Ц.Оюунгэрэл: Хоёр удаа дэмжиж гаргасан ардчилсан Ерөнхийлөгч маань яагаад загас шиг дуугүй сууна вэ

-Хоёр телевиз, хоёрхон сонин үнэний талд зогсч байна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн хэлсэн үгнээс онцоллоо.

Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн баянголчууд та бүхэндээ баярлалаа.

Ардчилсан нам засаг барьж байхдаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг санаачлан батлуулж, “дохионы хэл бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эх хэл мөн” хэмээн үзсэн. Тиймдээ ч манай нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзахдаа хүний эрхийг дээдлэн, дохионы хэлмэрч ажиллуулж байгаа билээ.

Ингээд гол яриандаа оръё. Хэдхэн хоногийн дараа бид төр, түмнийг толгойлох тав дахь Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Ерөнхийлөгч гэдэг шударга ёс, эв эеийн илэрхийлэл, ард түмний дуу хоолой байдаг. Харамсалтай нь, энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигчид ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэн гутааж, элдэв гүжир гүтгэлгээр бөмбөгдөж байна. Түүнчлэн, төрийн алба, шүүх цагдаа, хэвлэлийнхнийг утсан хүүхэлдэй мэт болгожээ. Өнөөдөр эрх баригчдын хууль бус үйлдэл, амлалтаасаа ухарсан бодит үнэн хийгээд төр засгаа наймаалцсан талаархи баримт мэдээ мэдээллийг хоёрхон телевиз, хоёрхон сонин олон нийтэд түгээж, үнэний талд зогсч байна. Бусад нь яав. Хагас мянгаар тоологдох бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл яагаад хэт нэг талыг барин ажиллах болов. Ардчиллаас үнэ цэнэтэй юу байдаг болоод ийнхүү хаалтын гэрээгээр амаа таглуулчихав аа. Яагаад бүгдээрээ загас шиг дуугүй сууна вэ. Хоёр удаа дэмиж гаргасан ардчилсан Ерөнхийлөгч маань юуны учир загас шиг дуугүй сууна вэ. Энэ бүхэн “60 тэрбумын” гэх хэрэгтэй шууд холбоотой. Энхболд, Сандуй, Ганбаатар гэх хүмүүс төрийн албыг бүхэлд нь худалдах тухай, хар машиныг хакердах тухай, уул уурхайн том ордуудыг гадныханд өгөх тухай ярьсан 90 минутын бичлэгтэй холбоотой. Энэ бичлэгийг эр зориг гарган олон нийтэд түгээсэн Доржзодов гэх залуугийн амь нас өнөөдөр аюулд ороод байна. Очих, хамгаалуулах газаргүйн улмаас зөвхөн цахим орчинд энэ бузар булхай авлигын сүлжээний талаар бичиж, нийтэлж байна. Миний бие ч гэсэн 60 тэрбумын хэрэгт холбогдох хүмүүсийг нэр цохон ярьж явсаар эх орноо тойрчихоод ирлээ. Үнэхээр 60 тэрбумын тухай эл бичлэг хуурамч юм бол яагаад өдий болтол Доржзодов, Оюунгэрэл гэх хүмүүс ингээд эрх чөлөөтэй явж байгаа юм. Хүн гүтгэж гүжирдсэн хэргээр эрүү үүсгэх ёстой биз дээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Нийслэлийн МАН-ын дарга Сандуй нар ч энэ тухай ам алдсан шүү дээ. Гэтэл өнөөдөр эл бичлэгтэй холбогдох хэргийг хаахыг завдаж байгаа талаар ч мэдээлэл ирлээ. Ийм л ил цагаан болчихсон юмыг харсаар байж эх орон, тусгаар тогтнолоо тавиад туучих юм гэж үү. Үгүй ээ, энэ бүхнийг сөрөн зогсч буй Баттулгыгаа дэмжье. Бид ялна, Монгол ялна.

toimmedee.mn

http://toimmedee.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.