүгд дэмжихээ илэрхийлж, халуун дулаанаар угтаж авч байсан юм.
Түүнийг “52” худалдааны төвөөр зочилсны дараа сэтгэгдлийг нь сонссон юм. Нэр дэвшигч Х.Баттулгын ээж залуудаа “52” худалдааны төвийг дэлгүүр байхад нь худалдагчаар ажиллаж байсан ажээ.
Тэрбээр “Уулзалтуудын дараа болон өмнө олон худалдааны төвөөр орж байгаа. Өнөөдөр ч гэсэн хэд хэдэн худалдааны төвөөр орлоо. Ажлын өдөр болохоор хүн цөөнтэй, гүйлгээ жаахан муу байна гэж худалдаачид хэллээ. Өнөөдөр Хан-Уул дүүргийнхэнтэй уулзаж байна. Яармаг бол миний төрж, өссөн газар. “52” худалдааны төвөөр орлоо. Ээж маань “52” дэлгүүр гэж байхад нь худалдагчаар ажилладаг байсан. Бид ээжийгээ орой дэлгүүрийн хавиас тосдог хүүхдүүд байлаа. Одоо бол худалдааны төв, зах болчихсон. Сая ирээд иргэдтэй уулзлаа. Ангийнхантайгаа хүртэл тааралдлаа.
Миний бага байхад энэ хороо ийм л байсан. Яг тэр хэвээрээ л байна. Энд ирэхэд дурсамж сэргээд сайхан байдаг юм. Яармагийнхан маань ч гэсэн 100 хувь дэмжиж буйгаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
toimmedee.mn